Монголын сэтгүүл зүйд олон шинэчлэл бий болгож, мэдээллийн анхны төрөлжсөн сувгийн хувьд шинэ стандарт тогтоосон “Eagle News” телевизийн 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Үүнтэй холбогдуулан “Монгол Масс Медиа” компанийн гүйцэтгэх захирал М.Тамиртай ярилцлаа.
-“Eagle news” телевиз анхны эфирээ цацсанаас хойш 30 жил болжээ. Танд ойн баярын мэнд хүргэе.
-Баярлалаа. “Монгол Масс Медиа” ХХК-ийн томоохон бүрэлдэхүүн хэсэг болсон “Монголын медиа корпорац”-ын “Eagle news” телевизийн 30, “Үндэстний ТОЙМ” сэтгүүлийн 15 жилийн ой тохиож байгаа бол “Eagle radio 91.1” маань 10 нас хүрч байна.
“Eagle news” телевиз анх 1995 онд гаднын хөрөнгө оруулалттайгаар байгуулагдаж байсан бөгөөд Монголын хэвлэл мэдээллийн салбарт барууны сэтгүүл зүйн туршлагыг нэвтрүүлсэн. 2011 онд дотоодын хөрөнгө оруулалттай компани болох “Монгол Масс Медиа” ХХК-ийн бүрэлдэхүүн хэсэг болж, өнөөг хүртэл өргөжин томоохон үндэсний хэвлэл мэдээллийн байгууллага болж, хөгжиж ирлээ.
Медиа салбарт, ялангуяа эдийн засаг, улс төрийн хувьд тогтворгүй он цагуудад олон жилийн турш үйл ажиллагаагаа явуулж, салбартаа тэргүүлэх байр суурьтайгаар, мэргэжлийн ёс зүйгээ тууштай баримталж ирсэн. Энэ нь редакцын зөв бодлогоос гадна үйл ажиллагааны хувьд санхүү, менежментийн болон засаглалын нээлттэй, ил тод, тодорхой стандарт, зарчмыг баримталж ажилласантай холбоотой. Мөн хөрөнгө оруулагчдын тууштай дэмжлэг, оновчтой бодлоготой уялдаатай гэж хувьдаа дүгнэдэг.
-“Eagle news” мэдээний анхны төрөлжсөн суваг гэдгээрээ бусад телевизээс ондоошдог. Орчин үеийн мэдээний хэлбэр, зарчмыг сэтгүүл зүйд нэвтрүүлж чадсан шүү дээ. Энэхүү онцлогийг бүрдүүлэхийн тулд хэрхэн ажиллаж ирсэн бэ?
-Монголд хувийн, бие даасан телевизийн салбар үүсэж эхэлж байсан үед “Eagle news” телевиз байгуулагдаж, ямар нэгэн үзэл сурталжаагүй, бие даасан, иргэн төвтэй мэдээллийг үзэгчдэдээ шуурхай хүргэж ирсэн. Энэхүү онцлог, зарчмаа өнөөдрийг хүртэл алдаагүй бөгөөд энэ нь тус телевизийн үнэт зүйл болсон.
“Eagle news” телевиз нь “Монгол Масс Медиа” ХХК-ийн бүрэлдэхүүн хэсэг болсны дараа мэдээ бэлдэх, боловсруулах, үзэгчдэд ойлгомжтой, шуурхай, хүртээмжтэй хүргэх олон улсын аргачлал, формат, менежментийг нэвтрүүлэх зорилгоор “CNN” телевизийн албан ёсны хамтрагчаар ажилласан. Улмаар сэтгүүлч, ажилтнуудаа “CNN” телевизэд дадлагажуулах, сургалтад хамруулах, тус агентлагт ашиглагддаг мэдээний урсгалын менежментийг нэвтрүүлэх зэргээр ажилласан. Мөн олон улсад ашиглагддаг мэдээний телевизийн программ хангамжийг нэвтрүүлж, техникийн шинэчлэлт хийсэн нь “Eagle news” телевизийн өнөөгийн өнгө төрхийг бүрдүүлсэн.
-Цаашид үйл ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэх бодлого баримталж байгаа вэ?
-Өнөөдрийн хэвлэл, мэдээллийн салбарын өөрчлөлт нь хэрэглэгчдэд олон дэвшил авчирч байгаа хэдий ч нөгөө талаар хуурамч мэдээлэлд автах, хэт их мэдээлэлд төөрөлдөж, гол мэдээллээ авч чадахгүй байх, хүн бүр их хэмжээний өгөгдлийг боловсруулж тохиромжтой дүгнэлт хийх боломжгүй байгаа зэрэг сөрөг зүйлсийг үүсгэж байна. Тиймээс бид үзэгчдэдээ бодит эх сурвалжаас гол мэдээллийг авч, шуурхай хүргэхийн зэрэгцээ телевизийн мэргэшсэн тоймчид, салбар бүрийн мэргэжилтэн экспертүүдийн мэдээ, мэдээлэлд хийсэн шинжилгээ, судалгаа, дүгнэлт, тойм гэх мэт өөрийн гэсэн онцлог, үнэ цэн бүхий контент бүтээх ажлаа улам бүр өргөжүүлэхээр төлөвлөж байна.
Мөн мэдээ, мэдээлэл, өөрсдийн тусгайлсан контент болох судалгаа, дүгнэлт, тойм зэргийг бүх сегментийн хэрэглэгчдэдээ хүргэх зорилгоор тохиромжтой форматаар үйлдвэрлэх, бүхий л боломжтой сувгуудыг хөгжүүлж, түгээх, үйл ажиллагаандаа технологийн дэвшлийг ашиглах, сэтгүүлчдээ чадавхжуулах зэрэг олон зүйлийг төлөвлөж байна. Энэ төлөвлөгөөнийхөө дагуу шинэ программ хангамж нэвтрүүлж, техникийн шинэчлэл хийх ажлаа саяхан дууслаа.
Бид тогтвортой хөгжлийг гол чиглэл болгон редакцын бодлого, орчин үеийн санхүүгийн болон засаглалын зарчмыг ойлгомжтой, бие даан хэрэгжүүлж ирсэн. Энэ нь гаднын болон дотоодын хүндрэлтэй нөхцөлд мэргэжлийн сэтгүүл зүйн чиг шугамаа алдалгүй барьж чадахад гол түлхэц болсон тул энэхүү зарчмаа үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно.
-“Eagle news”-ийг итгэж болох эх сурвалж гэж тодорхойлдог. Өдгөө хүмүүс мэдээллийг хаанаас бол хаанаас шуурхай авч чаддаг болсон. Гэхдээ яг үнэн, зөв мэдээллийг авч чадаж байгаа юу гэдэг өөрөө асуудал болоод байгаа. Харин тэдгээр дунд “үнэн” мэдээллийг хүргэж, нийгмийн оюун санааг дархлаажуулах, хамгаалах нь энэ хамт олны нэн тэргүүний үүрэг болов уу?
-Энэ бол “Eagle news” телевизийн олон жилийн турш бий болгосон хамгийн чухал үнэт зүйл, 30 жилд бүтээсэн үнэ цэн. Үйл явдал бүрийг газар дээрээс нь, халуун цэгээс нь шуурхай бэлтгэн хүргэдэг, мэдээ, мэдээллээ үзэгчдэдээ олон талт хэлбэрээр, илүү өргөн цар хүрээтэйгээр хүргэхийн тулд телевизээс гадна “Үндэстний ТОЙМ” сэтгүүл, “Eagle.mn” сайт, “Eagle radio 91.1”, “Eagle news social” нийгмийн сүлжээний хуудас зэргээр мэдээллээ түгээдэг зэрэг нь “Eagle news” телевизийн нийтэд нөлөөлөх, нийгмийн оюун санааг дархлаажуулах, үнэний талд ойр байх зарчмаа хэрэгжүүлж байгаа хэлбэр гэж үздэг.
-Мэдээг аливаа нэг хүчнээс хараат бус, дээр нь олон талын эх сурвалжаар баталгаажсан байх ёстой гэж үздэг. Өдгөө ч бас энэ зарчим “Eagle news” дотор “амьд” хэвээрээ юу?
-Бие даасан мэргэжлийн редакцын хувьд гол зарчим энэ учраас редакцаа энэ зарчмын дагуу ажиллуулахыг зорьдог. Тухайн мэдээлэл баримттай, олон талын эх сурвалжаар баталгаажсан байх ёстой гэх үндсэн зарчмаа баримтална. Тэгж байж хурдтай, шуурхай мэдээлэл хүргэхээс гадна үнэнийг бусдад түгээж чадна.
Хувьцаа эзэмшигчид, менежментийн баг, телевизийн редакцын эрх, үүрэг тус тусдаа бөгөөд нийтлэлийн бодлогын бие даасан, хараат бус байх, нийтлэлийн бодлогод хөндлөнгөөс оролцохгүй байх зарчмыг баримталж ажилладаг.
-2015 оноос эхэлж “Eagle radio 91.1” нээгдэж, телевизийн эфирийг радиогаар шууд дамжуулах болсон. Тэр үеэс шинэ бүтцээр ажиллаж эхэлсэн шүү бас дээ. Энэ талаар дурдахгүй өнгөрч болохгүй санагдана?
-Хүмүүс мэдээллийг аль болох түргэн шуурхай, олон талын сувгаар хүлээж авах эрэлт хэрэгцээ үүссэн. Цаашлаад замын түгжрэлд ч иргэд өгөөжтэй мэдээ мэдээллийг сонсож, бие даан хөгжихийг эрмэлзэх болсон. Тиймээс бид мэдээллийн бүх төрлийн сувгийг хөгжүүлж, мэдээ, мэдээллээ түгээхийг зорьж байгаа бөгөөд үүний нэг хэлбэр нь радио. Манай радио өөрийн гэсэн хөтөлбөртэй. Мөн мэдээллийг шууд дамжуулахаас гадна сэтгүүлчид маань өөрсдийн онцлог бүхий подкастуудтай. Одоогоор долоо хоног тогтвортой үйл ажиллагаагаа явуулдаг “Үндэстний ТОЙМ” сэтгүүлийн подкаст сонсогчдын талархлыг хүлээгээд байгаа.
-Ажаад байхад нийтийн эрх ашиг хаана зөрчигдөж байна, тэр зүг рүү нийтлэлийн бодлогоо түлхүү чиглүүлж ирсэн юм билээ ?
-Манайх хэдийгээр мэдээний дагнасан суваг ч гэсэн телевиз бүхэнд өөрсдийн гэсэн онцлог чанар байдаг. “Eagle news”-ийн хувьд тэр чанар нь илүү иргэн төвтэй телевиз гэж хэлж болно. Энэ нь иргэдийн дуу хоолойг сонсож, тэдэнд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг олгож ирсэн. Эргээд олон нийт бидэнд хандах хөшүүрэг нь ч тэр болдог. Мэдээж иргэн төвтэй байхаас гадна үйл явдлыг газар дээрээс нь олон талын байр суурьтайгаар тэнцвэртэй хүргэхийг зорьж ирсэн. Энэ бол сэтгүүл зүйн үндсэн чиг шугам. “Eagle” ийн хамт олон энэ чиг шугамаа урьтал болгож, нэн тэргүүнд баримталсаар ирсэн.
-“Eagle”-ийн түүхийг бүтээсэн жинхэнэ эзэд нь хэн бэ?
-Нэн түрүүнд үзэгчид. Үзэгчид бидэнд итгэдэг, үе үеийн “Eagle”-ийн ажилтнууд ч тэр итгэлийг алдахгүйн тулд өдөр бүр зүтгэсэн. 30 жилийн турш хүч хөдөлмөр, итгэл зүтгэлээ дайчилж ажилласан хэн бүхэн энэ медиагийн түүхийг бичсэн, бүтээсэн эзэд нь мөн. Дэмжсэн, тусалсан, цаг үеийн ямар ч шуурга тохиосон хөл дээрээ бат нот зогсох боломжийг олгосон хүмүүс ч ялгаагүй “Eagle”-ийн түүхийг бүтээсэн. Харин “Eagle” өөрөө Монгол Улсад чөлөөт, ардчилсан телевиз бий болсон түүхийг тодорхойлно. Энэ медиатай хувь заяагаа холбосон бүх хамт олон, үзэгчдэдээ 30 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.

