"Nikon" компаниас зохион байгуулдаг уламжлалт уралдааны сүүлчийн шатанд шалгарсан гэрэл зургуудаас толилуулж байна. Ялагчийг арванхоёрдугаар сарын 9-нд зарлах юм.

Массимо Феличи: Танзани улсын Серенгети үндэсний цэцэрлэгт хүрээлэнд фото аялал хийж явахдаа бид энэ хос арсланг дагасан юм. Удалгүй аадар бороо орох агаад уур амьсгал нэг л жигтэй болох нь тэр. Бороонд норох үеэр хөөрхөн дүрийг нь буулгаж чадсан ч эрэгчин нь тоомжиргүйхэн норсон зогдороо сэгсэрч байв.

Майкл Лэйн: Стеллерийн тэнгисийн бүргэдүүд дэлхийд хамгийн их жинтэй нь. Нас бие гүйцсэн бүргэд 9 кг жинтэй, далавч нь дэлгэгдээд 2.5 метр хүртэл урттай болдог. Эдгээр сүрлэг шувуудыг Оросын хойд нутгаар, Японы хойд хэсэгт болон Солонгост харж болно. Ойролцоогоор 4500 бүргэд үлдсэн үздэг.

Өвлийн улиралд эдгээр аваргуудын зургийг авах хамгийн шилдэг газар бол Японы хойд Хоккайдо арал юм. Тэнд агаарын температур тогтмол -18°C хүрдэг. Раусу хотын ойролцоо зайрмагтсан мөсөн дундуур завиар аялж байх үеэр энэ зургийг буулгасан. 

Стефан Круйсбергс: Хэдэн жилийн өмнө улаан хэрмүүдээрээ алдартай ойн ойролцоо энгийн модон сууц түрээслэсэн юм. Тэр үеэр хэрмийн зураг авах санаа төрж, олон удаагийн бүтэлгүй оролдлогын эцэст хэд хэдэн хөгжилтэй, хөөрхөн агшинг буулгаж чадсан билээ.

Харамсалтай нь, ой хусны мөөгөнцөрт нэрвэгдсэн тул ихэнх модыг тайрсан. Энэ хөөрхөн хэрэм агаарт гараа дэлгэн, бүх зүйлд бууж өгч буй мэт харагдсан. 

Андрей Гильёв: Багш лемур гараа дээр өргөн, бүх дэлхийг тэвэрч буй мэт хөдөлж, төгс урам зоригийг харуулж байна. Харин сурагч лемур өглөөний цайнаас өмнө гэгээрэлд хүрэхийн тулд хүчин чармайлт үнэхээр хэрэгтэй эсэхийг тунгаан бодож сууна. Уян хатан байдал? Заавал биш. Драматик үзүүлбэр? Заавал!

Жессика Эмметт: Би хөдөлгөөний бэрхшээлтэй тул амьтны гэрэл зураг авахдаа ихэвчлэн скүүтер ашигладаг. Сингапурын Бишан-Анг Мо Кио паркт нэгэн үүлэрхэг өглөө тулалдаж буй хоёр гүрвэлийг анзаарсан. Төв замтай ойр тулалдах амьтад хүмүүс алхаж, гүйж, дугуй унаж эсвэл утсаараа бичлэг хийж буйг огт анзааралгүй тайван байсан юм. Үзэж байгаа хүнээс тулалдаан нь удаан хөдөлгөөнтэй ч хүч чадлын туйлын ширүүн тэмцэл мэт л санагдсан. Яг л хүч тэнцүү гар барилдаан шиг.

Ларс Бейган: Хаврын сард би төрөлх Бавари хотынхоо ойролцоо зэрлэг амьтдын гэрэл зургийг авах даалгавар авсан билээ. Цөөрмийн эрэгт өглөөгүүр маш хүйтэн байх агаад амьсгал агаарт ил харагдана. Нар мандах мөчид хашаан дээр нэгэн зэрлэг нугас нургин байгааг би анзаарсан юм. Аль болох хурдан камерын товчоо дарж, хошуунаас нь гарч буй амьсгалыг буулгахыг хичээв. Тэр мөчид нугас яг л өглөөний цэнгэг агаарт тамхилж зогсоо мэт харагдсан.

Жон Спирс: Энэ зургийг маш уйтгартай бүрхэг өдөр авсан. Үүлэн чөлөөний нар тусахад далайн мандал дээр хөвөх нугас амар амгалангийн дүрийг олсон мэт харагдана. 

Кристи Гринтон: Канадын Виктория хотын төвд орших цэцэрлэгт хүрээлэнгээр алхаж явтал бяцхан саарал зүйл өнхрөх нь тэр. Илүү сайн ажиглавал эх зараа бөөдийнүүдээ шинэ үүрэнд аажуухан нүүлгэж байгаа аж. Тэр өглөө шүүдэр буусан байсан тул зарааны үс нэлээн чийгтэй байлаа. Шинэ үүрэндээ очиход нэгэнт үс нь сэгсийжээ. Шөнө үсээ угааж хоноод өглөө сэрэхэд яг л ийм мэдрэмж төрдөг шүү дээ.

Марк Мэт-Кон: Энэ зургийг оны эхээр Руандад аялж байхдаа авсан. Вирунга уулсын манан дундуур гориллын сүрэг хайсан дөрвөн өдрийн аяллын эцэст  бид ойн цоорхойд цугласан том овог олсон. Томчууд нь тайван хооллож байхад багачууд хөгжилдөн тоглож байлаа. Залуу эрэгчин горилл тоглолтоо онцгой гайхуулан эргэлдэх, өнхрөх, хөлөө өндөрт өргөн алхах зэрэг акробатын ур чадвараа үзүүлж байв. Түүний тоглолтыг харах нь үнэхээр аз жаргалтай байлаа.

Б.Оюунхорол