“Шахмал түлш авна, зарна гэх зараар нэг хоногийн дотор 12 иргэн залилуулжээ”, “үзмэрч, зурхайч хийнэ гэх худал мэдээлэл түгээж иргэдээс 800 сая төгрөг залилсан байна”, “гадаадын уурхайгаас авчирсан чулууг угааж, дотроос нь үнэт эдлэл гаргах нэрийдлээр иргэдийг залилжээ”

Гэхчлэн залилан мэхлэх гэмт хэрэгтэй холбоотой мэдээ, нийтлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр өдөр алгасахгүй цацагдах болов. “Газраас чулуу аваад шидэхэд залилуулсан хүний эсвэл залилагчийн толгойг онохоор болсон цаг” гэх ёжлол ч ортой санагдана. Хэдхэн жилийн өмнө энэ төрлийн гэмт хэрэг нь хохирогч, сэжигтэн хоёр бие биеэ тодорхой хэмжээнд мэддэг, эд хөрөнгийн болон санхүүгийн харилцаа үүсгэх хэмжээний итгэлцэл бий болсон үед үйлдэгддэг онцлогтой байв. Харин сүүлийн жилүүдэд залилагчдын арга улам чамбайрч, олонх нь огт танихгүй, зүс мэдэхгүй нэгнийг онилж, хохироодог болжээ. Энэ хэрээр залилуулж, эд хөрөнгө, сэтгэл зүйгээрээ хохирсон иргэдийн тоо хэдэн мянгаар тоологдож, мэхлүүлж алдсан хөрөнгө зуу, зуун тэрбумаар хэмжигддэг болов. Ядуурлын түвшин 30 орчим хувьтай, иргэдийн 70 гаруй хувь нь хэрэглээний зээлтэй, олонх өрх гурван сарын тогтмол орлого нь тасалдахад амьдралын түвшин огцом буурах эрсдэлт нөхцөлд амьдардаг манай улсад залилан мэхлэх гэмт хэргийн хохирлын хэмжээ зуу, зуун тэрбумаар хэмжигдэж байна.

Хоногт 30 гэмт хэрэг

Санхүүгийн залилан манайд сүүлийн 10 жил тахал мэт хурдацтай тархаж байна. Цагдаагийн байгууллагад өдөрт энэ төрлийн 15-30 тохиолдол тогтмол бүртгэгддэг бөгөөд таван гэмт хэрэг тутмын нэг нь залилан байгаа аж. Тоо сөхвөл, энэ оны эхний 10 сарын байдлаар 14 мянга орчим залилан мэхлэх гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь нийт гэмт хэргийн 35 хувь бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4000 орчмоор өссөн дүн юм. Эдгээрийн 80 гаруй хувь нь цахим орчинд үйлдэгдэж буй. 2015 онд манай улсад цахим залилантай холбоотой 17 хэрэг бүртгэгдэж байжээ. Харин 2025 оны эхний 10 сарын байдлаар тус тоо 10 мянгад хүрээд байна. Залилан гаарахын хэрээр энэ бохир зах зээл дээр эргэлдэх дүн ч нэмэгдэж буй. ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Өсөхбаярын өгсөн мэдээллээр, залилан мэхлэх гэмт хэргийн улмаас 2023 онд 663 тэрбум төгрөгийн хохирол, 2024 онд нэг их наяд 28 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Нэг их наяд 28 тэрбум төгрөг гэдэг 10 мянган айлын дундаж үнэлгээтэй орон сууцыг барих, цөөнгүй сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгыг барьж ашиглалтад оруулах, олон мянган жижиг, дунд үйлдвэрлэлийг эхлүүлж, маш олон хүнийг ажлын байраар хангах боломжтой мөнгөн дүн. Ийм хэмжээний мөнгийг бид залилагчдын идэш болгосоор байна. Хамгийн харамсалтай нь, нэг хэсэг нь өр зээл тавьж, нөгөө нь хэсэг нь өргөө, гэрээ зарж, барж, унадаг, эдэлдгээ үрж, тарж энэ мөнгийг босгож бас алдаж байгаа. Мөн хүмүүс залиланд зөвхөн мөнгө л алддаггүй. Бүтэн бүл салж, бүх амьдрал нурж, эрүүл мэнд, сэтгэл санаа, хүн хоорондын итгэлцэл зэрэг олон үнэт зүйл алдсан мөнгөтэйгөө хамт арилдаг.

Зүс хувирч буй мэх

Сүлжээний луйвар, орон сууцны залилан, цахим худалдаа зэргээр хязгаарлагдаж байсан залилангийн төрөл зүйл эрс нэмэгджээ. Мэргэжлийн байгууллагын үзэж байгаагаар манай улсад одоогоор долоон бүлгийн 11 төрлийн залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэгдэж байгаа аж. Цахим, романс, өв залгамжлалын, хандивын, хакер, койн, крипто валют, сугалаа, визийн, нийгмийн халамж, өмчлөх эрхийн гэхчлэн хөвөрнө. Эдгээрийн дотроос дараах төрлийн цахим залилан хамгийн түгээмэл үйлдэгддэг байна.

Интернэт орчинд харилцаа тогтоож, хүний итгэлийг олж аваад түүнийгээ ашиглан залилангийн гэмт хэрэг үйлдэхийг романс залилан гэж тодорхойлоод буй. Энэ төрлийн гэмт хэрэгт ихэвчлэн ахимаг насныхан өртдөг бөгөөд хохирлын хэмжээ нь шаггүй тоологдоно. Дараагийнх нь зээл олгох нэрээр иргэдийг мэхлэх. Маш бага хүүтэй барьцаагүй, баталгаатай зээл олгоно гэх агуулгатай мэдээ, мэдээллийг иргэдэд тараагаад, холбогдсон иргэдээс зээлийн шимтгэл нэрээр мөнгө авдаг байна. Банкны нэр барьцаалах луйвар ч гаарчээ. Хүмүүс рүү банкнаас холбогдож байна гэх агуулгаар яриад, хувийн мэдээллийг нь авна. Улмаар банкны апп руу нь нэвтэрч, дансан дахь мөнгийг нь шавхдаг аж. Та азтан боллоо, сугалаанд хожлоо гэх агуулгаар иргэдтэй холбогдож, хожсон үнийн дүнгийнх нь 10 хувийг авах, бусдын цахим хаягийг хакердаж нэвтрээд ойр, тойрныхноос нь мөнгө цуглуулах, бусдын зураг, мэдээллийг ашиглан хандив цуглуулах зэрэг гэмт хэрэг хамгийн түгээмэл үйлдэгддэг байна.

Шалтгаан ба шалтаг

Яагаад сүүлийн 10 жил энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдсэн нь хариулт эрэх өнцөг.

2015 оноос хойш залилангийн гэмт хэргийн тоо тасралтгүй нэмэгдсэн бол өөр төрлийн гэмт хэрэг, зөрчлийн тоо буурсаар байжээ. Энэ бол хулгай. Өмсөж явсан булган малгайг нь шүүрээд зугтаадаг, үүрч байсан цүнхийг нь зүсээд ухчихдаг, үнэтэй, цэнтэйг үзэж чадахгүй суйлдаг нөхөд цагийн эрхээр цөөрсөн байна. Ялангуяа, цар тахал дэгдэж, хөл хорио тогтоосон 2020 оноос хойш хулгай эрс цөөрч, харин залилан цэцэглэжээ. Нэг талдаа хүмүүс бэлэн мөнгө ашиглахаа больж, гар утаснуудыг эзнээс нь өөр этгээд ашиглах боломжгүй болсон зэрэгтэй холбоотой байж болох юм. Нөгөө талдаа, цар тахлын он жилүүдэд буруу гараар мөнгө олж дадсан бүлэг нөхдийн орлого тасалдаж, дэлгэцийн цаанаас бусдын эд хөрөнгийг суйлах мэх сэдсэн ч байж болзошгүй. Тоо сөхвөл, хөл хорионы өмнө буюу 2018 онд хулгайлах гэмт хэрэг улсын хэмжээнд 12 мянга бүртгэгдэж байсан бол таван мянга гаруй залилан мэхлэх гэмт хэрэг гарчээ. Харин өнгөрсөн жил хулгайлах гэмт хэрэг 7 000 бүртгэгдсэн бол залилан 15 мянгад хүрсэн байна.

Мэдээж залилах гэмт хэргийн тоо, тохиолдол нэмэгдсэн цор ганц шалтгаан дээрх биш. Дотоод хэргийн их сургуулиас гаргасан “Залилах гэмт хэргийн шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт судалгаанд энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдэж байгаа үндсэн гурван шалтгааныг тодорхойлсон байна. Судлаачдын үзэж буйгаар, нэгдүгээрт, хууль эрх зүйн өөрчлөлт. 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар цагдаагийн байгууллага иргэнээс гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авч 19 хоногт шалгаад гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдсон тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулдаг байсан аж. Харин 2020 онд шинэчлэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд гэмт хэргийн шинжтэй, гомдол, мэдээллийг шалгах хугацаа тав хоног болж өөрчлөгджээ. Ингэснээр шууд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж байгаа нь гэмт хэргийн тоо өсөхөд тодорхой нөлөө үзүүлсэн байна.

Мөн өмнөх хуульд “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах” гэмт хэргийн хувьд хохирлын доод хязгаарыг зааж хэрэг үүсгэх эсэхээ шийддэг байжээ. Харин одоо хохирлын хэмжээ заагаагүй, залилах гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн, бусдад хохирол учруулсан л бол гэмт хэрэг үйлдсэн гэж үздэг болсон байна.

Өөр нэг шалтгаан нь, гэмт үйлдлийн төрөл зүйл нэмэгдэж байгаа явдал. Өмнө өгүүлсэнчлэн залилан мэхлэх гэмт хэргийн төрөл, хэлбэр өдөр, өдрөөр хувирч, нэмэгдсээр байгаа юм. Сүүлийн шалтгаан нь маш ноцтой. Хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах, түрээслэх, түрээслүүлэх, арилжих, өндөр хүүтэй мөнгө зээлэх нэрээр гэрээ байгуулж, хохирогчийн эд хөрөнгийн эзэмших, өмчлөх эрхийг шилжүүлэн авсан гэмт хэрэг цагдаагийн байгууллагад цөөнгүй бүртгэгддэг байна. Ингэхдээ залилагчид өөрсдийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй, иргэний эрх зүйн харилцааны явцад үүссэн гэрээний маргаантай асуудал болгож харагдуулах зорилгоор нотариатаар батлуулж, хууль зүйн хувьд хүчин төгөлдөр акт үйлддэг аж. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн процесс удаан, шүүхийн тэмдэгтийн хураамж төлдөг зэргээс шалтгаалж, иргэд энэ төрлийн хэргийг шууд цагдаад бүртгүүлэх тохиолдол түгээмэл аж.

Манайд залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах хуулийн хариуцлага харьцангүй хөнгөн. Энэ нь ч дээрх төрлийн гэмт хэрэг өсөх нэг шалтгаан болдог байна.

Тодруулбал, 2018-2021 онд 18512 удаагийн залилах хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Мөн хугацаанд 558 иргэнийг хорих ялаар шийтгэжээ. 2021 оноос хойш уг хэргийн гаралт гаарсан ч ШШГЕГ-ын харьяа хорих ангиудад залилангийн хэргээр 300 гаруй иргэн хорих ял эдэлж байна.

Эрх зүйн зохицуулалт

Манай гэмт улсад залилан мэхлэх хэргийг Эрүүгийн хуулиар зохицуулдаг.

“Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”

Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл

Мөн албан тушаалын байдлаа ашигласан, бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг байна. Харин байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон болон олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдсэн, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг аж.

Залилан мэхлэх гэмт хэрэг дан ганц манайд гаарч байгаа бус олон улсад ч энэ асуудал анхаарал хандуулах хэмжээнд хүрчээ. Өнгөрсөн онд Мета компани цахим залилан, хориотой барааны сурталчилгаанаас жилийн нийт орлогынхоо 10 орчим хувийг бүрдүүлсэн байна. Тодруулбал, 16 тэрбум ам.долларын сурталчилгааны орлого хориотой зах зээлээс төвлөрчээ.

Үүний улмаас дэлхийн ихэнх улс цахим гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлд дорвитой анхаарч байна. Тухайлбал, Сингапурт залилан мэхлэх гэмт хэргийн эрсдэлт нөхцөлд байгаа иргэдийн хувийн данс, банкны картны гүйлгээг хязгаарлах зохицуулалтыг хуульчилсан байна. Австралид мөн энэ оноос банк, телеком, цахим платформуудтай хамтарч залилагчидтай тэмцэх, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчин бий болжээ. Энэ мэт дэлхийн хэд хэдэн орон цахим залилантай тэмцэх тусгайлсан хуулийн хүрээнд тэмцэж байна.

Алдсанаа олддоггүй зовлон

Залилан мэхлэх гэмт хэргийн хамгийн чухал агуулга бол хохирол нөхөн төлүүлэх.

Харамсалтай нь, манай улсад залиланд мөнгө, хөрөнгөө алдсан иргэдийн дийлэнх нь хохирлоо барагдуулж чаддаггүй. Тоо сөхвөл, залилангийн улмаас 2023 онд 668 тэрбум төгрөгийн хохирол учирсан бол 363 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлжээ. Харин өнгөрсөн жил хохирлын хэмжээ 1 их наяд 28 тэрбум төгрөг болж өссөн бол нөхөн төрүүлсэн мөнгөн дүн 472 тэрбум төгрөг болсон байна. Эндээс мөнгөө залилуулсан иргэдийн 50 хүрэхгүй хувь нь алдсан хөрөнгөө эргүүлж олдог болохыг харж болохоор байна.

Таван жилийн өмнө орон сууцны залиланд 80 сая төгрөгөө алдсан. Мөнгөө өгснөөс хойш хагас жилийн дараа залилан гэдгийг нь мэдсэн. Тэр даруй цагдаад өгсөн. Хохирогчид нь 100 гаруй, хохирлын хэмжээ нь 10 гаруй тэрбум. Энэ төрлийн гэмт хэргийг хянах, шалгах явц маш удаан юм билээ. Хэдхэн сарын өмнө л гэмт хэрэгтнүүдэд ял оноосон. Гурван хүн 3-6 жилийн хорих ял сонссон. Хамгийн хэцүү нь хохирогчдын хохирлыг хэрхэн барагдуулах нь одоо ч тодорхойгүй байгаа. Битүүмжилсэн хөрөнгөнөөс нь нийт хохирогчдод хоёр, хоёр сая төгрөг олдож магадгүй гэх сураг дуулдаад л таг, чиг болчихсон. Ер нь мөнгө барагдуулах, ядаж тал хувийг нь олж авах ч боломжгүй юм шиг байна лээ.

Нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж

Ажилгүйдэл, ядуурал=залилан

Ямар хүмүүс залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж, гэмт хэргийн замаар амьдрал, амьжиргаагаа сайжруулах сэдэл, санаа агуулж байгаа нь чухал өнцөг. Дотоод хэргийн их сургуулиас гаргасан “Залилах гэмт хэргийн шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт судалгаанд өгүүлснээр, залилагчдын 60 гаруй хувь нь эрэгтэй, 40 гаруй хувь нь эмэгтэй байна. Мөн насны хувьд олонх нь залуу. Тодруулбал, 60 гаруй хувийг нь 18-34 насныхан бүрдүүлж байгаа бол 40-70 насныхан тодорхой хэсгийг эзэлжээ. Тун сонирхолтой, ихэнх залилагч үйлдлээ давтдаг бөгөөд хамгийн ихдээ 300 хүртэлх удаа залилан, мэхлэх гэмт хэргийг давтан үйлдсэн нь тогтоогджээ. Ид, идэвхтэй хөдөлмөрлөх насныхан хөдөлмөр эрхлэхээс илүүтэй амар хялбар аргаар, бусдыг хууран мэхэлж мөнгө олох сонирхолтой байгаа нь харамсалтай. Залилах гэмт хэрэг үйлдэгчдийн нийгмийн байдлыг судалж үзэхэд 45 орчим хувь нь тусгай дундаас дээш боловсролтой, 60 орчим хувь нь ажилгүй, 50 хувь нь 30-45 насны хүмүүс үйлджээ. Энэ нь ахуйн хүрээнд үйлдэгдэж байгаа залилах гэмт хэргийн нийтлэг дүр зураг бөгөөд ажилгүйдэл энэ төрлийн гэмт хэрэгт тодорхой нөлөө үзүүлж байна.

Цөөнгүй иргэн залиланд мөнгөө алдаж байгаа нь ч ядуурал гүнзгийрсэн, хүн амын боловсролын түвшин доогуур, ажилгүйдэл өндөр, иргэд нь санхүүгийн сахилга сул байгаатай шууд холбоотой.

Монголбанкнаас санхүүгийн залилан, нийгэм, эдийн засгийн хүчин зүйлсийг өнгөрсөн онд судалсан байна. Ингэхэд боловсролын түвшинг 10 хувиар нэмэгдүүлэхэд залилах гэмт хэргийн хувь хэмжээ 3.1 хувиар буурдаг нь тогтоогджээ.

Монголбанкны олон нийт санхүүгийн боловсролын төвийн захирал Б.Одонтунгалаг

Монголбанкны 2024 онд хийсэн судалгаагаар, иргэдийн боловсролын түвшинг 10 хувиар нэмэгдүүлэхэд залилах гэмт хэргийн гаралт 3.1 хувиар буурдаг гэсэн дүгнэлт гарсан. Өөрөөр хэлбэл, боловсролын түвшин өсөх тусам хүмүүсийн мэдээлэл нягтлах чадвар, санхүүгийн хариуцлага нэмэгдэж, залиланд өртөх эрсдэл буурдаг байна. Мөн судалгаагаар ядуурал, инфляц, ажилгүйдэл, интернэт хэрэглээний өсөлт зэрэг хүчин зүйлүүд нь залилангийн гэмт хэргийн түвшинд шууд нөлөөлдөг болохыг тогтоосон. Амьжиргааны түвшин буурах, үнэ өсөх, орлого тасалдах үед иргэд хялбар ашиг олох амлалт, урамшуулал, сугалаанд итгэх хандлага нэмэгддэг нь гэмт этгээдүүдэд боломж олгодог. Иймд макро эдийн засгийн тогтвортой байдал, иргэдийн санхүүгийн мэдлэг, мэдээлэл нягтлах чадвар нь цахим залилангийн эсрэг хамгаалалтын хамгийн чухал хүчин зүйл юм. Эдийн засаг тогтвортой, иргэдийн боловсрол, ажил эрхлэлтийн түвшин өндөр байх нь залилах гэмт хэргийн тархалтыг бууруулах гол нөхцөл болдог байна.

Залилан мэхлэх гэмт хэрэг цэцэглэх нь иргэдэд төдийгүй улс оронд халтай. Тиймээс уг асуудлыг цэгцэлж, залилантай тэмцэх, энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох зайлшгүй шаардлагатай байна. Гэвч манайх энэ төрлийн гэмт хэрэгтэй лоозон маягаар тэмцэж байна. Өнгөрсөн хугацаанд Цагдаагийн ерөнхий газар, Монголын банкны холбоо бусад арилжааны банктай хамтран хэд хэдэн удаагийн нөлөөллийн аян зохион байгуулсан. Тодруулбал, 2019 онд “Ятгах тусам нягтал”, 2020 онд “Нягтлах тусам аюулгүй”, “Ятгах тусам нягтал-2”, 2021 онд “Ятгах тусам нягтал-2021”, 2022 онд “Unsend–Бүү шилжүүл”, 2023 онд “Цахим зөвлөмж” зэрэг нийт зургаан удаагийн аяныг улс орон даяар зохион байгуулжээ. Одоо ч “Дансаа бүү ашиглуул” гэх нөлөөллийн аян үргэлжилж буй. Гэвч өнгөрсөн хугацаанд залилан, луйварт өртөж хохирох тасралтгүй нэмэгдэж байна. Энэ нь дээрх төрлийн гэмт хэргийн тоо, тохиолдол уриалга, сануулгаар хязгаарлагдах боломжгүй болсны илрэл юм.

Эцэст нь, өгүүлэхэд амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн хүмүүсийн хандлага ч залилагчдыг өөгшүүлж байгааг мартаж болохгүй. Үнэгүй бяслаг зөвхөн хавханд л байдаг юм.