
Балбын шерпа хөтөч дахин түүх бүтээж, дэлхийн хамгийн өндөр оргил болох Эверестэд 32 дахь удаагаа амжилттай гарснаар өөрийн тогтоосон дэлхийн дээд амжилтыг ахин шинэчиллээ.
56 настай Ками Рита Шерпа ням гарагт “14 Peaks Expedition” компанийн үйлчлүүлэгчдийг удирдан авирах үеэрээ далайн түвшнээс дээш 8,849 метр (29,032 фут) өндөр оргилд амжилттай хүрсэн байна.
Ками Рита нь Солухумбу дүүргийн Тхаме тосгонд төрсөн бөгөөд энэ нь Тэнзин Норгайн төрсөн нутаг юм.
Балбын Аялал жуулчлалын газар ахмад уулчныг “түүхэн амжилт” гаргасан хэмээн магтаж, уулын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлжээ.
Авиралт орон нутгийн цагаар өглөөний 10:12 цагт (GMT 04:27) амжилттай дууссан байна.
Мөн 52 настай шерпа эмэгтэй Лакпа дэлхийн хамгийн өндөр оргилд 11 дэх удаагаа гарч, эмэгтэйчүүдийн дундах хамгийн олон удаагийн авиралтын дээд амжилтыг тогтоолоо.
Ками Рита 1994 онд анх Эверестэд авирсан бөгөөд 2014, 2015 болон 2020 онуудаас бусад жил бүр оргилд гарчээ. Эдгээр жилүүдэд янз бүрийн шалтгаанаар Эверестийн экспедицүүд хаагдсан байсан юм. Тэрээр зарим жилүүдэд нэг улиралд хоёр удаа оргилд хүрч байжээ. Ками Рита жил бүр Эверестийн оргилд гарахыг зорьдог гадаадын уулчдын аюулгүй байдал, амжилтад чухал үүрэгтэй олон шерпа хөтөчийн нэг юм.
Түүний аав нь анхны шерпа уулын хөтөч нарын нэг байсан аж.
Ками Рита Эверестээс гадна дэлхийн хамгийн өндөр оргилуудын тоонд багтдаг K2, Чо Оюу, Манаслу, Лхоцэ зэрэг уулсад мөн амжилттай авирч байжээ.
Тэнзин Норгай болон Сэр Эдмунд Хиллари нар анх Эверестэд гарснаас хойш 8000 гаруй хүн тус оргилд авирснаас олонх нь хэд хэдэн удаа оргилд хүрчээ.
Шерпа бус уулчдын дунд дээд амжилтыг Британийн хөтөч Кентон Күүл эзэмшдэг бөгөөд тэрээр Эверестэд 19 удаа гарчээ. Түүний араас Америкийн уулчид Дэйв Хан, Гаррет Мадисон нар тус бүр 15 удаагийн авиралтаар бичигдэж байна.
Кентон Күүл, Гаррет Мэдисон нар одоогоор Эверестэд байгаа бөгөөд өөрсдийн амжилтыг ахиулахаар зорьж байгаа аж.
Гадаадын уулчдыг Эверест болон бусад оргилуудад хөтлөн авирах ажил нь Эверест байрладаг Солухумбу дүүргийн уугуул оршин суугч шерпа нарын олон гэр бүлийн орлогын хамгийн чухал эх үүсвэрүүдийн нэг болдог.