
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулах тогтоол батлав. Сонсголыг энэ сарын 23-нд явуулах бөгөөд Б.Жавхлан гишүүн удирдан явуулахаар боллоо.
Монголбанк 2023 оны арванхоёрдугаар сараас хойш тэргүүн дэд ерөнхийлөгчгүй ажиллаж байна. Энэхүү албан тушаалд хамгийн сүүлд ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан С.Ганбямбын хүү Г.Дөлгөөн 2024 оны сонгуульд өрсөлдөх зорилгоор өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг УИХ 2023 оны арванхоёрдугаар сарын 20-нд дэмжиж чөлөөлсөн юм. Түүнээс хойш Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийн шинээр томилохгүй байсаар өнөөдрийг хүрлээ.
Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулах тогтоол батлагдсантай холбогдуулан энэхүү албан тушаалд УИХ-ын дарга асан М.Энхболдын хүү Э.Анарыг томилно гэсэн мэдээлэл гарч эхэллээ. Э.Анар нь одоо Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирлаар ажиллаж байгаа юм.