Хангайн нурууны араас усжих Орхон, Идэр, Урдтамир, Хойдтамир болон Хангайн нурууны өврөөс эхтэй Байдраг, Түйн, Таац, Онги зэрэг голын усны түвшин өмнөх өдрөөс 20-120 см-ээр өссөн байна. Ихэнх гол, мөрөн олон жилийн дундаж түвшинг 5-60 см давчээ. Тодруулбал, Орхон, Хөгшин орхон гол Хархорин сум, Байдраг гол Баянбүрд орчим үерийн түвшинг 5-10 см даван үерлэжээ. Мөн Орхон гол Бат-Өлзий сум, Таац гол Нарийнтээл сум орчимд үерийн аюултай түвшинг 1-5 см даван үерлэж, олон жилийн дунджаас өндөр гарлаа. Иймээс иргэдийг орон нутагт аялахдаа үер, усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулж байна.
Цагдаагийн байгууллагаас иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, үер, гол усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд эрчимжүүлэн ажиллаж байна.
Гол, усны осол нь иргэдийн анхаарал, болгоомжгүй үйлдлээс их болж байгааг анхааруулж байна. Мөн бага насны хүүхдийг хараа, хяналтгүй орхисон зэрэг нийтлэг шалтгаанаас үүдэж байгаа тул иргэд сонор, сэрэмжээ дээшлүүлэхийг цагдаагийн байгууллагааас сэрэмжлүүлсээр байна. Наадмын баярын амралт эхэлсэн энэ үед бага насны хүүхдийг хараа хяналтгүй голын эрэг дагуу тоглуулахгүй, зориулалтын бус хийлдэг завь ашиглахгүй байх, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөхийг албаныхан анхааруулж, байнгын хяналт шалгалтыг хийж байна.
Энэ оны эхний долоон сарын байдлаар 37 хүн гол усанд эндсэний 10 нь насанд хүрээгүй хүүхэд амиа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгдлээ. Харин 2024 онд улсын хэмжээнд 102 хүн гол усанд живж амиа алдсаны 17 нь насанд хүрээгүй хүүхэд байжээ.