Ерөнхий сайд Г.Занданшатар Дулааны цахилгаан станцын III ТӨХК-д ажиллаж, тус станцын нөхцөл байдалтай танилцлаа. Үнэ нэмж иргэдийн нуруунд ачаа үүрүүлэхийг урьтал болгох биш өртөг зардлаа бууруулах замаар үр ашгаа нэмэгдүүлж ажиллах боломжийг эрэлхийлэх ёстой гэж Ерөнхий сайд байр сууриа илэрхийлэв. Тийм учраас эрчим хүчний салбарын үр ашиггүй өртөг зардлыг бууруулах төлөвлөгөөг танилцуулах хугацаатай үүргийг тус салбарын удирдлагуудад өглөө. 

Өнгөрсөн зургаадугаар сарын 02-нд  50 МВт-ын өндөр даралтын станцад осол гарч, үйлдвэрлэлийн барилга галд өртөж, есдүгээр турбогенератор ажиллагаагүй болсон. Ослын улмаас үүссэн уршиг, үр дагаврыг арилгах, хэвийн горимд шилжүүлэх хүрээнд гурван багц арга хэмжээ авч байгааг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Н.Тавихбэх нар танилцууллаа. 

Галд өртсөн барилгыг буулгаж, шинээр барих ажлыг энэ сарын 25-нд эхлүүлж, ирэх арваннэгдүгээр сарын нэгэнд дуусгахаар төлөвлөжээ.

Мөн дулаан үйлдвэрлэлийг тасалдуулахгүйн тулд дулаан үйлдвэрлэх системийн горимыг энэ оны аравдугаар багтаан өөрчилнө. Ерөнхий суурь ажлууд хийгдэж дууссан. Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хэлцэл хийж байна. 

Ирэх жилийн арванэгдүгээр сараас өмнө долоо ба есдүгээр турбогенераторыг шинэчилнэ. Шинэчлэлд зарцуулах эхний төсвийг төсвийн тодотголд суулгасан. Үлдсэн төсвийг ирэх оны төсөвт суулгана. Есдүгээр турбогенераторыг БНХАУ-д захиалж хийлгэхээр судалж байгаа гэж Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Н.Тавихбэх ярилаа.

Мөн дунд даралтын станц болох 48МВт-ын станцыг ОХУ-тай хамтран шинэчлэх төслийг эхлүүлжээ. 1968 онд ашиглалтад орсон тус станцын ашиглалтын хугацаа дуусаад 33 жил болж байгаа ч ажиллуулж байна. Тиймээс бүрэн шинэчилж  хүчин чадлыг нь 250МВт-аар нэмэгдүүлж, 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. 

Ерөнхий сайд Г.Занданшатар засвар, шинэчлэлийн ажлаа эрчимжүүлж, өвөл гал алдахгүй байхад анхаарч, эв нэгдэлтэй ажиллахыг эрчим хүчний салбарынханд сануулаад дараах үүрэг даалгаврыг өглөө. Салбарын хэмжээнд данхар бүтэц, шаардлагагүй орон тоогоо багасгаж, үргүй зардлаа хасаж, саналаа боловсруулаад энэ сард багтаан танилцуулах, салбартай холбоотой тендерийн цавчаа, шахаа, хулгай гэх мэт маш ихээр яригддаг асуудлыг цэгцлэх,  данхар бүтцийг багасгаж, шаардлагагүй зардлыг хэмнэх зэрэг арга хэмжээг нүүрсний уурхайнуудад ч авч хэрэгжүүлнэ. Засгийн газар бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны болон санхүүгийн шалгалт хийж асуудлыг цогцоор нь шийдвэрлэнэ. Шаардлагагүй нэгжүүдийг татан буулгах, нэгтгэх, хувьчлах санал боловсруулж ирэх сарын 15-ны дотор Засгийн газарт танилцуулах үүрэг өглөө.

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын хоёрдугаар блок нь 150 МВт-ын хүчин чадалтай. Энэ оны арванхоёрдугаар сард ашиглалтад орно. Мөн Сэлэнгэ аймагт цахилгаан станц барьж эхэлсэн, Завханы Тосонгийн дулааны цахилгаан станц, баттерей хуримтлуурууд, нарны станцууд нэмэгдсэнээр энэ өвлийг давна гэж Ерөнхий сайд мэдэгдлээ.