Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайланг сонслоо.
Энэ үеэр А.Ариунзаяа гишүүн "МҮОНРТ-ийн хуулийг яаралтай шинэчлэх шаардлагатай. Шийдвэрлэх хэрэгтэй нэг асуудал байгаа нь олон нийтийнх юм уу, төрийнх юм уу гэдгийг тодорхой болгох. Олон нийтэд төрийн телевиз юм шиг ойлголт өгч байгаа. Яагаад гэвэл төр л өөрийнхөө хүссэн мэдээллүүдийг явуулж байгаа юм биш үү гэж олон нийт харддаг. Энэ нь Үндэсний зөвлөлийнх нь гишүүдийн сонгон шалгаруулалттай шууд холбоотой. Тус байгууллагын шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа хүмүүс цаанаа улс төрийн хамааралтай, нөлөөлөлтэй байдаг. Энэ бол нууц биш. Тиймээс бид МҮОНРТ дэх төрийн оролцоог яаж бууруулах вэ гэдэгт санаа тавих ёстой.
Үзэгчдээс авдаг хураамжийг нэмэгдүүлэх нь зөв гэж үзэж байгаа ч иргэд зөвшөөрөх үү, үгүй юү гэдэг нь том асуудал. Иргэдийнхээ итгэл үнэмшлийг авахын тулд олон нийтийн телевиз мөн шүү гэдгийг үйл ажиллагаагаараа харуулах ёстой. Яг одоо бол харуулж чадахгүй байгаатай санал нийлэх байх. Арилжааны телевизүүдээс ялгаагүй байгаа. Цагийн хүрдийг л үздэг бусад нэвтрүүлгүүдийг нь үздэггүй иргэд олон гэж бодож байна" гэв.
