Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу энэ оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өчигдөр улс орон даяар эхэлсэн билээ. Энэ удаагийн шалгалтыг нийслэл болон орон нутгийн төвүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулж, төрийн албанд нэвтрэх үйл явцыг илүү ил тод, хүртээмжтэй болгожээ.

Улаанбаатар хотод шалгалтыг арваннэгдүгээр сарын 12-17-ны өдрүүдэд Яармаг дахь Нутгийн захиргааны цогцолборт зохион байгуулж байна. Нийслэлийн хэмжээнд нийт 1503 иргэн бүртгүүлсэн бөгөөд шалгалт өдөр бүр тавын ээлжээр, нэг ээлжид 100 шалгуулагчид оролцож байгаа аж. 

Шалгалтын бүхий л үе шат цахим хэлбэрт шилжсэнээр иргэдэд тэгш боломж бүрдэж, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх эрсдэл буурч байгаа талаар Төрийн албаны зөвлөлөөс мэдээллээ.