
Долоо хоног тутмын "Үндэстний ТОЙМ" сэтгүүлийн 675 дахь дугаар хэвлэгдлээ. Энэ удаагийн дугаарт багтсан онцлох нийтлэлүүдээс танилцуулъя.
1. Бүтэн үхэр авдаг байсан мөнгөөрөө одоо ганцхан хонь авч байна
Эрх баригчдын амлалт, амьдрал хоёр алд дэлэм зөрж байгаагийн нэг жишээ нь инфляцын өсөлт. Иргэдийн орлого бус инфляц нэмэгдсэнээр зарим зүйлсээ худалдан авч чадахгүй, чадлаа ч бага хэмжээгээр авч, махны хэрэглээгээ бууруулж, тахиа, гахайн махыг сонгон хэрэглэж байна. Тухайлбал, тахиа, гахайн махны импорт өнгөрсөн дөрөвдүгээр сарын байдлаар 15.1 мянган тонн болж, өмнөх оны мөн үеэс 28.3 хувиар нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, айл өрхүүд махны хэрэглээнийхээ дөрөвний нэгийг тахиа, гахайн махаар сольжээ. Энэ мэтээр иргэд инфляцтай чадахаараа тэмцэж, зохицуулж байна. Харин төр засгийн зүгээс одоохондоо ямар ч зохицуулалт алга. УИХ-д өргөн бариад буй татварын хуулийн төслүүдэд зарим нэр төрлийн татварыг бууруулж иргэдийн гар дээр үлдэх мөнгийг нэмэх заалтууд бий. Гэхдээ энэ хуулийн төслүүдээ хэзээ баталж, хэзээнээс хэрэгжүүлэх нь одоогоор тодорхойгүй байна...
С.Шийлэгтөмөрийн “Инфляц өсөж, идэх хоол багасав” нийтлэлээс
2. Комиссын бараа шиг болсон Монгол хүний “эрх”
ХЭҮК-ын хяналт шалгалтаар орон нутагт хийгдсэн хүний биеийн 1024 шинжилгээ эрүүл ахуйн шаардлага хангаагүй, стандартын бус орчинд явагдсан нь тогтоогдсон. Хамгийн ноцтой нь, эдгээр шинжилгээний 160 орчим нь бэлгийн хүчирхийллийн хэрэгт хамаарч байсан бөгөөд үүний 79 нь насанд хүрээгүй хохирогчид байжээ. Мөн шалгалтаар орон нутгийн шүүх шинжилгээний байгууллагуудын дийлэнх нь зориулалтын бус барилга байгууламжид буюу цагдаагийн газрын нэг өрөө, эсвэл Тамгын газрын байранд үйл ажиллагаа явуулж байгаа нь илэрсэн байна. Уг нь хүний биед, тэр дундаа насанд хүрээгүй хүүхдэд хийх үзлэг, шинжилгээг стандартын шаардлага хангасан орчин, нөхцөлд явуулах ёстой. Энэ нь Үндсэн хууль болон олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний халдашгүй байх, нэр төрөө хамгаалуулах суурь эрхтэй шууд холбоотой асуудал.
Сэтгүүлч И.Сарангоо “Хангагдаагүй хүний эрх” нийтлэлээс
3. Хуулиар зохицуулагдсан “Буян” Донор болсон иргэнийг хүндэтгэн, талархаж оршуулгын зардлын тодорхой хувийг улсаас даахаар Донорын тухай хуульд заасан байдаг ч энэ заалт нь өөрөө хамгийн их маргаан дагуулсан, асуудал үүсгэсэн зүйл болсон билээ. Донорыг даатгуулагч эсэхээс хамааран оршуулгын зардал олгоогүй гэх асуудал ч хөндөгдөж шүүх цагдаадаа тулсан жишээг хэн хүнгүй мэдэх биз. Оршуулгын тэтгэмжийн асуудал өмнө нь 2 сангаас олгогдож байв. Даатгуулагч бол Эрүүл мэндийн даатгалын сангаас, даатгуулагч биш бол Эрүүл мэндийг дэмжих сангаас 16Хуулиар зохицуулагдсан “буян” олгогдож байсныг Эрүүл мэндийг дэмжих сангаас олгохоор зохицуулжээ. Мөн хувь хэмжээг нь шинэчлэн тогтоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц болгон өсгөж, даатгуулагч эсэхийг үл хамааран олгохоор заажээ.
Л.Эрдэнэжаргал “Хуулиар зохицуулагдсан буян” нийтлэлээс
4. Хурд чухал ч ...
Манай боловсролын тогтолцоо хүүхдүүдэд багаас нь “хурдан унш” гэж заасаар ирсэн. Минутад хэдэн үг уншиж байгаагаар нь чадварыг хэмждэг байв. Хүүхэд текстийг ойлгосон эсэх нь төдийлөн чухал биш. Гол нь хурдтай байх, хурдан сурах ёстой мэт ойлголт суулгасан. Ингэснээр унших үйл явц уралдаан болж хувирсны гор өнөөдөр гарч байгаа нь тэр. Нөгөө талаар хурд гэгчид донтсон нийгэм уншихуйн утгыг сүйтгэж байна. Бид бүхнийг богино, товч, шуурхай байлгахыг хүсдэг болсон. Нэг минутын бичлэг, арван секундийн тайлбар, хэдхэн мөр дүгнэлтэд дасжээ. Урт текст унших тэвчээргүй болсон нь тархины анхаарал төвлөрөх чадварт сөрөг нөлөө үзүүлдэг. Тиймдээ ч олон хүн роман уншиж байхдаа гар утсаа шалгахгүй байж чаддаггүй.
Б.Алтанхуяг “Баярын дараах хоосон ширээ” нийтлэлээс
5. Хүртээмжгүйн зовлон хаа сайгүй
Ж.Баясгалан гишүүнд үүдэнд нэг суудал заагаад өгчихсөн, өөр байршилд гишүүд бөөгнөрч, инээлдэж, ярилцаж байхад тэр очиж оролцох боломжгүй. Зам байхгүй. Тиймээс өнөөх “суурь”-наасаа л хараад сууж байдаг гэх. Үүнийг тэрээр “Энэ бол ялгаварлан гадуурхалтын нэг хэлбэр шүү дээ” хэмээн тодорхойлсон. Төсөөлөөд л үз. Та ганцаараа нэг буланд, бусад нь өөр талд бөөгнөрчихсөн инээлдэж байвал ямар сэтгэгдэл төрөх вэ. Ядаж чуулганы танхим дотроо тэргэнцэртэй хүн чөлөөтэй зорчих, хүссэн булан тохойдоо хүрч, гишүүдтэй уулзах, ярилцах, оролцох эрхийг нь хангаж өгөөч. Энэ парламент байгуулагдсанаасаа хойш гурван ч спикер солиод буй. Тэднээс хэн нь ч энэ тухайд санаа тавьсангүй. 2024 онд гишүүн болсон түүнд бүтэн жилийн турш Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы танхимд унших “эрх” байгаагүй юм.
Сэтгүүлч С.Туул “Хүртээмжгүй ордон” нийтлэлээс
6. Голсон, гологдсон хоёр
Хөдөлмөрийн зах зээл дээр гарч, анхлан ажил эрхэлж буй залуучууд хэт өндөр хүлээлттэй байдаг аж. Ийн цалин, ажлын нөхцөл зэрэгтээ бодит байдлаас өндөр хүлээлт бий болгодог нь нийгэм, эдийн засгийн идэвхгүй ангилалд “гацах” нь томоохон шалтгаан юм. Түүнчлэн шинэ үеийнхний ур чадвар, мэдлэг нь хүссэн цалин, хүлээсэн орчин нөхцөлдөө нийцэх хэмжээнд байдаггүйг ажил олгогчид өгүүлсэн байна. Ажил олгогчдын үзэж байгаагаар, залуучуудын ажилдаа хандах хандлага, хариуцлага нь ахмад ажилчидтай ажиллахаас бэрхшээлтэй санагддаг аж. Тэд өгсөн үүргийг биелүүлж, даалгавар гүйцэтгэх тал дээр нэн хариуцлагагүй бөгөөд тууштай бус, асуудлыг шийдэх тэсвэр тэвчээргүй, уурлаж бухимдах магадлал өндөр. Мөн залуу ажилтнуудыг бэлтгэж буй боловсролын систем ч учир дутагдалтай байна. Их сургууль төгссөн ажилчид ажиллахад бэлэн бус ирдэг аж.
О.Даваасүрэн “Хөдөлмөрлөдөггүй хөдөлмөрийн насныхан” нийтлэлээс
7. Сүсэг бишрэл хийгээд сүүлийн даяанч
Лыковын гэр бүлийг геологичид илрүүлэх үед тэд дэлхийн II дайн дэгдэж, дараа нь аж үйлдвэр хөгжсөн тухайд ямар ч төсөөлөлгүйн дээр хэдэн зууны өмнөх шашны шинэчлэгч Патриарх Никон болон Их Петр хаанд уурласан хэвээр байжээ. Нарны туяа хийгээд хааяа асаах бамбараас өөр гэрэлгүй ч Акулина хүүхдүүддээ хуучин славян хэлээр уншиж, бичихийг сурган библид чин сүжигтэй болгосон байна. Буудайн гурил амсаж үзээгүй 34Тайгад даяанчилсан нэгэн зуун өссөн Лыковын хүүхдүүдэд геологичид анх талх, чанамал өгөхөд “бидэнд хориотой” гээд огт гар хүрээгүй гэдэг. Гэвч тайга тэднийг ариусгахаас илүү эгнэгт залгих нь байгалийн хууль аж. 1961 оны хүйтэн жаварт ургац нь бүрэн сүйрч Лыковынхон хойтон тарих хөх тарианы үрээ хүртэл идэхэд хүрэв. Өвсний үндэс, мөөг, модны холтсоор амь торгоосоор эх Акулина өлбөрч нас баржээ. Цаг хугацаа өнгөрөхөд Лыковынхан хөдөө аж ахуйн амьдралаас шинэ чулуун зэвсгийн үеийн анчин цуглуулагчдын аж төрөл рүү шилжин тайга тэдний илчлэгийн эх үүсвэр болж байв.
С.Лхагвасүрэн “ Тайгад даяанчилсан нэгэн зуун” нийтлэлээс