
Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн нутаг дахь “Довын гуанз” орчимд хоёр суудлын автомашин мөргөлдөж, нэг хүн автомашины төмөр хийцэд хавчуулагджээ. Энэ тухай дуудлага 2026 оны зургаадугаар сарын 8-ны өдрийн 20:35 цагт Онцгой байдлын байгууллагад ирсэн байна.
Дуудлагын дагуу Төв аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид ажиллахад Улаанбаатар хотоос Дундговь аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Б-ын жолоодож явсан “Toyota Prius Alpha” загварын автомашин болон Дундговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Э-ын “Toyota Prius” загварын автомашин хоорондоо мөргөлдсөн байжээ.
Ослын улмаас “Toyota Prius Alpha” автомашины зорчигч, 54 настай эрэгтэй Г автомашины төмөр хийцэд зүүн хөлөөрөө хавчуулагдсан байсныг аврагчид ажиллан 22:00 цагт эсэн мэнд гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.