АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет "Хар тамхины террористууд"-ыг онилсон цэргийн шинэ ажиллагаа явуулна гэж мэдэгдлээ. 

Өнгөрсөн долоо хоногт нисэх онгоц тээгч хамгийн том хөлөг онгоц болох “USS Gerald R Ford” Карибын тэнгис болон Латин Америкийн усан нутаг дэвсгэрт ирсэн нь тус бүс нутагт хэдийн зузаатгаад байсан тэнгисийн цэргийн хүчийг улам бэхжүүлжээ.

АНУ-ын засаг захиргаанаас мэдэгдсэнээр, тус бүс нутагт цэргийн хүчээ байрлуулж байгаа нь АНУ-ыг мансууруулах бодисын хууль бус эргэлтээс хамгаалахын тулд үндэстэн дамнасан гэмт бүлэглэлүүдтэй тэмцэх зорилготой байна. Мансууруулах бодисын наймаатай тэмцэх кампанит ажлынхаа хүрээнд АНУ Карибын тэнгис болон Номхон далайн зүүн хэсэгт хэд хэдэн хөлөг онгоцонд цохилт өгчээ. Эдгээр цохилтод өртөн олон арван хүн амиа алджээ.

АНУ-ын эдгээр үйлдэл нь тус бүс нутагт, ялангуяа Венесуэлтэй холбоотой хурцадмал байдлыг улам даамжруулж байгаа юм. Мансууруулах бодисын хууль бус наймаачдыг Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуротой холбоотой хэмээн АНУ-ын эрх баригчид мэдэгдсэн билээ. 

Харин Николас Мадуро уг мэдэгдлийг няцааж, "АНУ шинэ дайн зохиож байна” гэж мэдэгджээ. Тэрбээр АНУ цэргийн хүчээ байрлуулж буйг өөрийг нь засгийн эрхээс түлхэн унагах зорилготой гэв.