Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський эрчим хүч, батлан хамгаалахын салбарын чадамжийг сайжруулахаар Европ тивийн орнуудад айлчилж байна. Өчигдөр Грек улсад оайлчилсан тэрээр энэ долоо хоногт Франц, Испанид айлчлах юм.

Грек улсын нийслэл Афин хотын олон улсын нисэх буудалд Грекийн Ерөнхий сайд Кириакос Мицотакис Украины Ерөнхийлөгчийг угтаж авлаа.

Аравдугаар сар гарсны дараа Оросын тал Украины эрчим хүчний дэд бүтцийг онилж, 2022 онд дайн эхэлснээс хойш хамгийн хүнд цохилтыг өгсөн. Улмаар Украины нутаг дэвсгэрийг дулаанаар хангах түлшний эх үүсвэрийн 60 хувийг доголдуулж, багадаа хоёр тэрбум ам.долларын хохирлыг эрчим хүчний салбарт үүсгээд байна. Тиймээс өвлийг өнтэй давахын тулд Зеленський Украиныг дэмждэг Европын холбоотнуудаасаа дэмжлэг хүсэж байгаа юм.

Грекээс Украин АНУ-аас ирдэг шингэрүүлсэн байгалийн хий худалдаж авахаар тохиролцлоо. Энэ жилийн арванхоёрдугаар сараас ирэх хавар гуравдугаар сар хүртэл Грек Украинд хий нийлүүлэхээр болж байна. Ерөнхий сайд Кириако Мицотакистай хийсэн хамтарсан хэвлэлийн хурал дээр Зеленський энэ удаагийн хэлэлцээр Европ тивийн эрчим хүчний аюулгүй байдал, бүс нутгийн хамтын ажиллагааг бататгасан, хүчирхэгжүүлсэн үйлдэл болсныг мэдэгджээ.

Оросын тал өчигдөр л гэхэд Одесо муж дахь эрчим хүчний дэд бүтэц рүү дроноор довтолсон байна. Уг довтолгоонд нарны эрчим хүчний станц өртжээ.

Оросын агаарын дайралтаас эрчим хүчний дэд бүтцийг хамгаалах бэхлэлт босгох ёстой 100 сая ам.долларын гэрээ мөнгө угаах хэрэгсэл болсон мэдээг өнгөрсөн долоо хоногт Украины авлигатай тэмцэх газрууд мэдээлсэн. Улмаар Украины Эрчим хүчний сайд, Хуульзүйн сайд нарыг үүрэгт ажлаас нь огцруулаад байгаа юм.

Зеленський Грек улсад хамгийн сүүлд 2023 онд айлчилсан. Ерөнхийлөгч болсноосоо хойш хоёр дахь удаагаа тус улсад айлчиллаа.

Грек улс Туркын хилийн ойролцоо Александрополис боомтод шингэрүүлсэн хий, түлш хадгалах нөөцийн дэд бүтцийг нээгээд байгаа юм. Транс-Адриатын хий хоолой нь Грекээр дамжуулж Болгар, Румын, Молдав, Украин, Унгар, Словак улсуудад Америкаас шингэрүүлсэн байгалийн хий дамжуулах зорилготой. Ингэснээр Европын орнуудын Оросоос хийн хараат байдлыг бууруулна гэж тооцоолж байна.