Япон улсын Токио хотод маргааш эхлэх Дифлимпийн наадамд Монгол Улсын баг тамирчид оролцоход бэлэн болжээ. Өнөөдөр Монгол Улсын багт тугийг гардуулах арга хэмжээ боллоо.
“Токио-2025” Дифлимп буюу чимээгүй олимпын наадмын нийт баг бүрэлдэхүүнийг Соёл спорт, Аялал жуучлал, Залуучуудын яамны сайд Ч.Ундрам болон БТСУХ-ны Спортын бодлогын хэрэгжилтийн дарга Д.Жаргалсайхан нар хүлээн авч тэмцээнд нь амжилт хүслээ.
Энэ наадамд 81 орчим орны 3200 гаруй тамирчин 21 спортын төрөлд өрсөлдөх бол манай улсаас жүдо, чөлөөт бөх, ширээний теннис, хөнгөн атлетик, буудлага спортын төрөлд 14 тамирчин оролцоно. Дифлимп бол зөвхөн өрсөлдөөн бус, харин итгэл, урам зориг, өөртөө итгэх боломжийг бүтээх, сонсголгүй иргэдийн хэл соёлыг спортоор дамжуулан олон улсад таниулах хөдөлгөөн юм. 1924 онд Францын нийслэл Парис хотод сонсголын бэрхшээлтэй иргэдийн анхдугаар олон улсын тэмцээн “International Silent Games” нэртэйгээр зохион байгуулагдсан түүхтэй.
Монголын баг тамирчид энэхүү наадмаас өмнө нь хоёр алт, зургаан мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж байв.


