Иргэн бүрийн амьдралын намтар эх орны түүх байдаг гэдэг. Энэ ном бол тийм түүх. Гэвч зөвхөн Билл Гэйтсийн төрсөн орноор хязгаарлагдахгүй. Учир нь номыг унших үед зөвхөн хувь хүний намтар, “Microsoft” компанийн тухай бус дэлхийн хувьслыг хэрхэн таньж, ирээдүйг урьдчилан зөгнөж, хүн төрөлхтний ухамсрыг удирдан чиглүүлэгчийн талаар бүхнийг мэдэж авах болно. Ерөөс Гэйтсийн амьдрал бол комьпютерийн хөгжлийн түүхтэй хосолсон соёлын хувьсгал, хүн хэрхэн цахим ертөнцийн хэлээр сэтгэж сурсан тухай томоохон туршилт юм.

Хүн төрөлхтөн ирээдүй өөд алхах бүрд нэгэн шинэ зам тосож байна. Уг замаар алхахаас өөр сонголт хэнд маань ч үгүй. Энэ бол технологи. Үүнийг зарим нь олж харж, эртнээс мэдэрч, зарим нь бүтээж, чулуугаар хучиж өнгө оруулсан бол үлдсэн хэсэг нь огт анзааралгүй өнгөрдөг. Харин Билл Гэйтс “Эх код” номдоо уг замын эхлэлд юуг анзаарч, дунд нь юу оршиж, ирээдүйд ямар зүйлс угтахыг шинжлэх ухаан, бизнес, хүний ёс суртахуун зэрэгтэй харгалдуулан ажигласан нь онцлууштай.

Тийм дээ ч “Эх код” бол зөвхөн компьютерийн шинжлэх ухааны тухай ном биш. Энэ бол хүний оюун ухааны хувьсал, технологийн ёс зүй, ирээдүйн нийгмийн гүн ухааны тухай бүтээл. Гэйтс 1995 онд номоо бичих үед интернетийн эрин үе дөнгөж эхэлж байлаа. Үндэс нь шороонд хүрч, эх бие нь бороон дусал дөнгөж хүртэж буй зулзаган мод байв. Гэвч Гэйтс ирээдүйн гучин жилийн талаар таамаг дэвшүүлж, өөрийн олж авсан мэдлэгийн хүрээнд хэрхэн хувьсан өөрчлөгдөхийг тодорхойлж чаджээ. Түүний хэлсэн, зөгнөсөн бүхэн биелсэн.  

Мэдээж номд олонтоо тааралдах “Цахим хувьсгал” хэмээх үгийг дийлэнх уншигчид бизнесийн шинжтэй уриа, технологийн хувьсалтай эндүүрдэг. Гэхдээ тус үг гарах ирэх үеийн үйл явдлыг сайтар ажиглаад үзвэл Гэйтсийн хувьд энэ нь оюун ухамсрын хувьсгал болно. Хүмүүс комьютерийг хэрэгсэл бус харин өөрсдийн хамтрагч гэдгийг ойлгох үед хэдийнэ эхэлсэн болохыг тэр сануулсан. Нөгөөтээгүүр Гэйтс хүн төрхөлтөн өөрсдийн ухамсрыг таньж, оюуны кодоо тайлан уншиж чадна гэдэгт итгэдэг. Мэдээж энэ нь хувь тавилангаа өөрчлөх, аливаад найдалгүйгээр зөвхөн хувь хүн өөрөө бүтээж чадах чадвартай байдаг гэх үзэл санаа юм.

Технологийн хувьсал ба хүмүүс

Гэйтс номдоо “Хүний ухамсар болоод микрочип хоёрын зааг арилж байна” хэмээн дурдсан байдаг. Тэгэхээр компьютерын хүчийг тархины үргэлжлэ гэж үзжээ. Энэ нь өдгөө хиймэл оюун ухаан давамгайлах бол үед бүр ч хүчтэй сонстоно.

Ерөөс “Эх код” номд өгүүлсэн ирээдүй бол бидний өнөөгийн бодит амьдрал. Дижитал ертөнц, цахим худалдаа, харилцаа, алсын зайн боловсрол, автомажсан үйлдвэр гээд дурдаад байвал дуусахгүй. Харин түүнийг эх бүхнээ эхлүүлж байх үед зөвхөн зөгнөл төдий байв. Тиймдээ ч Гэйтсийн намтар зөвхөн бизнесмен хүнийх бус ирээдүйг нарийн тооцоолж, харж чадсан хүчтэй оюун ухааны түүх юм.

Тэрээр технологийн хөгжил хүнийг эрх чөлөөтэй болгохын зэрэгцээ хянаж чадахыг ч давхар анхааруулсан. “Бид бүхнийг холбох тусам, өөрсдийгөө илчилж байна” хэмээх өгүүлбэр нь өнөө цагийн дата, нууцлалын асуудлын талаарх урьдчилсан сануулга байв.

Ийнхүү технологийн сөрөг, эерэг хоёр талт чанарыг Гэйтс “Гэрэл ба сүүдрийн хослол” гэж тодорхойлдог. Хүн төрөлхтөн гэрлийг нь ашиглан урагшлах ч сүүдрийг хэзээ ч мартаж болохгүй.

Эх код - хүн төрөлхтний толь

Номын нэр өөрөө гүн гүнзгий бэлгэдэл агуулна. “Эх код” гэдэг нь программчлалын хэлээр аливаа системийн үндсэн бүтэц, логикийг илтгэнэ. Гэвч Гэйтсийн хувьд энэ нь зөвхөн компьютерын бус, хүний дотоод код юм.

Түүний өгүүлснээр компьютер биднийг ухаантай болгож чадахгүй. Харин өөрийгөө ойлгоход тусалж чадна. Технологи гэдэг бол гаднаас ирэх хүч бус, дотоод ухамсрын тусгал гэжээ. Бид технологийн дэвшлийг сайшаах боловч эмээдэг. Учир нь хүн өөрийн бүтээлдээ уусах аюултай. Хиймэл оюун ухааны талаар өөрийнхөө толинд туссан төрхөнд сүүдэр үлдээж байгаагаар зүйрлэсэн байдаг. Энэ нь жирийн нэгэн чадварлаг инженерийг үг бус сэтгэл зүйн анхааруулга байв.

Танин мэдэхүйн шинэ шат

Гэйтсийн гар бичмэл, “Эх код” номын мөр бүхэн технологийн түүхийн нэг хэсэг. Уг бүтээл дэлхий даяар мэдээлэл түгээх хэлбэрийг үндсээр нь өөрчилсөн. Өмнө нь мэдээлэл гарт багтахгүй цаасан хэлбэрээр оршдог байсан бол Гэйтсийн эрин үед цахим хэлбэртэй болсон. Энэ нь түүний байгуулсан компанийн амжилт бус хүн төрөлхтний танин мэдэхүйн шинэ шат байлаа.

Тиймдээ ч номд гарах үйл явдал, тэнд дүрслэгдсэн үйл явц бол технологи, хүн хоёрын зэрэгцэн өссөн түүх билээ. Хүн гар утас дээр дэлхий ертөнцийг багтааж, мэдээллийг гэрлийн хурдаар дамжуулж эхэлсэн мөчид анх удаа өөрсдийн гараар бүтээсэн системийн дотор амьдарч эхэлсэн.

Тиймээс Гэйтсийн өгүүлэмж нь зүгээр нэг амжилтын замнал биш, харин иргэншлийн өөрийнх нь дурсамж юм. Түүний бичсэн мөр бүрээс бид зөвхөн нэг хүний ухааныг бус дэлхий нийтийн нийтлэг оюуны хувьслыг уншина.

Ёс зүй ба ирээдүйн ухамсар

Гэйтсийн хамгийн сонирхолтой хэсэг нь технологийг ёс зүйн хүрээнд авч үзсэн явдал. Тэр “Бидний бүтээсэн систем биднээс илүү шударга байх ёстой” гэж бичсэн нь өнөөдрийн алгоритмын сүлжээнд ч туйлын чухал хамаатай.

Номын гол санаа бол технологи хурдаар биш, хандлагаар хэмжигддэг. Хэрвээ хүн ёс зүйгээ орхивол хурд нь сүйрэл дагуулна. Харин ухамсраа дагавал тэр хурд хөгжил болно гэдгийг онцолжээ. Аливааг сайн, муу дагадаг ч гол ололт нь юунд оршиж байгаа вэ гэдгийг ойлгох л чухал.

Тиймдээ ч Гэйтс технологийг шүтэж биширдэггүй байлаа. Хүн бүр “код бичих” боломжтой ч эхлээд өөрийгөө танин мэдэх, дотоодод орших амьдралын зорилго, түүнд хөтлөх кодыг олох нь туйлаас эрхэм. Үүнийг ухааруулах оролдлого бол эл бүтээл.

Хэрвээ чи удирдахгүй бол...

“Эх код” номын төгсгөлд Гэйтс “Бид ирээдүйг бүтээж байгаа гэдэгтээ итгэдэг. Гэвч үнэндээ ирээдүй биднийг бүтээж байна” гэж бичсэн байдаг. Энэ бол хүн ба машины зааг, хувь заяа хийгээд сонголтын тухай өгүүлбэр.

Тэр ирээдүйг айдасгүйгээр харж чаддаг цөөн хүн нэгэн байв. Гэхдээ айдсыг үгүйсгэсэндээ бус, ойлгож ухаарсан учраас тэр билээ. Технологийн айдас бол хүн өөрийгөө ойлгох айдсын нэг төрөл гэж тэр үздэг.

Эцэст нь Гэйтсийн “эх код” бол хүн төрөлхтний оюуны өөрчлөлтийн зураглал юм. Ийнхүү эцэст нь “Хэрвээ чи ирээдүйн технологийг удирдахгүй бол хэн удирдах вэ?” гэх асуултыг үлдээжээ.

Энэ жил Билл Гейтс ойрын 20 жилийн дотор хөрөнгийнхөө 99 хувийг сайн үйлсэд зарцуулахаар шийдсэнээ цахим хуудсаараа дамжуулан зарласан. Тэрээр “Намайг үхсэний дараа янз бүрээр хэлэх нь мэдээж. Гэхдээ миний талаар “Тэр баян хэвээр үхсэн” гэж хэзээ ч хэлэхгүй” гэж бичжээ. Өнөөдөр бол түүний 70 насны төрсөн өдөр. Одоогийн байдлаар түүний хөрөнгө 108 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байгаа тул 99 хувийг нь бусдад хандивласан ч тэрбумтан хэвээр үлдэнэ.

Б.Алтанхуяг