Унгар, Англи, Австрали, Монголын уран бүтээлчдийн хамтран бүтээсэн “1242: Өрнөдийн босгон дээр” кино өчигдрөөс эхлэн дэлгэцнээ гарч эхэллээ. Унгарт өнгөрөгч аравдугаар сард нээлтээ хийсэн уг кинонд Монголын 36 уран бүтээлч оролцон тоглосоноороо онцлог байлаа. Мөн киноны гол дүрд “Артур Хаан”, “Шадар гурван цэрэг”, “Тээвэрлэгч” зэрэг Холливудын олон кинонд тоглосон Рэй Стивенсенннээс гадна Унгарыг төдийгүй Европыг аварсан, ухаалаг санваартны дүрд Английн авьяаслаг жүжигчин Жереми Ньюмарк Жонс нар тогложээ.

Монголын талаас Бат хааны дүрд жүжигчин Ч.Болд, хааны итгэлт зайрангийн дүрд Ц.Цэрэнболд, ханхүүгийн дүрд П.Баттөр, ханхүүгийн шадар туслахад Б.Барслхагва, Бүрид М.Баярбат, Монголын үзэсгэлэнт бүсгүйн дүрийг Б.Солонго нар тус тус бүтээсэн байна.

“1242: Gateway to the West” буюу “1242: Өрнөдийн босгон дээр” киноны багийн төлөөлөл болсон уран бүтээлчдийн сэтгэгдлийг хүргэе. 

Б.Баяр /Монгол талын продюссер/: -Киноны гол дүрд монгол жүжигчид тоглож, бусад уран бүтээлийн багт ч бид хамтаараа ажиллаж чадлаа. Киноны зохион байгуулагч, оператор, бөөгийн зөвлөхөөс эхлээд Монгол баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Унгарт очсон. Болсон үйл явдлаас сэдэвлэн хийж байгаа уран сайхны кино учраас түүхэн кино шиг баримтыг бүрэн хийхгүй. Унгарын зохиолч, найруулагч хийж байгаа учир бид тэдний саналыг өөрчлөх боломжгүй. Харин аль болох Монголын баатруудыг эерэг талаас нь харуулахыг зорьсон. Бид Монголын түүхэн баатруудын өмсдөг хувцаснаас эхлэн ач холбогдол өгсөн. Найруулагч, продюссерын зүгээс бидний саналыг хүлээн авч зарим зураг авалтыг ч өөрчилсөн.

Г.Алтансүх /Түүхч, доктор/: -Энэ бол Монголын түүхэнд ахан дүүсийн аян дайн гэж тэмдэглэгддэг. Баруун зүгийг дайрсан үйл явдлаас сэдэвлэн бүтээгдсэн кино. Уг кинонд Монголын түүхийг аль болох зөв талаас нь гэхдээ ахуй байдал, дүрслэлтэйгээр хаадын түүхийг гаргасан байгаа. Түүнээс киноны үндсэн зохиол нь Унгарт эрт бичигдсэн жүжгийн зохиол юм. Уг зохиол нь улсынхаа киноны төв хороогоор орж батлагдсан байдаг. Монголоос очсон продюссер, түүхч, уран бүтээлчид зохиолын агуулгыг өөрчлөх ямар ч боломжгүй. Гэхдээ бид Унгарт кино бүтээх явцдаа аль болох зөв талаас нь мөн түүхийг үнэн, бодитой байх талаас нь ажилласан. Онцлон хэлбэл, Унгарт очоод кино багийнханд найман саналыг тавьсан. Харин тэдний талаас нь зургааг нь хүлээн авч хоёрт нь ярилцах талаар тохиролцсон. Энэ нь продюссерууд гол санаагаа тусгаж чадсан гэж бодож байна.