
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп бямба гарагт үндэсний аюулгүй байдлын багийнхаа гол гишүүдтэй уулзан Ираны дайны цаашдын чиглэлийн талаар хэлэлцсэн талаар CNN мэдээлэв. Уг хурлын маргааш нь тэрээр Техранд хандан “Хурдан хөдөлсөн нь дээр, эс тэгвээс юу ч үлдэхгүй” хэмээн анхаарууллаа.
Трамп ням гарагт сошиал сүлжээнд “Ираны хувьд цаг явж байна. Тэд хурдан хөдөлсөн нь дээр, эс тэгвээс тэднээс юу ч үлдэхгүй. Цаг хугацаа чухал! Ерөнхийлөгч DJT” хэмээн бичжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр дэд ерөнхийлөгч Жэй Ди Ванс, Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, ТТГ-ын захирал Жон Ратклифф, тусгай элч Стив Виткофф нарын оролцсон уулзалт Трампын Виржиниа дахь гольфын клубт болсон байна.
Трамп Бээжинд хийсэн айлчлалаасаа Вашингтонд буцаж ирснээс хэдхэн цагийн дараа энэхүү уулзалтыг зохион байгуулжээ.
Трамп Техраны дипломат хэлэлцээний явцад бухимдах нь улам нэмэгдэж, Ормузын хоолой хаалттай хэвээр байгаа нь дэлхийн газрын тосны үнэд нөлөөлж буйд сэтгэл дундуур байгаа гэж мэдээллээ.
Трамп болон түүний баг Бээжингийн айлчлалын үеэр Ирантай хэрхэн цааш ажиллахаа шийдээгүй ч Цагаан ордны хэд хэдэн албан тушаалтан CNN-д Трамп, Ши Жиньпин нарын хэлэлцээ хэрхэн өрнөхийг харсны дараа дараагийн алхмаа тодорхойлохыг хүссэн гэж ярьжээ.
CNN өмнө нь мэдээлэхдээ, Трамп дипломат аргаар асуудлыг шийдэхийг илүүд үзэж байгаа ч Ираныг буулт хийхэд хүргэхийн тулд томоохон байлдааны ажиллагааг сэргээх хувилбарыг улам нухацтай авч үзэж эхэлсэн гэжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр Трамп энэ долоо хоногийн эхээр үндэсний аюулгүй байдлын багтайгаа дахин уулзах төлөвтэй байна.
Мөн Пентагон хэрэв Трамп нэмэлт цохилт өгөхөөр шийдвэл хэрэгжүүлэх хэд хэдэн цэргийн бай төлөвлөгөө боловсруулсан бөгөөд үүнд Ираны эрчим хүч болон дэд бүтцийн байгууламжуудад чиглэсэн цохилтууд багтаж байгаа аж.
Axios бямба гаргийн уулзалтын талаар хамгийн түрүүнд мэдээлсэн байна.
Трамп мөн ням гарагт Израилийн Ерөнхий сайд Беньяамин Нетаньяахутай ярилцсан гэж түүний хэвлэлийн төлөөлөгч болон АНУ-ын албан тушаалтан CNN-д мэдэгджээ.
Ираны талаас өндөр албан тушаалтнууд буулт хийх шинж тэмдэг хараахан ажиглагдахгүй байна.
Ираны хэвлэлүүдийн мэдээлснээр Пакистаны Дотоод хэргийн сайд Мохсин Накви Ираны Ерөнхийлөгч Масоуд Пезешкиан тэргүүтэй удирдлагуудтай уулзжээ. Пакистан нь АНУ-Ираны энхийн хэлэлцээний гол зуучлагч орон болж байгаа юм.
Уулзалтын үеэр Техраны албаныхан АНУ-ын Ойрхи Дорнод дахь оролцоо бүс нутгийн тогтворгүй байдлыг бий болгож байна гэж мэдэгдсэн аж.
Ирантай холбоотой Tasnim агентлагийн мэдээлснээр Пезешкиан “АНУ болон Израиль нь исламын орнуудыг хооронд нь хагалан бутаргахыг үргэлж оролдож ирсэн” хэмээн мэдэгдэж, Иран бүс нутгийн исламын орнуудтай хөршийн сайн харилцаанд суурилсан тогтвортой, чин үнэнч харилцааг эрмэлздэг гэж онцолжээ.