Украины Ерөнхийлөгч Владимир Зеленський Европын орнууд дахь айлчлалаа үргэлжлүүлж байна. Тэрээр айлчлалаа Грек улсаар эхлүүлж, Франц, Испани улсуудад очсон бөгөөд хамгийн сүүлд Турк улсад газардаад байна.

Өвөл болж Украины эрчим хүчний дэд бүтэц Оросын агаарын дайралтад өртөж, их хэмжээний хохирол амсаад байгаа юм. Мөн авлигын хэргээр Украины Эрчим хүч, Хуульзүйн сайд нараа огцруулсан.

Зеленський айлчлалынхаа эхэнд Грек улсаас энэ жилийн арванхоёрдугаар сараас ирэх жилийн гуравдугаар сар хүртэл буюу ирэх өвлийг өнтэй давахын тулд байгалийн шингэрүүлсэн хий худалдаж авах тохиролцоонд хүрсэн билээ. Франц улсад айлчлах үеэрээ Ерөнхийлөгч Эммануэль Макроноос байлдааны зориулалттай зуун нисэх онгоц, бусад техникийн хангамж, дронуудын тусламж өгөх амлалтыг авсан. Орос, Украины дайн эхэлснээс хойш Зеленський ес дэх удаагаа Францад айлчилжээ.

Зеленськийг Европ дахь айлчлалаа үргэлжлүүлэн Испанийн нийслэл Мадрид хотод ирэхэд хаан тавдугаар Фелипе угтаж авсан байна. Мөн Испанийн Ерөнхий сайд Педро Санчезтай уулзалт хийлээ. Уулзалтын дараах хэвлэлийн хурал дээр Ерөнхий сайд Санчез Украины батлан хамгаалах салбарт дэмжлэг үзүүлж 615 сая еврогийн цэрэг армийн багц тусламж үзүүлэх болсон гэдгийг мэдэгдлээ. Уг тусламжийн тэн хагасыг буюу 300 сая еврог батлан хамгаалахын шинэ тоноглолд зориулна гэж Санчез нэмж дурдсан байна.

Тэрээр үргэлжлүүлэн “танай дайн бол манай дайн. Путин Европын хүчийг сулруулахыг хүсэж байна” гэжээ.

Түүнчлэн багц тусламжийн 215 сая еврог дроны эсрэг систем, радарыг хянах төхөөрөмж, агаарын орон зайг тагнах төхөөрөмжийг Украинд нийлүүлэхэд зарцуулна. Зеленський Оросын агаарын цохилтоос эрчим хүчний дэд бүтцийг хамгаалах бэхлэлт барих зуун сая ам.долларын төсөл эхлүүлсэн ч Засгийн газрын гишүүд гэрээг мөнгө угаах хэрэгсэл болгон ашигласныг тагнуулын байгууллагууд илрүүлжээ.

Туркэд айлчлах хугацаандаа Зеленський Туркын Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган болон АНУ-ын Ерөнхийлөгч Трампын тусгай элч Стийв Виткоф нартай уулзах юм байна. Тэд уулзалтаараа дайны галыг унтраах энхийн хэлэлцээрийг дахин шинэчлэх асуудлаар хэлэлцэнэ. Дайн эхэлснээс хойш Украины эрчим хүчний салбар хамгийн том хохирлоо ойрын хоёр сар хүрэхгүйн хугацаанд амсаад байгаа юм.