Косово улсын уулархаг бөгөөд хөдөө нутгийн алслагдсан бүсэд хүрэн баавгай иргэдийн эзэмшлийн газарт орж ирэх болсон байна. Тиймээс хөдөө тосгоны иргэд эрх баригчдад хандан энэ асуудлыг шийдвэрлэж өгөхийг шаарджээ.
Нэн ялангуяа улсын өмнөд нутгийн Беллобрад тосгонд хүрэн баавгай иргэдийн эзэмшлийн талбайд хамгийн их харагдах болжээ. Ойрын хугацаанд тосгоны оршин суугчид хүрэн баавгайтай таарах нь улам бүр ихэссэн байна.
Беллобрад тосгон нь Албани улстай хиллэдэг. Өтгөн шигүү ой модтой. 700 орчим оршин суугчтай ажээ. Өмнө нь тосгоны суурьшлын бүсэд хүрэн баавгай нэвтрэх нь нийтлэг тохиолдол биш байжээ. Гэвч сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын талбайд ойд байгаа мэт ямар нэг зүйлээс цэрвэлгүй шууд орж ирдэг болсон байна.
Косовогийн Байгаль орчны хуулиар хүрэн баавгайг агнахыг хориглодог байна. Тосгоны иргэдийн ярьснаар өдрийн цагаар баавгай суурьшлын бүсэд орж ирэн чөлөөтэй тэнүүчлэх болжээ. Ой модонд алхаж байгаа мэт суурьшлын бүсэд тэнүүчилж байгаа баавгайнуудын зураг бичлэгийг тосгоны иргэд гар утсаараа хийж, цахим сүлжээнд байршуулсан байна. Нэг бичлэгээс харахад хүрэн баавгай хашааг нэгжиж, ямар нэг идэх хүнс хайж байгаа мэт харагджээ.
Бас нэг бичлэгт баавгай цагаан шуудайтай зүйлс хураасан агуулах руу орж, шуудайнуудыг урж тасадсан байна. Тосгоны бүрэн дунд боловсролын сургууль цагдаа нарыг сурагчдын аюулгүй байдлыг нэн даруй хамгаалахыг шаарджээ. Баавгайнуудыг суурьшлын бүсээс гаргах, суурьшлын бүсэд нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авахыг тосгоныхон эрх баригчдаас шаардаж байна. Нэн ялангуяа сургуулийн сурагчид өглөө хичээлдээ ирэх, хичээлээ тараад орой гэртээ харих замдаа баавгайтай таарах эрсдэл их байдаг ажээ.
Иргэдийн хүсэлт, шаардлагын хариуд Беллобрад тосгон байдаг Драгаш мужийн дарга Бекшет Гжеладини уг асуудлыг шийдвэрлэхээр орон нутгийн ангийн нийгэмлэгээс тусламж хүссэн байна.
.jpg)
