
Умард Солонгосын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн Naegohyang Women's FC баг Солонгос хоорондын тоглолтод оролцохоор ням гарагт Сөүлд ирлээ.
Наэгөхян баг лхагва гаргийн орой 19:00 цагт Сөүлээс өмнө зүгт Сувон хотын цэнгэлдэх хүрээлэнд болох Азийн Хөлбөмбөгийн Холбооны (AFC) Эмэгтэйчүүдийн Аваргуудын лигийн хагас шигшээд Suwon FC Women багтай тоглоно.
Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй Эмэгтэйчүүдийн Аваргуудын лиг нь Азийн эмэгтэй клубүүдийн хамгийн дээд түвшний тэмцээн юм. Тус тэмцээний аварга баг 1 сая ам.долларын шагнал хүртдэг.

Наэгөхяны 27 тоглогч, 12 ажилтнаас бүрдсэн баг Бээжинд бэлтгэл хийж байгаад ням гаргийн үдээр Инчоны олон улсын нисэх буудалд газарджээ.
Naegohyang Women's FC нь Өмнөдөд ирсэн анхны Умард Солонгосын эмэгтэй клуб болж байна.
Мөн энэ нь 2018 оны арванхоёрдугаар сард Умард Солонгос Инчонд болсон ITTF World Tour Grand Finals тэмцээнд тамирчдаа илгээснээс хойш Өмнөд Солонгост тэмцээнд оролцохоор ирсэн анхны тамирчдын бүлэг болж байна.
Өмнөд Солонгосын иргэний нийгмийн байгууллагуудын олон арван гишүүн, түүний дотор Умард Солонгост төрсөн өмнөд солонгосчуудын төлөөлөл нисэх буудал дээр цугларч Наэгөхяныг угтан авах самбар өргөжээ. Гэвч тоглогчид болон дасгалжуулагчид дэмжигчдэд хариу үзүүлсэнгүй. Тэд мөн хэвлэл мэдээллийнхний асуултад хариулалгүй, зогсолгүй явсан байна. Энэ үеэр аюулгүй байдлыг хангахаар 50 орчим хамгаалагч ажиллажээ.
Наэгөхян баг мягмар гарагт албан ёсны бэлтгэл хийж, хэвлэлийн бага хурал зохион байгуулах юм.
Наэгөхян болон Сувон багууд хоёр дахиа учраа таарч байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 12-нд Мьянмарын Янгон хотод болсон С хэсгийн тоглолтод Наэгөхян 3:0-ээр ялж байсан бөгөөд Ри Су Жон хоёр гоол, Пак Е Гён нэг гоол оруулжээ.

Нийт 9000 орчим тасалбараас олон нийтэд худалдаалсан 7087 тасалбар өнгөрсөн мягмар гарагт худалдаанд гарсан даруйдаа бүрэн зарагдсан гэж Солонгосын Хөлбөмбөгийн Холбоо мэдээлэв.
Өмнөд Солонгосын Нэгдлийн яам иргэний байгууллагуудын хөгжөөн дэмжигчдийн бүлэгт зориулан үлдсэн тасалбаруудыг худалдан авах, мөн туг, баннер зэрэг дэмжлэгийн хэрэгсэл бэлтгэхэд зориулж Солонгос хоорондын хамтын ажиллагааны сангаас хөрөнгө гаргах санал тавьжээ.
Эдгээр байгууллагууд “Тоглолт нь улс орнуудын бус клубүүдийн хооронд болж байгаа учир аль ч улсын нэрийг онцлохгүйгээр хоёр багийг хоёуланг нь дэмжинэ” хэмээн мэдэгдсэн байна.
Тоглолт хэвлэл мэдээллийн асар их анхаарал татаж буй. AFC нь Солонгос хоорондын харилцааны онцлогийг хүлээн зөвшөөрдөг ч тэмцээнийг улс төрийн гаднын зорилгоос ангид цэвэр спортын арга хэмжээ хэвээр байлгахыг хүсэж байгаагаа илэрхийлжээ.
Нөгөө хагас шигшээ тоглолтод Melbourne City FC болон Nippon TV Tokyo Verdy Beleza багууд лхагва гаргийн 14:00 цагт мөн Сувон цэнгэлдэхэд тоглоно.
Шигшээ тоглолт бямба гарагийн 14:00 цагт Сувон цэнгэлдэхэд болно.