“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх “Найрамдлын Эрдэнэс” зусланд амарч байсан хүүхдүүдээс авсан анхан шатны шинжилгээний хариу өнөөдөр гарлаа. Эрүүл мэндийн байгууллагаас хийсэн анхан шатны шинжилгээгээр уг өвчлөл нь цусан суулга болох нь тогтоогджээ. Бактериологийн шинжилгээгээр зуслангийн хоол хүнснээс нян илэрсэн нь энэхүү халдварын гол эх үүсвэр байж болзошгүй байна.

Цусан суулга нь хүнээс хүнд бохир гараар, эсвэл бохирдсон хоол, ус хэрэглэснээр амархан дамждаг халдварт өвчин юм.

Зусланд амарч байсан хүүхдүүдээс өндөр халуурах, гэдэс базлах, шингэн алдах зэрэг шинж тэмдэг долоодугаар сарын 15-аас эхлэн илэрчээ. Энэ дагуу эмнэлэгийн баг ажиллаж, долоодугаар сарын 17-оос эхлэн зуслангийн үйл ажиллагааг бүрэн зогсоосон. Эрүүл мэндийн байгууллагаас авсан шинжилгээний хариугаар зуслангийн ажиллагсдын ариун цэврийн ноцтой зөрчил гарснаас гадна хүнсний аюулгүй байдлын дутагдал байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ.