
Монгол хүний хамгийн том дайсан нь Монголын улстөрчид. Бид ингэж боддог.
Өр, татвар хоёрт өрцөө цөлмүүлэн зүтгэж байгаа иргэдийнхээ амьдралын цоорхойг энгэрт нь гялалзах одон, тэмдгээр тэд бөглөж өгдөг. Бид түүнийг мэддэг. Ажил хийвэл ам тосдоно гэгчээр хийсэн, бүтээсэн хүн хүндтэй гавьяа хүртэх нь зүй. Гэвч бидний алдарших тэмүүллийн зам үүний эсрэг байгаа нь харамсалтай. Яаж ийгээд бусдад таалагдах, танигдах, алдарших хүсэлтэй. Ахиулаад бүр алдар хүнд, гавьяа тэмдгээ ашиглаад авдартаа багтахгүй мөнгө хүүдийлнэ гэж санадаг. Үүгээр ч зогсохгүй бусдыг алдаршуулж, дээлийнх нь энгэрт гялалзсан төмөр зүүснийхээ хүчинд нэр хүндээ өсгөдөг. Үүний хамгийн том жишээ бол улстөрчид байдаг нь захаасаа ил болов. Саяхан Б.Уянга гишүүн “Монгол Улсын хүн ам зүйн бодлого, асуудал шийдэл” хэлэлцүүлгийн үеэр “Гэр бүл дэх аавуудын оролцоог хэн ч дурдахгүй юм. “Алдарт эх” гэдэг шиг аав нарыгаа алдаршуулдаг болъё” гэх санал гаргасан. Хатуухан үнэнийг хэлэхэд хэрэггүй магтаал гэдэг энэ.
Ийм магтаал бол угаадастай адил. Гэтэл угаадас долоохыг хүсэгчид ч цөөнгүй байгаа бололтой. Нийтээрээ ээжийн ачийг магтан дуулдаг атал амьдралын хүнд ачааг нуруундаа үүрдэг аав нарынхаа үнэлэмжийг дутуудуулдаг гэжээ. Ер нь зөв хүн байсныхаа төлөө заавал магтуулах, алдарших шаардлагатай юу? Үгүй аваас алдаршихын тулд л сайн аав байх хэрэг үү. Чадна, бүтээнэ гэж сонсогдсон гишүүдээ хууль санаачилж, батлуулах бүрд мундаг улстөрч гэж алдаршуулах ёстойг далд утгаар иргэд бидэндээ сануулж байгаа нь энэ үү.
Хэн нэгнийг бодит үнэлэмжээр бус өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн өргөмжлөх аргыг бидэнд улаан хувьсгалч большевикууд заасан. Ийм аргаар хувь хүнийг ардын баатар болгож хувиргадаг ч жинхэнэ үйл хэрэг, алдаа оноотой хүн хэвээр байх оршихуйг нь үгүйсгэдэг. Тийм хүнийг худал, хуудуу амьдралынхаа ивээс болгож ямар ч дүрд хувиргаж болно. Өдгөө энэ систем нь ердөө л хүн гавьяа байгуулсан учраас бус харин алдарших замаар гавьяа хүртэх гэсэн эсрэг тогтолцоотой болсон. Уг зарчимд гишүүд маань дөнгөлөгдчихөөд байгаа нь эхнээсээ ил болж буй дээрх жишээ илтгэнэ. Алдар гавьяа горилохгүй аваас заавал алдаршуулж, олны тогоонд оруулж байж тэдний санаа нь амарна. Ингэчихвэл нийгэм гэдэг сүргийг өөрийн дураар хааш ч залж болно гэж бат нот итгэнэ.
Бусдыг алдаршуулах шалтгаан нь бусдыг бодсондоо биш. Ээж аав, садан төрөл, найз нөхөд, танил дотно нэгэн нь биш л бол бусдын төлөө гэдэг зарчим манай эрх баригчдад байхгүй. Тиймээс бусдыг алдаршуулах нь бодит үнэлэмжийг үгүй хийж, хиймэл нэр хүнд бий болгодог болохыг тэд харин ч нэг гадарлана. Гэвч үр дүнд нь жинхэнэ ур чадвар, хөдөлмөр гэх зүйл үнэгүйдэж нийгмийн үнэлэмжийн систем гажуудах сөрөг нөлөөг хэн ч тоохгүй байгаа нь эмгэнэлтэй.
Алдарших тусам хариуцлага ихэсдэг. Тэр хариуцлагыг дааж чадах хүн бусдыг алдаршуулах замаар өөрийн нэр хүндийг бүтээгсэд лав биш. Үүнийг ойлгож ядах юмгүй. Юу тарина, түүнийгээ хураана гэдгийн адил өөрийгөө тэжээдэг гинжин урвал, үйлийн үрийн тойрогтой адил гээд саначих хэрэгтэй.
Сэтгэл судлалд нэр алдрыг хүсэж, түүндээ донтох үзэгдлийг бие даасан өвчний төрөлд оруулж үздэггүй ч сэтгэцийн гэмтлийн үеийн эмгэг хэмээн тодорхойлжээ. Бид өөрийн ур чадвар болон боломж, бололцоог хэт өндрөөр үнэлэх, түүндээ бүрэн автах сэтгэцийн асуудалтай болсон. Ялангуяа өөртөө итгэлгүй, бусдад хүлээн зөвшөөрөгдөж чадаагүй бугшсан мэдрэмжээ хуримтлуулж явдаг хүмүүс эл хандлагад өртөмтгий байдаг гэнэ. Тэгэхээр нэг ёсондоо дутуугийн комплекс. Тэд юм л бол бусдаас ирэх магтаал, алга ташилтаар биеэ хулдахыг хүснэ.
Угтаа алдар нэрийг хүсэмжлэх үзэгдэл шинэ зүйл биш. Хүний хүсэл, шуналтай адил төрөлх зан чанаруудын нэг. Гэвч алдаршихын тулд хөдөлмөрлөж, бүтээж, цагийн дэнсийг давж гарах уламжлалт ойлголт өдгөө манай нийгэмд лав алга. Мэдээж үүх түүхтэй, өөрсдийн хэл соёлтой улс юм хойно большевикуудын суулгасан олон үзэл суртлыг халж ардчилалтай золгосон ч гэлээ бусдыг алдаршуулж, өөрсдөө алдарших хэрэгцээнээс салж чадсангүй. Өдгөө юуны учир их зохиолч Д.Нацагдорж шиг хүн бидний дунд үгүйлэгдсэн хэвээр, тийм хүн төрөхгүй байна вэ гэдэг асуултын хариу тодорхой. Учир нь тэрээр эх орноо гаднаас нь харж чадсан, дотроос нь өөрчлөхийг эрмэлзсэн тэмүүлэлтэй байсан. Гэвч бидэнд тийм тэмүүлэл, бадрангуй сэтгэл үгүй. Мөнгө л байвал болно. Түүний төлөө нэр алдраа худалдаж чадна. Харин тийш хүрэх гүүр нь алдарших сэтгэлгээ. Хэрэвзээ санасандаа хүрчих аваас магад нүүрээ улалзуулан байж олсон алдар хүндээ мөнгөөр халхавчлан бүрэн бүтэн авч үлдэнэ гэж найддаг.
1980 оны арванхоёрдугаар сарын 8-ны орой дэлхий нийтээр нэгэн хүний үхэлд гашуудсан нь Жон Леннон байлаа. Түүнийг тодорхойлох өөр үгс хэрэггүй. Нэрийг нь дурдахад л уншигчдад хангалттай. Америкийн Өмнөд Дакота мужийн нуман хаалганы дэргэд алдарт дуучны нуруу руу таван удаа буудсан тэр этгээд бол үнэнч фэн нь болох Марк Чапман. Тэр чухам юуны учир хэрэг үйлдэх болсон талаар шинжээчдийн таамаглал, түүнээс авсан мэдүүлгэд үндэслэсэн олон баримт байдаг ч эцсийн ганц дүгнэлт нь алдарших донд автсан гэж тайлбарладаг. Алуурчин Йоко Онод хандан өршөөл эрэхдээ нэр алдарт хүрэхийн төлөөх арга ядсан үйлдэл байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн.
Одоо харин бид халаасандаа буутай, түүнийгээ хэзээ мөдгүй гаргаж ирээд хэн нэгэн рүү чиглүүлэн гох дарахад бэлэн сэтгэхүйтэй болцгоожээ. Шалтгаан нь олонд танигдах, алдарших. Ахар богинохон хугацаанд амжилт олохыг хүснэ. Нэр хүнд гэдэг насан туршаа өргөж, бусдын дунд сэвтүүлэлгүй хадгалж явах эд биш гэх үзэлд нэрвэгдсэн. Тэрхүү үзлийг өдөөх нь алдарших дон. Тэгж чадах аваас хэн нэгэн хүний амьдрал, хувь заяаг хохироогоод ч хамаагүй олны анхааралд өртөх ёстой. Гавьяа байгуулахаасаа өмнө гавьяатан болохыг мөрөөддөг “гаж” хандлага тогтоод уджээ.
Цаашлаад энэ нь хүмүүс хоорондын харилцаанд сөргөөр нөлөөлнө. Бусдаас түрүүлж алдаршихын төлөө нэгнээ дэмжих бус хэмлэж эхэлдэг. Угаас нийгэмд амжилт гаргасан хүнийг урамшуулахын оронд доош татах, харлуулах хандлага хүчтэй ажиглагддаг. Учир нь өөрийн үнэлэмж сул хүн бусдын амжилтыг аюул гэж хүлээж авна. Ингэснээр нийгэм бүхэлдээ итгэлцлийн хямралд орно. Намуудын дэвшүүлээд байдаг хамтдаа хөгжих, эвсэн нэгдэх уриа эсрэгээрээ үйлчилж өөрсдийнх нь хэрэглэдэг тэмдэг, медаль тараах аргачлалын золиос нь иргэд болов.

Монгол адуунд “Монгол Улсын баатар” цол олгох санаачилгыг Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо, “Дэлхийн морьтнууд” ТББ зүгээс гаргажээ. Тус холбооны тэргүүн Ю.Үнэнбүрэн хэмээх хүний хийсэн мэдэгдлийг сонсоод дийлэнх олон эвэртэй туулай үзсэн мэт гайхацгаав. Тэгж гайхсанд нь харин баярлууштай. Баатар эрсээ дэлхийн дайдад бахдуулсан хүлэг морио шагнах нь зөв гээд шуугиад эхэлвэл бусдыг алдаршуулах донд автсан гишүүд маань хууль баталчихаж мэдэх л улс.
Монголчууд адууны баяр тэмдэглэхээр болж нийслэлийн төсвөөс гурван тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Ерөнхийлөгч маань дэлхийг туурайгаараа тамгалсан монгол мориныхоо амжилтыг НҮБ-д танилцуулан барин адууны өдрийн тухай тогтоолтой золгосон. Төрийн сүлдэнд заларсан, молор эрдэнэ хэмээн магтдаг морио алдаршуулах нь бүр даамжирч улсын баатар цол олгохыг эрхмүүд маань санаачилж байна. Адуу болж төрсөн учраас тэр шүү дээ. Даанч хөөрхий мөнөөх адуу нь улсын баатар болсноо мэдээд баярлаж эвшээх нь юу л бол. Тэгээд ч шагналыг малд хүртэл олгоод эхлэвэл баатар цол хүртсэн хүмүүс маань юу болох вэ. Чухам үүнээс хоржоонтой парадокс гэж байх уу?
Эцэстээ энэ бүхэнд зориулсан төсөв, өртөг нь өглөөн нарнаар зам дээр түгжирч ажлынхаа хаалгыг бухимдан нээх миний, чиний халаасанд байгаа. Түүнийг татвар гэж нэрлэдгийг эрхбиш мэдэх биз ээ. Туйлшрал нь хэтрээд мал, амьтанд хүртэл одон зүүж өгөхдөө тулсан бидний энэ дон үргэлжилсээр халаас цоорохын цагт тэрбумаар нь цацаж, салхинд хийсгэсэн төгрөг хөгшид, хүүхдэд маань илүү хэрэгтэй байсныг ойлгоно.
Аль нэг яамны жуух бичиг, салбарын хүндэт тэмдэггүйгээр ажиллаж, хөдөлмөрлөж, үеийнхэн дундаа манлайлал үзүүлэхдээ эргэлзэж эхлэх болов.
Бурмаар тэжээхээр урмаар тэжээ гэдэг ч өдгөө төрийн хайрласан урам нь төмөр тэмдэг, баяр хүргэсэн өргөмжлөлөөр л хэмжигдэж байна. Ингэж Монголоо шагналыг хүлэмж болгож орхилоо. Тэнд төмөр медаль тарьж, түүнийг иргэд нь мэрж амьдарна.
Ямар нэгэн шагнал зүүгээгүй бол амьдралдаа гутардаг, өөрийг нь үнэлэхгүй байна хэмээн гомдоллодог болсон ч сураг дуулдана лээ. Инээх үү, уйлах уу.
Төрийн цол тэмдэг гэдэг хүндэтгэл мөн үү гэвэл мөн. Тиймдээ ч алдар нэр гэдэг утгатай дүйдэг. Гэвч нэртэй, цуутай хүн бүрийг “одон” болгож хувиргаад байх нь нэн зохисгүй явдал. Хийсэн үйл, бүтээсэн ажлынх нь эсрэг үг дуугарсан бүхний амыг одонгоор дарж, иргэд нь түүгээр үзэл бодлоо худалдах болсон эл цагт зарим хүндэтгэл нь эхнээсээ үнэгүйгээд хоцорч байгааг Та бид мэднэ. Тэгэхээр эх орноо шагналын хүлэмж болгохоос илүүтэй хавар бүр л хөндөгддөг төмсний үрийн асуудлаа шийдчихвэл ядаж хоосон төмөр мэрэхгүй юм даа.
2016 онд гавьяатын шагналыг авахад зургаан сая төгрөгийн ханштай байна хэмээн нийтээр шуугицгааж байв. Тодорхой нотлогдсон зүйл үгүй. Гэхдээ олны үг ортой. Өдгөө инфляц гэх зүйлд дарлуулсан төгрөгийн өсөлтөө бодоод үзвэл арван жилийн дараа уг ханш хэдээр үржигдсэнийг мэдэхгүй. Тухайн үед мөн Ерөнхийлөгчийн алба хашиж байсан Ц.Элбэгдорж сэтгүүлчдийн асуултад “Нэг сумынх гэхээрээ хоёр, гурван зуугаараа шагналд тодорхойлдог” хэмээн хариулж байв. Энэ тоог бас мөнгөний ханштайгаа адил өнөө үед дүйцүүлэн үржүүлээд бодчиход буруудахгүй.
Бид жил бүр үндэсний болон нийтийн томоохон баяр ёслолын үеэр шилдгүүдээ тодруулж, бусдыгаа алдаршуулдаг. Гэхдээ ихэнх нь төрөөсөө шанаа авч, бос гэсэн газарт нь босож, суу гэсэн газарт нь сууж байгаад мөнөөх шагналаа авч байгаа ажиглагддаг. Төрийн хүндэтгэлтэй уялдуулсан шагналын мөнгөн дүн нь төлж байгаа татвараас нь бага. Зарим нь бүр мөнгөн тэтгэмж үгүй. Ердөө л төмөр, үнэмлэх хоёр бий. Тэгээд ч эхийн алдарт одонтой байлаа гээд аав, ээжүүдийн үнэлэмж, гэр бүлийн харилцаанд өөрчлөгдсөн зүйл байхгүй. Жилдээ тус одонг дагаж ирдэг хоёр зуун мянган төгрөг л ялгамж үүсгэдэггүй юм бол шүү дээ.
Өдгөө олонд танигдана гэдэг зарим үсрэнгүй хөгжсөн орны иргэдийн хувьд хүсэх зүйл биш болсон. Тэд алдар хүндээс илүүтэй амар амгалан аж төрөхүйг эрхэмлэж, шагналын хийрхлээс ангид бүтээж, хөдөлмөрлөж байгаа. Бусдад нэр нүүрээ баран шагналын тодорхойлолт барьж гүйхээс илүүтэй өөрийнхөө өмнө үнэ цэнтэй байх нь надад чухал. Харин Танд..?