Мексик улсад 2024 онд Ерөнхийлөгчийн сонгууль болсон. Тус сонгуулиар Клаудиа Шейнбаум сонгогдсоноор Мексикийн 66 дахь төдийгүй анхны эмэгтэй төрийн тэргүүнээр тодорсон билээ.

Өчигдөр тусгаар тогтнолын 215 жилийн ойн баярт зориулсан цэргийн ёслолын жагсаалд Шейнбаум төрийн тэргүүний хувиар анх удаа оролцлоо. 

1810 оны есдүгээр сарын 16-нд мексикчүүд Испаниас тусгаарлах аян дайныг эхлүүлсэн өдрийг тусгаар тогтнолын эхлэл болгон тэмдэглэдэг уламжлал тогтжээ.

Клаудиа Шейнбаум тусгаар тогтнолоо олж чадсан 130 сая иргэнийхээ өмнө энэ баярт өдөр анхны эмэгтэй төрийн тэргүүний хувиар үг хэллээ. Тэрээр бие даасан бүрэн эрхт Мексик улсын эрх чөлөө, тусгаар тогтнол үүрд мандан бадрах болтугай гэжээ. Мөн гадаад улсад цагаачлан амьдарч байгаа ахан дүүстээ сайн сайхныг хүсэн ерөөсөн байна.

Трампыг Цагаан ордонд эргэж очсоноос хойш АНУ-д цагаачлан амьдардаг Мексикийн 75 000 цагаач иргэн эх нутагтаа эргэн ирсэн байна.

Хөрш орон, хилийн маргаантай асуудлаас гадна дотоодын аюулгүй байдлыг хамгаалах нь тус улсын анхны эмэгтэй төрийн тэргүүний өмнө тулгарч байгаа бодит сорилт юм. Хэдийгээр улс даяар тусгаар тогтнолын баярыг тэмдэглэж, нийслэл хотод цэргийн парад зохион байгуулсан боловч улс орны зарим хэсэгт зэвсэгт мөргөлдөөн гарахаас сэргийлж баярын арга хэмжээг цуцалжээ. Тухайлбал, баруун хойд муж Синалоа болон баруун хэсгийн Мичоакан мужийн дөрвөн хотод баярын арга хэмжээнүүдийг цуцалсан байна.

2024 оны аравдугаар сарын 1-ний өдөр Ерөнхийлөгчийн ажлыг хүлээж авснаасаа хойш Шейнбаум Мексикийн зэвсэгт хүчний командлагчийн үүргийг давхар гүйцэтгэж эхэлсэн. Ингэснээр урьд өмнө эмэгтэй хүмүүсийг оролцуулдаггүй байсан цэрэг арми, зэвсэгт хүчний салбарын арга хэмжээнүүдэд оролцож улс төрд төдийгүй аль ч салбарт хүйс хамаарахгүй болохыг тодорхой харуулж чадаж байгаа юм.