Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн БНХАУ-ын Эрээн хот тодорхойгүй хугацаагаар хилээ хаасан билээ. Үүнтэй холбогдуулан манай улсын хэмжээнд өргөн хэрэглээний зарим бараа бүтээгдэхүүний нэмэгдэж иргэдийг бухимдуулаад байна. Өргөн хэрэглээний бүтээгдэхүүн ямар үнэ ханштай байгаа талаар сурвалжлахаар хүнсний дэлгүүрүүд болон зарим худалдааны төвийг зорьлоо.

Монгол төмс, манжингийн үнэ хоёр дахин өсжээ

Хүчит шонхор, Бөмбөгөр худалдааны төв дээр 10.00 цагийн үед очиход  нарийн ногооны үнэ тогтворжсон байлаа.  Энэ нь Эрээн боомтод гацсан зарим ачааг татан авчирсантай холбоотой юм. Долоо хоногийн өмнө  өргөст хэмх нэг кг нь 15 000, үрлэн помидор 20 000, чинжүү 10 000-20 000 төгрөгийн үнэд хүрээд байв.  Харин өнөөдөр өргөст хэмх 9000-12 000, чинжүү 8500-12 000, үрлэн помидор 10 000-15 000 төгрөг болон үнэ нь буурчээ. Харин монгол төмс, байцаа, манжин зэрэг хүнсний ногооны үнэ  эрс өсжээ.

"Хүчит шонхор" төвийн худалдагч С.Мягмарсүрэн “Нарийн ногооны үнэ харьцангуй буурч тогтвортой болсон. Харин монгол төмс, манжингийн үнэ хоёр дахин өссөн. Хил хаасантай холбоотой төмс, лууван манжин авах нь ихэссэн учир цаанаасаа нэмэгдэж ирсэн. Удахгүй буурах байх” гэлээ.

Харин бусад худалдан авагч нар “Хил хаасан гээд монгол ногооны үнэ нэмж байгаа нь ямар ч үндэслэлгүй санагдаж байна. Саяхан л иргэд монгол ногоогоо идэх хэрэгтэй. Хятад ногоо хэрэггүй гээд ам нэгтэй байсан. Гэтэл дотооддоо тариалдаг бараа бүтээгдэхүүн нэмэгдчихлээ. Ард иргэдээ бодохгүй хувиа хичээсэн үзэлтэй үйлдвэрлэгчид их байна" гэв. Тэдний хэлсэнчлэн Эрээний боомт хаалаа гээд Монголд тариалсан ногооны үнэ өсөх нь үндэслэлгүй юм.

Хүнсний зах дэлгүүрүүдээр монгол төмс 789-1500 төгрөгийн ханштай байна. Харин луувангийн хувьд 1500-3500, байцай 1500-3500 төгрөг бол манжин 3000-3500 төгрөгөөр худалдаалагдаж байгаа юм. Мөн ОХУ-ын цөцгийн тос хүнсний зах, дэлгүүрт 5500-6400 төгрөг, ургамлын тос дунджаар 5430 төгрөг буюу 4800-7479 төгрөгийн үнэтэй байлаа.

Далимдуулсан үйлдвэрлэгчид

Мөн өдөр тутмын хэрэглээний гол хүнсний бүтээгдэхүүний үнэ өсжээ. Дотоодод үйлдвэрлэдэг гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ 200-2000 төгрөгөөр нэмэгдэж, үүнийг дагаад талхны үнэ ч өсжээ. Тухайлбал, “Атар” талх 1280-1540, "Зууван чех" талх 1699-1898 төгрөг болж өссөн байна. Мөн огцом үнэ өсгөж иргэдийн бухимдлыг төрүүлсэн “Жин туул” нарийн боов 4150-9000 төгрөгөөр бүтээгдэхүүнээ нэмсэн байлаа. Улсын хэмжээнд 2020 оны байдлаар хүн амын гурилын хэрэгцээний 98.3 хувийг дотоодын үйлдвэрлэлээс хангадаг гэдгийг  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлсэн  байдаг. Гэтэл шатахууны үнэ өсөх үед бүтээгдэхүүний үнийг нэмсэн хэрэглэгчид хил хаасныг далимдуулан дахин үнээ нэмж байгаа нь иргэдийг бухимдуулж байна.

Цаашид өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн хэр их нэмэгдэхийг тааврлашгүй. Зуд болоход нохой зоолно, зовлон учрахад лам баяжна гэдгийн л  үлгэр болж байна даа.