Нобелийн Энх тайвны шагналт Малала Юсуфзай сүйт залуу Ассер Маликтай гэрлэлтээ батлуулж, исламын шашны ёсоор хуримлалаа.
Охидын боловсролын төлөө тэмцэгч, өдгөө 24 настай Малала гэрлэлтийнхээ талаар өөрийн цахим хуудсанд "Өнөөдөр миний амьдралын нандин өдөр. Ассер бид хоёр насан туршийн хамтрагч байхын тулд хуримаа хийлээ. Бид Бирмингем дэх гэртээ гэр бүлийн хүрээнд бяцхан никка [исламын гэрлэлтийн гэрээ] ёслол тэмдэглэсэн. Та бүхэн залбирлаа илгээнэ үү. Бид амьдралын цаашдын аялалдаа хамтдаа алхаж байгаадаа баяртай байна" хэмээн бичжээ.

Пакистаны эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Малала 2012 онд талибуудад буудуулж хүндээр шархадсан юм. Лондонд эмчлүүлэхээр ирсэнээс хойш суурин амьдарч байгаа Малала Юсуфзай 17 насандаа Нобелийн Энхтайвны шагнал хүртэж байв. Оксфордын Их сургуулийг философи, улс төр, эдийн засгийн чиглэлээр төгссөн бүсгүй 2017 оноос НҮБ-ын Энхийн элчээр ажиллаж охидын боловсролын ач холбогдлыг нийгэмд таниулах үйлсэд зүтгэж явна.