Иргэд эмийн үнийг хүнсний бүтээгдэхүүн шиг, талх шиг мэддэггүй. Нийтлэг хэрэглэдэг эмийн үнэ ямар байдгийг ч мэдэхгүй. Худалдагч (эмийн санч) хэд ч гэж хэлсэн тэр л үнээр нь авдаг бараа бүтээгдэхүүн бол эм, тариа, эмнэлгийн хэрэгсэл. Худалдагчтай тохирч үнийг бууруулна гэсэн ойлголт энд байхгүй. Чанарыг нь бүр ч мэдэхгүй. Тиймээс ямар нэгэн шалгуур, цензургүйгээр худалдан авдаг. Коронавирусийн халдварын улмаас иргэд эмийг талх шиг худалдан авдаг боллоо. Ийнхүү эрэлт өссөнтэй холбоотойгоор коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх эмийн үнэ нэмэгджээ. Өмнө нь иргэд эмийн үнийг мэддэггүйг далимдуулан үнийг нь дураараа тогтоодог гэсэн шүүмжлэл гардаг ч үүнийг бодитой эсэхийг тогтоодог газар байдаггүй байлаа. Нэг төрлийн эм эмийн сангуудад өөр өөр үнэтэй байдгийг тухайн эмээ байнга хэрэглэдэг хүмүүс л анзаардаг. Тиймээс эм, тариа, эмнэлгийн хэрэгсэл дагасан энэ бизнесийг цэгцлэх, хяналт тавих үүднээс УИХ 2020 оны наймдугаар сард Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Уг өөрчлөлтийн дагуу Эм, эмнэлгийн хэрэгслийн агентлаг байгуулаах болсон юм. Тус агентлагийг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар нэртэйгээр байгуулж 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс ажилд нь оруулсан.

"Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрыг байгуулснаар Монгол Улсад хэрэглэх чанартай эмийг нэг үнээр авч, бүх эмийн сангаараа дамжуулан нэг үнээр зарах тогтолцоо бий болно" хэмээн Засгийн газраас мэдэгдэж байлаа. Энэхүү агетлагийг байгуулснаар юу өөрчлөгдөх талаар тухайн үеийн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дараах байр суурийг илэрхийлж байсан юм.

Т.Мөнхсайхан: Эм, эмнэлгийн хэрэгслийн агентлаг байгуулснаар эмийн үнэ хэдэн дахин буурна

-Эм, эмнэлгийн хэрэгслийн агентлагийг байгуулснаар орон тоо нэмэгдэнэ. Гэхдээ эм, эмнэлгийн хэрэгсэлд гарах төсвөөс хэмнэх зардал нь нэмэгдэж байгаа орон тоонд гаргах зардлаас хэд дахин их. Манай улс цөөн хүн амтай ч эм, эмнэлгийн хэрэгслийн бизнес маш их тоогоор хэмжигддэг. Агентлаг байгуулснаар эм, эмнэлгийн хэрэгслийг одоо авч байгаа үнээс нь хэд дахин хямд өртгөөр авах боломжтой болно. Шинээр байгуулагдах агентлагийн нэг чиг үүрэг нь энэ. Хоёрдугаарт, импортоор орж ирж байгаа эм, эмнэлгийн хэрэгсэлд хяналт тавина. Одоо бол Эрүүл мэндийн яаманд дөрөв, тавхан хүнтэй Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтэс гэж бий. Энэ хэлтэс улсын хэмжээнд орж ирж байгаа эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, үнийн хөөрөгдөлд хяналт тавьж дийлэхгүй байгаа. Тиймээс Эм, эмнэлгийн хэрэгслийн агентлаг байгуулах нь зүйтэй гэж үзэж хууль эрх зүйн орчныг нь батлуулсан. Одоо аентлагаа байгуулах бэлтгэл ажил хийгдэж байна. Удахгүй Засгийн газрын хуралдаанаар агентлагийнхаа бүтэц, орон тооны хязгаарыг батлуулна. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эм, эмнэлгийн хэрэгслийн салбар стратегийн худалдан авагчийн тогтолцоо руу шилжинэ. Энэ бүхний бэлтгэл ажил 80 хуввтай явж байна.

Ч.Хүрэлбаатар: Манайд худалдаалагдаж байгаа эмийн үнэ ДЭМБ-ын жишиг үнээс 5-6 дахин өндөр байгаа

-Эм, эмнэлгийн хэрэгсэл тойрсон асуудал нь өнөөдрийг хүртэл эмзэг сэдэв байсаар ирсэн. “Импортоор орж ирсэн эмийн үнийг дунджаар 68 хувиар нэмдэг. Манайд худалдаалагдаж байгаа эмийн үнийг дэлхийн эрүүл мэндийн байгууллагын жишиг үнэтэй харьцуулахад 5-6 дахин өндөр” гэсэн судалгааны дүн бий. Тиймээс эмийн үнийг дураараа тогтоодог асуудлыг цэгцлэхгүй бол зэрлэг капитализмаараа явсаар л байх болно. Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хийсэн судалгаагаар манай улсад импортоор орж ирж байгаа гурван эмийн нэг нь хуурамч байгаа нь тогтоогдсон. Тэгэхээр эм, эмнэлгийн хэрэгслийг хариуцлага агентлаг байгуулж ажиллуулахгүй л бол олон хүний эрүүл мэнд, санхүүгийн асуудал хүндрэхээр байгаа.

Тухайн үеийн сайд нарын хэлж байснаар бол Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрыг байгуулснаар эмний үнийг дураараа тогтоодог байдал арилах нь гэж ойлгосон. Гэвч эмний үнэ нэмэгдэж байгаа тухай иргэдийн гомдол тасрахгүй байна. Байгуулаад хагас жил болж байгаа агентлагийн үр дүнг хэзээ үзэх вэ. Бүх төрлийн эм, эмнэлгийн хэрэгсэлд хяналт тавьдаггүй юм аа гэхэд цар тахлын хүнд үед хамгийн их эрэлттэй байгаа эмийн үнэд хяналт тавьж болохгүй юү.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар үүдээ нээгээд хагас жил болж байгаа ч харамсалтай нь үйл ажиллагаа нь бүрэн жигдрээгүй бололтой. Тус газрын даргаар Б.Цэцэгсайхан хэмээх бүсгүй ажилладаг бөгөөд "UBH" центрийн найман давхарт үйл ажиллагаа явуулдаг юм байна. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан нь эрүүл мэндийн салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай бөгөөд саяхан Алтангадас одонгоор шагнуулжээ.