Шинэ төрлийн коронавирусийн улмаас оюутан, сурагчид өнгөрсөн хавраас эхлэн хагас жил гаруй хугацаанд цахимаар хичээллэж, зайнаас суралцсан. Тодруулбал, танхимын сургалтыг 2020 оны нэгдүгээр сарын 27-ноос зогсоож зуны амралттай золгосон билээ. Нэг улирлын турш дэлгэцийн цаанаас суралцсан оюутан, сурагчид есдүгээр сарын 1-нээс эхлэн танхимд хичээллэж эхэлсэн ч эхний улирлаа ч дуусгалгүй дахин хөл хорио тогтоож, теле хичээлд шилжсэн юм.
“Төгсөхийн тулд сурч, мэдсэн зүйлгүй төлбөр төлөөд кредит дүүргэж байна”
Зайнаас суралцах нь танхимын сургалттай дүйцэхүйц мэдлэг, мэдээлэл олгож чадахгүй байгаа талаар оюутнууд хэлж байна. МУБИС-ийн дөрөвдүгээр дамжааны оюутан Л “Өнгөрсөн хавар ч тэр, энэ намар ч ялгаагүй хичээлүүд эмх цэгцгүй, нэгдсэн системгүй, үр дүнгүй орсон. Уг нь багш нар нэгдсэн зохион байгуулалт, сургалтын нэг платформтой байвал зүгээр санагдсан. Сургуулиас хяналт сул байдаг болохоор багш нар өөрсдийн сэтгэл, ур чадвараар л хичээлд хандсан. Тухайлбал, зарим багш оюутнуудтай эргэх холбоотой ажиллаж байсан бол зарим нь хэдхэн слайд, word файл оруулаад л орхичихдог. Долоо хоногт нэг удаа бие дааж бодлого бодоорой гэсэн утгатай даалгавар ирнэ. Ийм байдлаар мэдлэг олж авах ямар ч боломжгүй юм билээ. Түүнчлэн заавал танхимаар орох шаардлагатай лаборатори хичээлүүд ч бий. Төгсөхийн тулд сурч, мэдсэн зүйлгүй төлбөр төлөөд керидит дүүргэж байна. Ямар ч мэдлэг, чадвар олж авахгүй хэрнээ номоос хуулсан слайдыг их мөнгөөр худалдаж авах нь шударга бус санагдаж байна” гэлээ.
“Дүн гарахын өмнө судалгаа авсан болохоор ямар ч оюутан муу байсан гэж хэлж зүрхлэхгүй”
Хангалтгүй мэдлэг олж авч байгаа хэрнэ “ханасан” төлбөр төлж байгаа нь учир дутагдалтай. Гэтэл өнөөдрийн байдлаар сургалтын төлбөрийн бодитой хөнгөлөлт үзүүлсэн их, дээд сургууль алга гэхэд хилсдэхгүй. Зөвхөн СЭЗИС л сургалтын төлбөрөө найман хувь хөнгөлсөн. Харин зарим сургууль сургалтын төлбөр хөнгөлөх боломжгүй гэх байр суурь илэрхийлээд буй юм. Тухайлбал, МУИС-ийн захирал Б.Очирхуяг “Цахим сургалтын төлбөрийг хөнгөлөх боломжгүй. Оюутнууд цахим сургалтыг танхимын сургалттай ижил үр дүнтэй байна гэж үнэлсэн” гэж мэдээлсэн билээ. Гэтэл оюутнууд өөр байр суурьтай байгаа юм. Энэ талаар тус сургуулийн гуравдугаар дамжааны оюутан Т “Судалгаа үнэн, бодитой байсан гэж дүгнэхэд бэрх. Учир нь дүн гарахын өмнө судалгаа авсан болохоор ямар ч оюутан муу байсан гэж хэлж зүрхлэхгүй. Түүнчлэн тус судалгааг бөглөсөн тохиолдолд шалгалт өгөх эрх нээгдэх байсан болохоор шалтгалтын хугацаа нь тулсан хүүхдүүд асуултыг уншиж, тухлах ч завдалгүй бөглөсөн байх. Яаж ч бодсон танхимын сургалт, цахим сургалтын үр дүн газар тэнгэр шиг зөрүүтэй байгаа. Ямар ч эмх цэгцгүй. Багш нарын өгч байгаа даалгавар нь үр дүнгүй, аргацаасан байдалтай байна. Хэдэн слайд харж, ганц, нэг видео үзэхийн төлөө 300 орчим мянган төгрөг төлж байгаа нь үнэхээр учир дутагдалтай” гэв.
Төлбөр хөнгөлөх шийдвэр гаргасан их сургууль алга
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /КОВИД-19/-ЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ТУХАЙ хуульд цахим сургалтын төлбөрийг хөнгөлөх тухай тусгасан байна. Тодруулбал, тус хуулийн хуулийн 7.1.8.-д “Өмчийн хэлбэр үл харгалзан бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг тодорхой хугацаагаар теле, цахим хэлбэрт шилжүүлэх арга хэмжээг зохион байгуулах, сургалтын төлбөрийг хөнгөлөх, дараагийн төлбөрт шилжүүлэх журам батлах” тухай тусгажээ.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын ээлжит хурлаар Гамшгаас хамгаалах бүх нийтийн болон, өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан хичээл сургалтын үйл ажиллагааг теле, цахим хэлбэрт шилжүүлсэн хугацаанд оюутны сургалтын төлбөрийг хөнгөлөх, дараагийн улирлын болон жилийн төлбөрт шилжүүлэх журам гаргаж мөрдүүлж ажиллахыг Засгийн газрын хуралдаанаас БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэнд даалгасан юм. Гэтэл ирэх улирлын сургалтын төлбөрийг хөнгөлөх эсэхийг сургуулиуд шийдээгүй байна. Энэ талаар зарим нэр бүхий сургуулиас тодруулахад “Судалж байна. Одоогоор энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй байна. Тийм яриа гараагүй байна” зэрэг хариулт өгч байлаа.