2020 оны утга зохиолын Нобелийн шагналыг Америкийн яруу найрагч эмэгтэй Луиза Глюкт олголоо. Яруу найргийн хувь оршихуйг бусдад ойлгуулсан эгэл бөгөөд шулуун зоримог илэрхийллийг нь үнэлж Луиз Глюкт энэхүү шагналыг гардуулж буйг Нобелийн хорооны мэдэгдэлд өгүүлжээ.
"Глюк орчин үеийн америк уран зохиолын хамгийн гарамгай уянгын яруу найрагчдийн тоонд багтдаг. Түүний яруу найрагт уран егөөдөл, хурц хэллэгээр баялаг” хэмээн Нобелийн хорооны дарга Андерс Ульссон хэлжээ.
Альфред Нобелийн (1833-1896) гэрээслэлийн дагуу энэ салбарын шагнал нь “идеалист чиглэлийн шилдэг уран зохиолын бүтээлд” олгогдох ёстой. Чухам яагаад “Идеалист уран зохиол” гэж тодотгосон талаар өнөөг хүртэл маргаан өрнөсөөр байгаа юм.
Утга зохиолын салбарын шагналд нэр дэвшүүлэх журам
Шведийн академи болон бусад төрийн бус байгууллага, хэл, уран зохиолын профессорууд, өмнөх оны шагналтнууд, зохиолчдын байгууллагын дарга нар нэр дэвшигчдийг тодорхойлох эрхтэй. Жил бүр академи нэр дэвшүүлэх 600-700 урилга явуулдаг. Нэр дэвшүүлсэн тодорхойлолтоо нэгдүгээр сарын 31-нээс өмнө ирүүлэх ёстой. Учир нь хаврын турш Шведийн академи эхлээд 20 зохиолчийн нэрийг тодруулаад дараа нь жагсаалтаа таван хүн хүртэл богиносгодог. Академийн гишүүд зун тэдний бүтээлтэй дахин сайтар танилцаад намар нь шагналтанг тодруулдаг. Шагналтанг зарлахаас цаг хагасын өмнө нууц санал хураалтаар тодруулна.
Харин нэр дэвшигчдийн жагсаалтыг 50 жилийн дараа л гаргана. Энэ жилийн баримтыг 2070 онд Шведийн академийн архиваас үзэж болох ажээ.
2017 онд нээлттэй болгосон архиваас харвал 1966 оны утга зохиолын шагналд Оросын яруу найрагч Анна Ахматовагийн нэрийг дэвшүүлсэн байв. Оросын яруу найрагч эмэгтэй 1966 оны гуравдугаар сарын 5-нд нас барсан учир түүний нэрийг цаашид авч хэлэлцээгүй ажээ. Ил гарсан материалд байгаагаар тэр жилд 72 хүн шагналд нэр дэвшсэний дотор Владимир Набоков, Константин Паустовский, Сэмюэл Беккет, Луи Арагон, Альберто Моравиа, Хорхе Луис Борхес, Пабло Неруда нарын нэрс байжээ.
Шагналтнуудыг тойрсон маргаан
Утга зохиолын эсвэл Нобелийн энх тайвны шагналтнуудын талаар ярилцахад олон нийтийн болон шинжээчдийн зүгээс дандаа л маргаан гардаг. Жишээлбэл, 1901 оны шагналтан франц яруу найрагч Сюлли-Прюдом нэлээд дуулиан тарьсан. Зохиолч Сельма Лагерлёф, зураач Андерс Цорн тэргүүтэй сэхээтнүүд Шведийн академид эсэргүүцлээ илэрхийлэн , шагналыг дэлхийн уран зохиолын том төлөөлөгч Лев Толстой авах ёстой гэжээ. 2016 оны шагналыг “Америкийн аугаа их уламжлалд яруу найргийн дүр төрхийг гаргасан” гэгдэж хөгжимчин Боб Дилан авсан нь бас л их шүүмжлэл дагуулж байв. Диланд Нобелийн шагнал олгохыг санал нэгтэйгээр шийдсэн гэж Шведийн академийн нарийн бичгийн дарга Сара Даниус шүүмжлэлийн хариуд хэлж байлаа. Харин шинжээчид тухайн оны шагналыг сонгодог зохиолчид олгох байсан гэж мэдэгджээ. Үүний дараа Шведийн академийн гишүүн шагналд нэр дэвшигчийн нэрийг найз нөхдөдөө тараадаг байсан нь илэрч академичид нь огцорсноор 2018 оны шагнал олгогдсонгүй. 2018 оны арваннэгдүгээр сард Нобелийн сан, Шведийн академи хамтран Утга зохиолын Нобелийн шинэ хороог байгуулжээ.
Шагналтнууд
Энэ шагнал бий болсноос хойш 116 зохиолч шагналтан болсны 16 нь эмэгтэйчүүд. Шагналтнуудын тоонд дэлхийд нэртэй зохиолчид: Рабиндранат Тагор (1913), Анатоль Франс (1921), Бернард Шоу (1925), Томас Манн (1929), Герман Гессе (1946), Уильям Фолкнер (1949), Эрнест Хемингуэй (1954), Пабло Неруда (1971), Габриэль Гарсиа Маркес (1982) нар байгаа.
Их Британийн Ерөнхий сайд Уинстон Черчилль, “түүхэн болон намтрын төрлийн бүтээлийн өндөр чадвар түүнчлэн уран илтгэгчийн гайхамшигтай урлагийн тусламжтайгаар хүний дээд үнэт зүйлийг тогтооход оруулсан хувь нэмрийнх нь төлөө” гэсэн тодотголтойгоор 1953 оны шагналыг хүртжээ. Черчилль энх тайвны шагналд хоёр удаа нэр нь дэвшээд авч чадаагүй юм.
Зарчмаар бол зохиолчид утга зохиолын салбарт оруулсан хувь нэмрээрээ шагнал авдаг. Гэхдээ, есөн зохиолч тодорхой нэгэн бүтээлдээ шагналтан болж байв. Жишээлбэл, Томас Манн "Будденброки" романаараа; Жон Голсуорси "Форсайтын туульс"-даа (1932); Эрнест Хемингуэй "Өвгөн ба тэнгис" тууждаа; Михаил Шолохов 1965 онд "Дөлгөөн Дон" романдаа Нобель авч байлаа.
Статистик
Нобелийн сайтад тэмдэглэснээр, шагналтан зохиолчдын 12 нь нууц нэрээр зохиолоо бичиж байв. Энэ жагсаалтад Франц зохиолч бөгөөд утга зохиолын шүүмжлэгч Анатоль Франс (жинхэнэ нэр нь Франсуа Анатоль Тибо), чили яруу найрагч, улс төрийн зүтгэлтэн Пабло Неруда (Рикардо Элиэсер Нефтали Рейес Басоальто) нар багтдаг.
Англи хэлээр бичдэг 29, франц хэлээр бичдэг 14, немец хэлээр бичдэг 14, испани хэлний 11, швед хэлний долоо, итали хэлний зургаа, орос хэлний зургаа, польш хэлний тав, дани, норвеги хэлний тус бүр гурав, япон, грек, хятад хэлтэй тус бүр хоёр зохиолч байдаг. Араб, бенгал, унгар, исланд, португали, серби-хорват, турк, окситан (франц хэлний провансаль аялага), фин, чех, иврит хэлээр бичдэг тус бүр нэг хүн Нобелийн шагнал авч байжээ.
Үргэлжилсэн үгээр шагнал авсан 78 хүн байдаг бол 35 яруу найрагч, 15 жүжгийн зохиолч бий. Түүхэн зохиолоор гурван зохиолч, гүн ухаанаар хоёр хүн шагнал хүртжээ. Гэхдээ нэг зохиолчийн олон төрлийг тэмдэглэж болно: Жишээлбэл, Борис Пастарнак үргэлжилсэн үг ба яруу найрагч, Морис Метерлинк (Бельги; 1911 он) үргэлжилсэн үг ба жүжгийн зохиолч гэж шагнал авч байжээ.
1901-2016 онуудад 109 удаа шагнал гардуулжээ. Харин 1914, 1918, 1935, 1940-1943 онуудад академичид таарах зохиолчийг олсонгүй.
Зохиолч шагналтнуудын дундаж нас 65, хамгийн залуу нь 42 насандаа шагнал хүртсэн Редьярд Киплинг (1907), хамгийн ахмад нь 88 настай Дорис Лессинг (2007) нар байв.