Сүүн шүдний өвчлөл болон арчилгаа, эмчилгээний талаар “Сүүн шүдхэн” хүүхдийн шүдний эмнэлгийн эмч О.Баялагтай ярилцлаа.
-Хүүхэд дунджаар зургаан сартайгаасаа шүдэлж эхэлдэг. Улмаар гурван нас хүрэхэд сүүн шүд бүрэн ургаж гүйцдэг бөгөөд энэ үед дээрээ 10, доороо 10 шүдтэй болох ёстой. Бүтэц нь байнгын шүдтэй ижил ч паалангийн эрдэсжилт бага учир амархан цоордог юм. Нэг шүд цоороход л маш хурдан хугацаанд бусдадаа халдварладаг. Тиймээс хэрэв цоорсон бол яаралтай эмчид хандах хэрэгтэй. Эмнэлэгт хүүхдийн шүдний цоорлоос шалтгаалан ломбодох, түрхлэг түрхэх зэрэг арга хэмжээ авдаг.
-Хүүхэд бүрийн шүдлэх хугацаа нь харилцан адилгүй байдаг. Заримд нь ой хүрээд дөнгөж шүд цухуйдаг бол цахиуртай төрдөг хүүхэд ч бий. Үүний шалтгаан болон үр нөлөөний талаар тайлбарлана уу?
-Цахиур цухуйх хугацаа харилцан адилгүй байдаг нь тухайн хүүхдийн онцлог, өсөлт хөгжилтэй холбоотой. Түүнчлэн ээжийнх нь жирэмсэн байхдаа хэрэглэсэн амин дэм, витамин хүүхдийн сүүн шүдний ургалтад нөлөө үзүүлдэг. Тиймээс зарим хүүхэд төрөхдөө цахиуртай байдаг нь хэвийн үзэгдэл. Гэхдээ эрт цахиур нь цухуйсан хүүхдийн шүд амархан цоорох талтай. Учир нь нярай байхдаа ойр, ойрхон мөөм хөхдөг учир шүд нь сүүнд түлэгддэг. Харин сүүн шүд ургахгүй хэт удвал хоол боловсруулах эрхтэнд сөргөөр нөлөөлнө.
-Сүүн шүдний цоорлоос урьдчилан сэргийлэх боломжтой юу?
-Урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Хамгийн гол нь анх цахиур цухуйж эхэлмэгц нь арчлах хэрэгтэй. Гэхдээ хүүхдийнхээ шүдийг арчилна гээд эцэг эхчүүд хэт бага сартайд нь оо, сойзоор угаах гэж оролддог. Нялх хүүхдийн шүдийг оо, сойзоор угаах ямар ч боломжгүй шүү дээ. Тиймээс бинт хуруундаа ороож, цэвэр усанд норгоод, буйл, шүдэнд наалдсан сүүг арчих хэрэгтэй юм. Харин 6-8 шүдтэй болмогц нь синтетик үстэй сойз хэрэглэх нь тохиромжтой. Шүдний сойзыг сонгохдоо үүдэн хоёр шүдний хэмжээтэй ижил, зөөлөн үстэй, урт иштэй байвал тохиромжтой. Нэг хүртэлх настай хүүхдийн шүдэнд оо шаардлагагүй. Учир нь бага насны хүүхэд оог залгичихдаг учир дотор эрхтэнд сөрөг нөлөө үзүүлдэг. Хүмүүс шүд арчилгааны хамгийн чухал хэрэгслийг оо гэж андуурдаг. Мөн сойзны толгойд бүхэлд нь оо түрхчихдэг. Стандартаараа бага насны хүүхдэд нэг ширхэг будааны хэмжээтэй, 4-5 настай бол хоёр будаатай адил хэмжээний оо хэрэглэх ёстой.
-Үүдэн шүд цоорохыг хөхний сүүтэй холбож тайлбарладаг. Тиймээс шүдийг нь эрүүл байлгахын тулд хөхнөөс нь эрт гаргах хэрэгтэй юу?
-Хүүхдийн үүдэн шүд сонгомлоор цоорох нь хөхний сүүтэй шууд холбоотой. Мөөмөө идсэний дараа амаа хааж унтахаар уруул, шүдний завсар сүү үлддэг. Улмаар аман дотор агааргүй орчин үүсэж, хөхний сүүнээс хүчил ялгаран, шүдний пааланг хайлуулдаг. Шүд цоороход бактерийн халдвар, өнгөр, цаг хугацаа гэсэн үндсэн гурван хүчин зүйл нөлөөлдөг. Хүмүүс манай хүүхэд чихэр иддэггүй ч шүд нь хорхойтлоо гээд ирдэг. Энэ нь бактерийн халдвараас үүдэлтэй. Томчууд хүүхэддээ амнаасаа хоол, чихэр өгөх, уруул, ам орчимд нь үнсэх зэргээр амны хөндийд буй нянгаа дамжуулдаг. Цахиур цухуйгаагүй үед нь бусдаас дамжиж ирсэн нян шүдэлж эхлэх үед цахиурт нь наалддаг. Улмаар мөөмөө идэн өнгөр тогтоож энэ нь тодорхой хугацааны дараа өвчлөл үүсгэдэг. Тиймээс эцэг, эхчүүд хариуцлагатай байх хэрэгтэй. Мөн шөнө хүүхдээ хөхүүлэхгүй байх чухал. Мөн нэг нас хүрсэн бол бор хоолыг нь сайн өгөөд, хөхнөөс нь гаргахыг хичээгээрэй. Гэхдээ зарим хүн шөнө хүүхдээ сэрэхэд нь чихэртэй тараг, жигнэмэг өгдөг. Энэ мөн л шүдний цоорол үүсгэх үндсэн хүчин зүйл болдог.
-Сүүн шүдний өвчлөл дотор эрхтэнд ямар сөрөг нөлөөтэй үзүүлдэг вэ. Мөн бага насны хүүхдийн шүдийг авахуулах нь хэл ярианы хөгжилд муу гэдэг. Мөн хамрын дайвар хөндий өвчлөх шалтгаан болдог ч гэж ярьдаг?
-Хүүхдийн сүүн шүдийг аль болох авахгүй, эмчилгээ хийхийг хичээдэг. Учир нь шүд авах нь маш олон сөрөг үр дагавартай. Тухайлбал, байнгын шүдэнд гажиг үүсдэг бөгөөд хэл ярианы хөгжилд сөрөг нөлөө үзүүлнэ. Үүнээс болж зарим үсгийг хэлж чадахгүй байх, зарим үгийг буруу дуудах зэрэг хүндрэл үүснэ. Мөн үүдэн шүд болон бага араа шүдний ёзоор, хамрын дайвар хөндийтэй харьцаж байдаг. Тиймээс шүдий өвчлөл хамрын хөндий үрэвсэх нэг шалтгаан болж байгаа юм. Гэхдээ энэ өвчлөл байнгын шүдэнд илүү тохиолддог.
-Хүүхдийн шүд хорхойтохоор хар түрхлэг түрхдэг шүү дээ. Энэ нь шүний цоорол удаашруулах ач холбогдолтой юу?
-Шүдний цоорлыг удаашруулж, бүтцийг нь хатуу болгох зорилгоор хар түрхлэг түрхдэг. Гэхдээ хар түрхлэгийг өнгөц, дунд цоорлын үед түрхэнэ. Шүд гүн цоорч, хэт зөөлөрсөн үед түрхлэг түрхвэл шүд нь хавдчихдаг. Тиймээс хэт зөөлөрсөн шүдийг өвдөхөөр нь сувгийн эмчилгээ хийдэг.