“Милан-Кортино-2026” өвлийн олимпын XXV наадам нээлтээ хийхэд 84 хоног үлдлээ. Эдгээр өдрүүдэд олимпын наадмын эрхийн тэмцээнүүд болсоор байна.
Монгол Улсын цанын үндэсний шигшээ багийн тамирчин, уулын цаначин А.Ариунбат “Милан-Кортина-2026” өвлийн олимпын XXV наадамд оролцохоор болж, түүхэн амжилт гаргалаа. Тэрээр Монголын уулын цанын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Тэмүүлэнгийн удирдлага дор Дубай хотод болсон олимпын эрхийн тэмцээнд болзол хангасан байна.
А.Ариунбат Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотын дотор байгууламж дахь цанын баазад зохион байгуулагдсан 4 гараатай олон улсын тэмцээнд 6 дугаар байр эзлэн 88.55 оноо, 7 дугаар байр эзлэн 94.94 оноо тус тус авч, 2026 оны олимпын эрхийн 5 гарааны дундаж оноо 120 онооноос доош байх шаардлага болзлыг биелүүлж 108.18 оноогоор хангалаа. Ийнхүү Монгол Улсаас “Милан-Кортина-2026” өвлийн олимпын гурав дахь эрхээ уулын цанын төрлөөр авлаа. Өмнө гүйлтийн цанын тамирчин Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар олимпын наадамд уралдах болзлоо хангаад байсан юм.
Ташрамд дуулгахад, "Ганвон-2024" залуучуудын өвлийн олимпын наадамд Монгол Улсаас уулын цанын төрлөөр М.Манлайжав болон Х.Халиун нар оролцож байсан билээ. Энэ нь уулын цанынхан залуучуудын олимпын наадамд уралдсан анхны амжилт байсан юм.

