Дэлхийн дөрөв дэх том компани болох Google-ыг эзэмшигч Alphabet Их Британийн хиймэл оюуны салбарыг хөгжүүлэхэд их хэмжээний хөрөнгө оруулахаа мэдэгдлээ. Уг мэдэгдэл АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ИБУИНВУ-д төрийн хэмжээний айлчлал хийхээс өмнөхөн олон нийтийн хүртээл болоод байна.

Мэдэгдэлд дурдсанаар Alphabet нийт таван тэрбум фунт стерлинг буюу 6,8 тэрбум ам.долларын хөрөнгийг Их Британийн хиймэл оюуныг хөгжүүлэх салбарт оруулна.

Энэ мөнгийг ирэх хоёр жилийн хугацаанд хэрэгжих судалгаа болон дэд бүтцийн ажилд зарцуулахаар төлөвлөсөн байна.

Google-ын Ерөнхийлөгч бөгөөд хөрөнгө оруулалтын хэлтсийн тэргүүн Рут Порат энэ тухай ВВС News сувагт ярилцлага өгөхдөө хэлжээ.

Google удахгүй Английн Хертфордшир хотын Уэлтам Кросст тэрбум ам.долларын хөрөнгөөр боссон мэдээллийн төвөө нээх гэж байна. Нээлтийн ажиллагаанд Их Британийн Сангийн сайд Рэчель Рийвс оролцох юм.

Ирэх хоёр жилийн хугацаанд нэмж олгох хөрөнгө оруулалтаар уг төвийн үйл ажиллагааг өргөжүүлэхээр төлөвлөсөн байна. Мөн Лондонд төвтэй DeepMind Америк-Британийн хамтарсан лабораторийг хөгжүүлэхэд таван тэрбум фунт стерлингийн нэгээхэн хэсэг зарцуулагдана.

Тус лабораторийг Нобелийн шагналт Британийн эрдэмтэн Сир Дэмис Хассабис хариуцдаг. Тэрээр шинжлэх ухааны дэвшилтэт судалгаанд хувьсгал хийхэд хиймэл оюуныг ашигласан ажлаараа Нобелийн шагнал хүртсэн юм.

Google-ын хөрөнгө оруулалт хариуцсан тэргүүн Рут Порат АНУ, Их Британи улсууд технологийн салбарт хамтарч ажиллан эдийн засгийн өсөлт, нийгмийн үйлчилгээ, шинжлэх ухааныг хөгжүүлэхэд түншлэх нь чухал байна гэдгийг ярилцлагынхаа үеэр хэлжээ.