Амжилт олж, зорилгодоо хүрэх гол түлхүүр нь өдөр тутмын амьдралын энгийн зүйлсүүдийг өөрчлөхөөс эхэлнэ. Амжилтанд хүрэхийн тулд цаг гаргаж, жижиг гэлтгүй чухал зүйлсийг алдалгүй дагаж мөрдөж, хэрэгжүүлж байх нь чухал. Жижиг зүйлээс том зүйлийн эхлэл тавигддаг. Тиймээс амьдралынхаа хэв маягийг өөрчлөх 6 дадлыг өөртөө хэвшүүлэхийг зөвлөж байна.
ЭРТ БОС
Өглөө эрт босох нь сэрүүлэгтэй зэрэгцэн босохоос ч илүү чухал.Та бусдаас түрүүлж босож чадсанаар өглөөний ажлаа илүү тайван, мөн чимээ багатай гүйцэтгэж чадна. Утсанд ирсэн зурвас, албаны мэйл хаягаа тухтай шалгаж, эсвэл өөрт оногдсон даалгавраа амжиж биелүүлнэ гээд төсөөлөөд үз дээ. Өглөө эрт боссоноор та өөртөө зүгээр нэг нэмэлт цаг гаргах бус, харин илүү ихийг бүтээх тун нандин цагийг гаргаж байна гэсэн үг.
ТӨЛӨВЛӨЖ СУР
Өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлэхийн гол түлхүүр нь урьдчилсан төлөвлөгөө гаргах. Цаг бол алт. Цагаа зөв зохистой өнгөрүүлэхийг хүсэж байгаа бол өмнөх өдөр нь ажлаа төлөвлөж байх хэрэгтэй. Ингэснээр та өглөө сэрсэн цагаасаа эхлээд юу хийх ёстойгоо нэг бүрчлэн мэдэж байх болно.
АЖЛУУДАА АЧ ХОЛБОГДЛООР НЬ ЭРЭМБЭЛ
Олон хүмүүс чухал асуудлаа хойгуур тавьж, эцсийн хэдэн минутанд амжуулахыг хичээдэг. Зарим нь хэцүү асуудалд илүү цаг гаргана гэж боддог бол, зарим нь асуудлын хүнд бэрх байдлаас түвэгшээх нь бий. Ямар ч шалтгаантай хойшлуулсан бай, чухал асуудлуудаа урьтал болгож, өөрийгөө сорьж бай. Түүнийг эхлээд амжуулсаны дараа жижиг асуудлуудад анхаарлаа хандуул. Тун чухал төсөл дээр ажиллаж, оньсыг нь тайлсаны дараа бусад зүйл танд илүү амархан санагдана. Энэ нь хэдий жижиг өөрчлөлт боловч, таны үр дүнтэй байдлыг эрс нэмэгдүүлнэ.
УНШИЖ ТАРХИА ЦЭНЭГЛЭ
Та өдөр бүр уншиж байх ёстой. Уншилгүй нэг өдрийг өнгөрөөснөөр өөрийгөө хөгжүүлэх боломжийг алдана. Та заавал хэдэн цагийн дотор нэг боть дуусгах гээд зүтгэх шаардлагагүй. Харин өдөрт ердөө 20-30 минутыг л уншихад зарцуулахад хангалттай.Ном уншсанаар сэтгэн бодох чадвараа нэмэгдүүлж, цоо шинэ санааг олж болох давуу талтай. Заавал ном гэлтгүй сонин, сэтгүүл унших нь ч адил тустай.
ДАСГАЛ ХИЙЖ, БИЕЭ ЧИЙРЭГЖҮҮЛ
30 минут байсан ч хамаагүй өдөр бүр дасгал хөдөлгөөн хийж байх нь чухал. Дасгал хөдөлгөөн хийснээр эрч хүчээ нэмэгдүүлж, сэтгэл санааг өөдрөг болгох ендорфин ялгардаг. Та дан ганц баяртай, эрч хүчтэй байгаад зогсохгүй, дасгал хөдөлгөөн тогтмол хийснээр стресс гэдэг зүйлээс үргэлж ангид байж чадна.
ТАЛАРХЛАА ИЛЭРХИЙЛ
Зарим хүмүүст энэ нь хэцүү санагдаж болох ч, үнэндээ бидний өөртөө зайлшгүй хэвшүүлэх шаардлагатай зүйлсийн нэг. Бусдад чин сэтгэлээсээ талархаж сурснаар таны өмнө шинэ үүд хаалга нээгдэж, олон шинэ танилуудтай болно. Энэ нь таны амьдралд аз жаргалыг бэлэглэж, мөн шинэ мэдрэмжийг өгөх болно.