Энэ долоо өрнөж буй үйл явдлын тоймыг хүргэж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж, цаг үеийн мэдээллийг авч холбогдох үүрэг даалгаварыг өглөө. “Эрдэнэт” үйлдвэрийн дэргэдэх "Найрамдлын эрдэнэс" зуслангийн үйл ажиллагаагаа долоодугаар сарын 17-ны өдрөөс эхлэн зогсоолоо. Уг зусланд амарч байсан хүүхдүүд хоолны хордлого авсан ба хүүхдүүдэд эмнэлэгийн тусламж үзүүлж, нарийвчилсан үзлэгт хамруулж эхэллээ. Энэ долоо хоногт орон нутагт баяр наадмын үйл ажиллагаа үргэлжилж байна. Сүхбаатар аймгийн сумдын түүхт 100 жилийн ой баяр наадмууд болсон бол өнөөдөр Дорноговь аймагт зүүн бүсийн наадам эхэллээ. Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Яаралтай тусламжийн тасагт нийт 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ. Мөн баяр наадмын үеэр зам тээврийн ослын улмаас нийт 668 хүн яаралтай тусламж авсныг холбогдох албаныхан мэдээллээ.
“ДТС-3” ТӨХК-Д ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР АЖИЛЛАЛАА
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж, өгсөн үүрэг даалгаврынхаа хэрэгжилтийг шалгалаа.
Өнгөрсөн зургаадугаар сарын 02-нд 50 МВт-ын өндөр даралтын станцад осол гарч, үйлдвэрлэлийн барилга галд өртөж, есдүгээр турбогенератор ажиллагаагүй болсон билээ. Ослын улмаас үүссэн уршиг, үр дагаврыг арилгах, хэвийн горимд шилжүүлэх хүрээнд гурван багц арга хэмжээ авч байгааг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Н.Тавихбэх нар танилцууллаа.
Галд өртсөн барилгыг буулгаж, шинээр барих ажлыг энэ сарын 25-нд эхлүүлж, ирэх арваннэгдүгээр сарын нэгэнд дуусгахаар төлөвлөжээ. Мөн дулаан үйлдвэрлэлийг тасалдуулахгүйн тулд дулаан үйлдвэрлэх системийн горимыг энэ оны аравдугаар багтаан өөрчлөхөөр болжээ.
Засгийн газар бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны болон санхүүгийн шалгалт хийж асуудлыг цогцоор нь шийдвэрлэнэ. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын хоёрдугаар блок нь 150 МВт-ын хүчин чадалтай. Энэ оны арванхоёрдугаар сард ашиглалтад орно. Мөн Сэлэнгэ аймагт цахилгаан станц барьж эхэлсэн, Завханы Тосонгийн дулааны цахилгаан станц, баттерей хуримтлуурууд, нарны станцууд нэмэгдсэнээр энэ өвлийг эрсдэлгүй давна гэж Ерөнхий сайд мэдэгдлээ.
"НАЙРАМДЛЫН ЭРДЭНЭС" ЗУСЛАНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЛОО
“Эрдэнэт” үйлдвэрийн дэргэдэх "Найрамдлын эрдэнэс" зуслангийн үйл ажиллагаагаа долоодугаар сарын 17-ны өдрөөс эхлэн зогсоолоо. Учир нь тавдугаар ээлжинд ирсэн 322 амрагч хүүхдүүдээс өндөр халуурах, гэдэс гүйлгэх, толгой эргэх зэрэг шинж тэмдэг илэрсэн тул эмнэлэгийн тусламжийг хүргэсэн. Булган аймгийн эрүүл мэндийн газраас гаргасан “Халдвар хамгааллын хариу арга хэмжээ авах баг”, Орхон аймгийн БОЭТ зэрэг газруудаас өгсөн чиглэлийн дагуу амрагч хүүхдүүдийг хувиарлан эмчилгээнд хамруулж эхэллээ. Нийт 322 хүүхдээс эцэг, эхийн хүсэлтээр гэртээ харьсан 111 нь гэртээ харьжээ. Үлдсэн хүүхдүүдийг Орхон аймгийн БОЭТ, “Эрдэнэт сувилал” цогцолбор болон “Эрдэнэт медикал” эмнэлэгт хэвтүүлэн эмчилгээ хийлгэж байна.
Зуслангийн үйл ажиллагааг зогсоож, өнөөдөр эхлэх байсан зургаадугаар ээлжийн хөтөлбөрийг цуцалсан. Биеийн зовиуртай хүүхдүүд болон ажиллагсдаас авсан шинжилгээний хариу өнөөдөр гарна. Эрүүл мэнд, халдвар хамгаалал, ариутгал халдваргүйтгэл хийх, Халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх, голомтот бүс нутагт ажилтнуудыг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж эхэлжээ.
УРАЛДААНЫ МОРИНООС УНАЖ ГЭМТСЭН НАЙМАН ХҮҮХЭД БАЙНА
Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд буюу долоодугаар сарын 10-17-ны хооронд Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Яаралтай тусламжийн тасагт нийт 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ. Үүнээс насанд хүрэгчид 2514, 0-18 насны 1579 хүүхэд эмнэлэгийн тусламж авчээ.
Баярын амралтын өдрүүдэд алсын дуудлага болох Сэлэнгэ, Хөвсгөл, Булган аймгаас ирж орон нутагт осолдож, гэмтсэн иргэдэд шаардлагатай тусламжийг газар дээр нь шуурхай хүргэжээ. Мөн энэ сарын 16-д эхэлсэн “Торгоны зам” автомашины уралдаанд оролцох үеэр гэмтсэн нэг тамирчныг Төв аймгаас нисдэг тэргээр тээвэрлэн авчирч Гэмтэл согог судлалын үндэсний төвд тусламж үйлчилгээг үзүүлжээ.
Баяр наадмын үеэр зам тээврийн ослын улмаас нийт 668 хүн яаралтай тусламж авснаас насанд хүрэгчид 364, 0-18 насны хүүхэд 304 байна. Мориноос унаж гэмтсэн 111 тохиолдол бүртгэгдсэнээс 0-9 насны 12, 10-18 насны 48 хүүхэд байжээ. Харин уралдааны мориноос унаж гэмтсэн найман хүүхэд байна.
СУМДЫН ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМ ЭХЭЛЛЭЭ
Наадмын дараах наадмууд болох аймаг, сумдын тэгш ойн баяр наадам энэ долоо хоногт эхэллээ. Сүхбаатар аймгийн Асгат, Халзан, Түвшинширээ, Онгон, Баяндэлгэр, Халзан, Түвшинширээ сумын 100 жилийн ойн баяр наадам энэ жил тохиож байна. Зүүн бүст эхэлсэн баяр наадмын нээлтэд хүндэт зочин олноор очлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Халзан сумын баярын нээлтийн арга хэмжээнд оролцож, наадамчин олонд баярын мэндчилгээ дэвшүүллээ. Түүхт 100 жилийн ойн баяр наадам Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумаар үргэлжилж бана. Мөн бүсийн наадам Дорноговь аймагт өнөөдөр эхэлнэ. Энэ жил аймгуудаас Увсын түүхт 100 жилийн ой тохиож байна. Тус баяр наадмыг долоодугаар сарын 29, 30-нд Баруун бүсийн уралдаантай хамтатган тэмдэглэхээр болжээ.