Израилийн арми өнгөрсөн мягмар гарагт урьдчилан мэдэгдсэн хуурай замын довтолгоогоо эхлүүлж, Газ хотын гүн рүү тэсрэх бодис тээвэрлэсэн хуягт машинууд болон танкуудаа нэвтрүүлжээ. Алсаас удирдах зориулалттай хуягт машинууд хотын гудамжуудад мөн нэвтэрсэн байна.
Уг үйлдэл нь олон улсын шүүмжлэлд өртөж байгаа бөгөөд НҮБ-ын зүгээс Израилийг Палестины нутаг дэвсгэрт энгийн цэргийн ажиллагаа явуулах бус геноцид үйлдэж байна хэмээн дурджээ.
Довтолгооны зорилго, үйл явц
Израилийн Батлан хамгаалахын сайд Израель Катц “Уг даалгаврыг биелтэл бид бууж өгөхгүй” хэмээжээ. Түүнийхээр бол Хамас бүлэглэлийг нэг мөсөн дарж авах, Газыг бүхэлд нь хяналтдаа оруулахаас нааш ажиллагааг цуцлахгүй гэдэг байр суурьтай байгаа нь уг мэдэгдлээс тодорхой харагдана. Тэдний зорилго энэ аж.
Харин Ерөнхий сайд Беньямин Нетаньяаху довтолгооны зорилгыг “Дайсныг бут цохих, хүн амыг нүүлгэн шилжүүлэх” тодорхойлсон юм. Гэвч одоо болтол үргэлжилсээр буй албан ёсны ярианд хэдэнтээ дурдагдсан Израилийн олзлогсдын талаар нэг ч үг унагасангүй. Олзлогсдын гэр бүл болоод тэднийг дэмжигчид өнгөрсөн мягмар гарагт Нетаньяахугийн Иерусалим дахь оршин суудаг байрны гадна цугларч, “Тэр хүмүүсээ орхижээ” хэмээн буруутгасан билээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “Израил энхтайван замаар асуудлыг шийдэх сонирхолгүй байна. Энэ нь бүр ч тодорхой боллоо” хэмээв.
Зэвсэг, тактик
-660x0.png)
Израилийн батлан хамгаалах хүчний албаныхан Газын төв рүү довтолж, бүтэн нэг дивиз хотыг бүсэлж байгаа талаар мэдээллээ. Гэвч тэд 3.000 цэрэг бүхий Хамас бүлэглэл болон тэдний түнш бүлэглэлийн тэмцэгчидтэй тулгарах магадлалтай хэмээн тооцоолжээ. Тиймээс цэргийн ажиллагааг тун болгоомжтой, няхуур хийнэ гэдгээ мэдэгдэв.
Довтолгоонд ашиглаж буй гол зэвсгийн нэг нь хуучин загварын хуягт тээвэрлэгч агаад автомашинуудаа алсаас удирддаг болгон өөрчилжээ. Ийнхүү дотор нь тэсрэх бодис байрлуулж, сэжиг бүхий байрлалууд руу илгээн алсаас дэлбэлэх юм. Ингэснээр Хамас бүлэглэлийн гол хүчнүүдийг задалж, тэдний хяналтыг сулруулна гэв.
Хамгийн аймшигтай нь Израилийн арми уг аргыг бодит болгон хэрэгжүүлж, түүнийгээ дүрс бичлэгээр бичин нийтэд үзүүлжээ.
НҮБ-ын шинжээчдийн дүгнэлт ба геноцидийн эсэргүүцэл
Газын Эрүүл мэндийн яам өнгөрсөн мягмар гарагийн үд дунд гэхэд 24 цагийн хугацаанд 59 хүн амь эрсдэж, 386 хүн шархадсан гэж мэдээлжээ. Ойролцоогоор дайн хоёр жилийн хугацаанд үргэлжилж байгаа гэж тооцвол нийт 65.000 хүн эрсэдсэн гэх тооцоололд хүрсэн байна. Гэвч бодит тоо үүнээс илт давуу гэдэг нь айдас төрүүлж байгаа юм.
Израилийн арми довтолгоогоо эхлүүлсэн өдөр НҮБ-ын хүний эрхийн мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүн Израилийг геноцид үйлдэж байна гэж үзсэн бөгөөд тайлангаа олон нийтэд ил болгожээ. Тус судалгааны хорооны дарга Нави Пиллай “Газ дахь Палестинчуудыг шууд устгах зорилготой байгаа нь геноцидийн конценцийн шалгуурт нийцэж байгаа Израилийн армийн үйлдлээр батлагдаж байна” хэмээжээ.
Харин Израилийн Гадаад хэргийн яам тус тайланг “Гуйвуулсан, худал мэдээлэл” гэж няцаасан ч Зүүн өмнөд болон Европын олон орны засгийн газар Израилийн довтолгоог нэн даруй таслан зогсоох шаардлагатай гэдгээ илэрхийлсэн байна.
Олон улсын эсэргүүцэл, дарамт
Довтолгоо эхэлсэнээр Израил олон улсаас улам бүр тусгаарлагдаж, хүнд нөхцөл байдалтай нүүр туллаа. Европын Комиссын дарга Кая Каллас мягмар гарагт гишүүн орнуудад “Израилийн засгийн газарт чиглэсэн дарамт үзүүлэх, ажиллагаагаа өөрчлөх, зогсооход хүргэх арга хэмжээ авна” гэдгээ мэдэгдлээ. Мөн тэрээр: “Израилийн явуулж буй хуурай замын довтолгоо нөхцөл байдлыг улам дордуулна. Илүү олон үхэл, илүү их сүйрэл, илүү олон хүн нүүлгэн шилжүүлэх үр дагавар үүснэ” гэв.
Калласын хэлснээр “Авах арга хэмжээ нь худалдааны хөнгөлөлтүүдийг түр зогсоох, хүчирхийллийн бүлэглэлтэй холбоотой сайд нар болон садар самуунд оролцогчдод хориг тавих хэлбэртэй байж болно” гэжээ.
Харин Нетаньяаху Засгийн газар нь эдийн засгийн тусгаарлалттай нүүр тулахад бэлэн байхаар зохицуулалтыг хийж, нэн даруй үүнд бэлтгэх, дасан зохицох шаардлагатайг онцлов.
Тамаас зугтвал там угтана
-660x0.png)
Газын хотын ойролцоох 1 сая орчим хүн амын 40%-иас илүү нь одоогоор өмнөд рүү нүүсэн гэж үзэж байна. Израил үлдсэн хүмүүсийг ч мөн өмнөд рүү нүүхийг анхааруулжээ.
НҮБ-ын мэдээллээр сүүлийн нэг сард Газын хотоос өмнөд зүг рүү 140.000 хүн дүрвэжээ. НҮБ-ын Хүүхдийн хамгааллын агентлаг “UNICEF”-ын төлөөлөгч Тесс Ингрэм хэлэхдээ “Дүрвэн зугтаж буй хүмүүст амьдрах аюулгүй газар байхгүй” гэв.
Мөн тэрээр, “Ойролцоогоор хагас сая хүүхдүүд өдөр тутам болж буй мөргөлдөөнөөс болж бэртэж, сэтгэл зүйн дарамтад орж байна. Нэг тамын газраас нүүлгэн шилжүүлж, өөр нэг аюултай газар шилжүүлэх нь хүнлэг бус” хэмээжээ.
Израилийн IDF-ын араб хэл дээрх хэвлэлийн төлөөлөгч офицер Авихай Адраэй “IDF Газын хотод Хамасын террорист дэд бүтцийг устгах ажиллагаагаа эхлүүллээ” гэж зарлаж, “Газын хот бол аюултай тулалдааны бүс юм. Хотод үлдэх нь таныг эрсдэлд оруулна” гэж анхааруулсан.
Дотоод улстөр, шүүх, АНУ-ын дэмжлэг
Израилийн арми хуурай газрын довтолгоогоо эхлүүлж байх цаг дор Ерөнхий сайд Нетаньяаху Тель-Алив дахь авлигын хэрэгт холбогдох шүүх хуралд сууж байжээ.
Тэрээр уг довтолгооноос үүдэлтэйгээр шүүх хуралд урт хугацаагаар оролцож чадахгүй гэж мэдэгдсэн байна. Харин бусад албан тушаалтнууд түүнийг дайныг сунжруулах, сонгуулиас зайлсхийх, албан тушаалаа хадгалж, хууль ёсны хамгаалалтаа авч үлдэх гэж оролдож байна хэмээн шүүмжилсэн юм.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Израилд хоёр өдрийн айлчлал хийсний дараа Газ дахь хуураа замын довтолгоо эхэлжээ. Марко Рубио Израилд дэмжлэг үзүүлнэ гэдгээ амласан юм. Довтолгоо эхэлсний дараа Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордны өмнө мэдэгдэл хийж, хэрвээ Хамас үлдсэн олзлогсдыг хамгаалалтад ашиглах аваас базаахгүй үр дагавартай тулгарна гэжээ.