
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын БНХАУ-ын иргэдийг визгүй Монгол Улсын хилээр нэвтрүүлэх асуудлыг дэмжсэн илтгэл нь олны дургүйцлийг хүргээд буй. Тэгвэл тэрээр энэ асуудал болон Төрийн ордонд архидан согтуурсан гэх цахим ертөнцөд нэлээд шуугиан дэгдээсэн зургийнхаа талаар тайлбар хийлээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд би жуулчдын тоог нэмэх талаар ярьсан. Энэ нь эдийн засгийн хүнд байдлаас гарах гарц юм. Статистик мэдээллээс харахад, Хятадын 600 сая аялагч гадагшаа явж аялсан гэдэг тоо бий. Тэгвэл эдгээр жуулчид Монголд ирдэг үү гэвэл үгүй юм. Цаашдаа бид аялал жуулчлалын салбараа хөгжүүлэхийн тулд яамнаас тодорхой бодлого чиглэл баримталж байгаа. Уулын толгой бүхнээ ухаад байвал ирээдүйд уух усгүй болох вий дээ. Бид өнөөдөр гол горхи бохирдож байна гэж ярьж байгаа ч ямар хүн, ямар бодит туслалцаа үзүүлж, асуудлыг шийдэх вэ гэдгийг хэн ч ярихгүй байна. Яамны зүгээс Орхон голтой холбоотой асуудлаар уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 14 ААН-ийг үйл ажиллагааг зогсоохоор ажиллаж байна. Дээр нь манай улсын жуулчны бүтээгдэхүүний нэр төрөл цөөн байна. Монгол орныг зорин ирж байгаа хүмүүс үзэж харах зүйл бага байна гэх шүүмжлэл байдаг. Бид нэгдүгээрт, Улаанбаатарыг аялал жуулчлалын үүд болгох. Хоёрдугаарт, Хөвсгөл орчмын байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх. Илүү чанга стандарт тавьж, түүнийг хангасан ААН-ийн үйл ажиллагааг дэмжье гэдэг чиглэл барьж байна. Гуравдугаарт, Хэнтий аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого баримталж байна. Эдгээр асуудлыг төр засгаар дэмжүүлж, шийдвэрлүүлэхийн төлөө бид ажиллаж байна” гэв.
Харин тэрээр Монгол Улсын төрийн далбаа болон МАН-ын туг бүхий өрөөнд гитар тоглож суугаа зургаа “Би тэр зургийг гаргаж тавихад их гайхаж байсан. Тэр өрөө Төрийн ордны өрөө ч биш. Яамны албан өрөө ч биш. Би сонгуулийн өмнө охиныхоо сургууль дээр амралтынхаа цагаар очсон үеийн зураг байсан. Согтууруулах ундаа огт хэрэглээгүй. Манай охины ажлын өрөө буюу миний байгуулсан сургуульд байсан. Битгий зураг дар гээд гараараа хаасан байсныг харсан байх. Би ядарсан үедээ гитар тоглодог. Тоглох ч дуртай. Тэгээд ч би архи ууж чаддаггүй. Миний бие ч хүлээж авч чаддаггүй юм. Би худлаа ярих дургүй. Үзэн яддаг. Тэр зургийг тараасан хүнийг би мэднэ. Ер нь хүн чанарын хэлтэрхий гэж байна уу даа гэж бодоход хүргэж байна" хэмээн тайлбарлалаа.