Бразилийн Ерөнхийлөгч асан Жайр Болсонаро өчигдөр эмнэлэгт хүргэгдсэн байна. Түүний том хүү Флавио Болсонаро аавынхаа биеийн байдлын талаар Х цахим хуудсандаа бичжээ.
Флавиогийн хэлснээр экс Ерөнхийлөгчид байн байн зогьсох, бөөлжих, цусны даралт нь унах зэрэг шинж тэмдэг илэрч тавгүйтсэн байна. Жайр эмнэлэгт хэвтэж, судсаараа дусал тариа хийлгэжээ. Мөн шаардлагатай шинжилгээнүүдийг өгч байна.
Хүү Флавио, эхнэр Мишель Болсонаро нар бүх зүйл сайхан болж, ямар нэг ноцтой явдал болохгүй байгаасай гэж залбирахыг дэмжигчдээс нь хүсжээ.
Өнгөрсөн долоо хоногт Бразилийн дээд шүүх Ерөнхийлөгч асан Жайр Болсонарог төрийн эргэлт хийхээр төлөвлөсөн, одоогийн Ерөнхийлөгч Луйз Инасио Лула да Сильвагийн амь насанд халдахыг санаархсан зэрэг хэргүүдэд гэм буруутай гэж үзсэн. Дээд шүүхийн таван шүүгчийн дөрөв нь түүнийг гэм буруутайд тооцож, нэг шүүгч цагаатгах хүсэлт гаргасан юм.
Бразилийн дээд шүүх Ерөнхийлөгч асанд 27 жил гурван сарын хорих ял оноосон. Мөн 2033 он хүртэл найман жилийн хугацаанд төрийн албанд зүтгэх эрхийг нь хязгаарласан юм.
Шүүхийн шийдвэр гарснаас хойш Болсонаро хоёр дахь удаагаа ийнхүү эмнэлэгт очсон байна.
Тэрээр 2018 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж, сонгуулийн кампанит ажлаа хийж явахдаа хэвлий хэсэгтээ хутгалуулсан. Халдлагад өртөж хутгалуулсныхаа дараа зургаан удаа хагалгаанд орсон. Хамгийн сүүлчийнх нь хагалгаа өнгөрсөн дөрөвдүгээр сард болж, 12 цагийн турш үргэлжилсэн юм. Хутгалуулснаасаа хойш биеийн байдал нь үе үе дордох болсон байна. Энэ удаагийн эмнэлэгт очсон явдал нь өмнө авсан мэсний шархнаас үүдэлтэй эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
Болсонаро тухайн жилд сонгуульд ялалт байгуулж 2019-2023 оны хооронд Бразил улсын төрийн тэргүүнээр ажилласан билээ.
Энэ жилийн наймдугаар сард түүнийг гэрийн хорионд оруулсан. Шагайнд нь хянах төхөөрөмж хэдийнэ суулгасан. Шүүхийн шийдвэр гарсны дараа түүнийг дэмжигчид эсэргүүцэж жагсаалд нэгдэж байсан юм. Мөн шүүхийн шийдвэрийг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нар шүүмжилж тэр дурай мэдэгдэл хийсэн билээ.
Жайр Болсонаро энэ жил 70 настай. Хэрэв шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлбэл үлдсэн насаа торны цаана өнгөрүүлэх болж байна. Түүний өмгөөлөгчдийн баг шүүхийн шийдвэрийг хүлээж авахгүй гэдгийг мэдэгдэж байгаа юм.