
Иргэн Б.Бадамцэцэг Монголд эмчлэх боломжгүй өвчний төлбөрийн 50 хувийг буцаан олгохгүй байгаа болон үүнийг тогтолцоогоор нь өөрчлөх ёстой гэж үзэж байгаа талаараа мэдээлэл өглөө.
Тэрээр "Миний хүү Солонгос улсад хоёр жилийн хугацаатай эмчлүүлж байна. Хүүхдийг маань тархины үхжилтэй гэж оношилсон тул гадаадад хүүхдээ эмчлүүлж байгаа. Өнөөдөр Монгол Улсад эмчлүүлэх боломжгүй 25 өвчний төлбөрийн 50 хувийг буцааж олгоно гэх журам бий. Гэвч энэхүү журамд миний хүүхэд багтахгүй байна. Монголд эмчлүүлж болно гэж үзэж байгаа ч эм, тариа, тоног төхөөрөмжөөс нь эхлээд асуудал үүсдэг. Миний хүүхэд одоо таван эм уудаг. Гэтэл энэ эмийн хоёр нь манай улсад байхгүй гэх шалтгаанаар би заавал өөр улсыг зорих шаардлагатай болж байгаа юм. Түүнчлэн түнхний хагалгааг Монгол Улсад хийх боломжгүй гэх хариу өгсөн.
Бид Солонгос улсад эмчилгээний визээр амьдардаг. Гэтэл энэхүү визээр тухайн улсад ажил, хөдөлмөр эрхлэх боломжгүй. Эмчилгээний визээр амьдарч байгаа тохиолдолд даатгал, тусламжид ч хамрагдахгүй. Үүнээс шалтгаалаад тэнд эмчлүүлж байгаа 150 хүүхдийн ирээдүй маш хүнд байна. Үүнийг шийдүүлэхээр би олон дарга нартай уулзсан ч гаргалгаа алга байна. Хэлэлцэж байна л гэх хариу өгдөг. Гэтэл өнөөдөр бодит байдал дээр юу ч өөрчлөгдөөгүй байна. Би гурван жилийн өмнө яг энд уйлаад Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоо, бодлогыг шүүмжилж байсан. Гэтэл өнөөдөр асуудал яг хэвээрээ байна" гэлээ.