Тусгай хамгаалалттай газар нутагт мэдээлэл, эрх мэдэлд ойр хүмүүс боломжтой бүх газрыг авсан. Гэтэл зориулалт бусаар ашигласан, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан зөрчлийг Монголын төр арилгуулж чадахгүй байна. Эрх мэдэлтнүүд хуулийн боломжийг түлхүү ашигладаг ч эргээд хуулийн хяналтад өртдөггүйн тод жишээ эндээс харагдана. Хэнд ч хариуцлага тооцох аргагүй бүгд сүлбэлдээд газар авчихсан, аялал жуулчлал хөгжүүлнэ гэж аваад орон сууцны хорооллууд барьчихсан буруутанг хайхаар одоо бүгд хуулийн зөрчил яриад, нэг нэг рүүгээ бурууг чихээд сууцгааж байна.
Тусгай хамгаалалттай бүсэд 1071 иргэнд 299 га, 887 байгууллагад 3175 га газар олгожээ
Төр засгийн үйл ажиллагаа тогтвортой байх үндсэн хүчин зүйл нь засаг олон солигдохоос илүү хууль эрх тэгш, тогтвортой үйлчилэхэд оршдог. Монголд бол төр, мэдээлэлд ойр, мөнгө эрх мэдэлтэй хүмүүс нь хуулийн үйлчлэлийг мөлжиж хүртээд, нэгэнт хүртээсэн үйлчлэл буцаж мөрдөгдөж хяналт тавигддаггүй. Үүнээс болж нийгмийн тэгш бус байдал газар авсан юм. Бүх салбарт энэ тогтолцоо соёл болтлоо ужгирч. Ганц жишээ нь тусгай хамгаалалттай газар нутгийн ашиглалт. Засгийн газрын мэдээлж байгаагаар улсын хэмжээнд нийт 36 тусгай хамгаалалттай газар нутаг байдгаас 17 тусгай хамгаалалттай газар нутагт газар олгожээ. Үүнээс эхний ээлжид Богдхан уулын дархан цаазат газар 2973 га, Хөвсгөлийн байгалийн цогцолборт 501 га газар, нийт тусгай хамгаалалттай 3474 га газрын мэдээллийг харахад нөгөө л манай дарга сайд, алдартай хүмүүсийн нэрс дурайж байна. Газар эзэмшигчээр авч үзвэл 1071 иргэнд 299 га, 887 байгууллагад 3175 га газар олгожээ. Оноор нь харвал БОАЖЯ-наас 2016 онд хамгийн их буюу 82.72 га тусгай хамгаалалттай газрыг олгожээ. Дараагаар нь 2015 онд 40.06 га газар, 2011 онд 38.36 га газар олгосон байх юм.
Зөрчлийг арилгаагүй албан тушаалтнуудад хариуцлага тооцооч
Тусгай зөвшөөрөл болон газар эзэмших нь хууль бус зүйл биш. Гагцхүү мэдээлэл нь олон нийтэд ил байх хуультай. Дээрээс нь зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхэд хяналт тавьж мөрдүүлэх нь ард түмний өмнөөс тусгай хамгаалалттай байгалийг хамгаалах төрийн үүрэг. Тусгай хамгаалалттай гээд хэн ч орж болохгүй, ашиглаж болохгүй гээд хав дараад сууж болохгүй. Тавигдсан хязгаарт нийцүүлэн зориулалтын дагуу ашиглаж болно. Үүнийг хуулиар зохицуулсан. Гэхдээ боломж бүгдэд нээлттэй байж, сонгон шалгаруулалтаар олгож, зориулалтын дагуу л ашиглах ёстой. Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага газар ашиглах эрх олгох, сонгон шалгаруулалтыг өөрийн санаачилгаар явуулах бол тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн газар зохион байгуулалтын жилийн төлөвлөгөөнд үндэслэн олон нийтэд нээлттэй явуулна. Харин тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн газар зохион байгуулалтын жилийн төлөвлөгөөнд тусгагдсан газрыг ашиглах хүсэлтийг хоёр ба түүнээс дээш хүн, хуулийн этгээд ирүүлсэн тохиолдолд тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн этгээдийн ирүүлсэн төслийг харьцуулан үнэлж, газар ашиглах зөвшөөрөл олгож болно. Мөн дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр зөвшөөрлийн үндсэн дээр гэрээгээр ашиглуулж болно. Ийнхүү ашиглах нөхцөл шаардлага бүгдийг хуулиар зохицуулсан. Харамсалтай нь байгаль хамгаалах, аялал жуулчлалын зориулалтаар авсан газрууд хувийн өмч болж, орон сууцны хорооллууд сүндэрлэж тусгай хамгаалалттай байх ёстой газрууд эрх мэдэлтнүүдийн хувьд мөнгө болон хувирчээ.
Орой нь л монголчуудад үлдсэн Богд хан уул хэзээ аялал жуулчлалын амьд диваажин болох вэ?
Зөвхөн Богд хан уулын дархан цаазат газрыг аваад үзэхэд Зайсангийн аманд 725, Нүхтийн аманд 434, Арцатын аманд 236, Түргэний аманд 102, Жаргалантын аманд 88, Ташгайн аманд 61, Залаатын аманд 58 гээд 2020 тусгай зөвшөөрөл өгчээ. Ерөнхийдөө Богд уулын орой нь л үлдэж. Ихэнх нь аялал жуулчлалын зориулалтаар олгогдсон. Энд хяналт тавьж зориулалтын дагуу ашиглуулахад төр огт хяналт тавиагүй. Зүгээр нүдэн баримжаагаар харахад ийм их газар аялал жуулчлалаар өгчихөөд байхад Богд уул одоо аялал жуулчлалын дэлхийд алдартай бүс, тохижилт орчны хамгаалалтаар компаниуд нь хоорондоо өрсөлдөөд амьд диваажин болсон байх ёстой. Гэтэл өнөөдөр битонон ширэнгэ болжээ. Хөвсгөлд гэхэд 142 тусгай зөвшөөрөл өгсөн. Гэхдээ Хөвсгөлд очоод жуулчны баазад буухад ямархуу хөгжилтэй байдгийн дүгнэлтийг бүгд мэднэ. Үндэсний аудитын газраас Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн нийцэл, үр нөлөө, газар олголтод аудит хийсэн. Энэ аудитаар тусгай хамгаалалттай газар нутгийн ашиглалт хамгаалалтад хариуцсан байгууллагууд ажиллахгүй байгаа нь илэрлээ. Тусгай хамгаалалттай газар нутагт газрын ерөнхий төлөвлөгөөгүй, зохион байгуулалтгүйгээр газар олгосон нь газар нутгийг хамгаалах үндсэн зорилтыг хангаагүй. Төрийн байгууллагуудын ажлын уялдаагүйгээс газрын мэдээллийн нэгдсэн сан бүрэн хөтлөгдөөгүй, байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого жил бүр 10-13 хувь нэмэгдэж байгаа боловч зориулалтын дагуу зарцуулж байгаа эсэх нь тодорхойгүй. Тухайн төсвийн жилд орон нутгийн төсөвт төвлөрсөн орлогоос хуульд заасны дагуу хамгаалах болон нөхөн сэргээх зардалд заасан хувиар санхүүжүүлээгүй ноцтой зөрчлүүд гараад байна.
Богд хан уулын дархан цаазат газарт 40 тэрбум төгрөгийн газрын төлбөрийг төвлөрүүлээгүй байна
Аудитын дүгнэлтийг харахад, улсын хэмжээнд дархан цаазат газар нутагт өмчлөх хэлбэрээр 127 байршилд 1.5 га, эзэмших хэлбэрээр 1407 байршилд 2364.5 га, ашиглах хэлбэрээр 1775 байршилд 5848.3 га газар олгожээ. Байгалийн цогцолборт газарт өмчлөх хэлбэрээр 1582 байршилд 361 га, эзэмших хэлбэрээр 3659 байршилд 16109.9 га, ашиглах хэлбэрээр 1870 байршилд 131285.3 га газар олгосон байна. Гэхдээ Тусгай хамгаалалттай газар нутагт 2021-2022 онд үйл ажиллагаа явуулсан 601 иргэн, хуулийн этгээдтэй газар ашиглах гэрээ байгуулаагүй, 436 иргэн, хуулийн этгээдийн гэрээний биелэлтийг дүгнээгүй байна. Богд хан уулын дархан цаазат газарт 40 тэрбум, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт нэг тэрбум, Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт 35.5 сая төгрөгийн газрын төлбөрийг төвлөрүүлээгүй байна. Эндээс харахад ерөөсөө мэдээлэл, эрх мэдэлд ойр хүмүүс тусгай хамгаалалттай газар нутаг ашиглах хуулийн боломжийг ашигласан, эргээд энэ хүмүүст холбогдох төрийнхөн нь ерөөсөө хариуцлага хяналт тавихгүй ажилласнаас өнөөгийн ийм байдалд хүрсэн нь харагдаж байна. Хамгийн тод жишээ нь Дунд голын хамгаалалтын бүсэд баригдаж байгаа усан парк нэртэй хороолол. Ард түмэн энэ барилгуудыг “Авлига хороолол” гэж нэрлээд байхад эрх бүхий байгууллагууд нэг нэг рүүгээ шидсээр л сууна. Ерөнхийдөө бид дандаа шударга юм ярьдаг үнэн дүртэй дарга нараар удирдуулдаг ч нийтэд оногдох эрх тэгш боломжийг цөөн хүн ашиглаж эзэмшдэгийн нэг жишээ нь энэ. Үнэндээ тусгай хамгаалалттай байх ёстой газруудаа бид тавиад туужээ. Цаасан дээрээс тоо харалтгүй нүдээр харахад ямар болсныг бүгд мэднэ. Хэн ч хариуцлага хүлээдэггүй.
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгээр тусгай хамгаалалттай газар нутгийн хязгаарлалтын бүсийг давхардуулан шинэ суурьшлын бүсийг төлөвлөжээ. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон хамгаалалтын захиргаа нь зөвшөөрөгдсөн бүсэд ашиглаж болох газар, түүний хэмжээ, байршлыг тогтоогоогүй, газрыг зориулалт бусаар ашигласан, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа зөрчлийг арилгах талаар арга хэмжээ аваагүй, Татварын ерөнхий газар, ГЗБГЗЗГ, Газар зохион байгуулалтын алба болон шат шатны Засаг дарга нар өөр өөр тийшээ харж суучихаад алдаа завхралтайгаа эвлэрч, асуудлыг цэгцлэх хүчин чармайлт гаргадаггүйг аудит нотлоод өглөө. Хариуцлага байхгүй газар хууль яриад нэмэргүй. Хуулийн боломжийг хулгайлсан хүмүүст хууль үйлчлэхгүй бол тэгш шударга ёс ярих аргагүй. Гэтэл дарга нартай хариуцлага ярих гэхээр хууль болохгүй байна гэсэн хариултаар хууль тогтоогчид амаа хамхиулаад сууж байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль 1994 онд батлагдаж, 1997-2022 оны хооронд 15 удаа нэмэлт, өөрчлөлт орсон.
Товчхондоо, хуульд биш хүндээ байгаа. Хуулиар биш эрх мэдэл, мөнгөнд дөрлүүлсэн үйл ажиллагааны завхарлаар хуулийг яллаж болохгүй ээ.