Гэрийн тэжээвэр амьтны тухай хэвшмэл ойлголт "халагдаж", амьтныг хайрлах, энэрэх залуус олширчээ. Үүнийг өвчний улмаас зовж, шаналж эсвэл хүний оролцоотой тахир дутуу болсон амьтдыг үрчлэх, хандив цуглуулж эмчлүүлэх зэрэг амьтанд тусалсан сайн үйлсүүд нийгмийн сүлжээнд идэвхтэй өрнөж байгаагаас харж болно. Ийнхүү амьтныг хайрлах сэтгэлтэй залуус өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь тун сайшаалтай хэрэг.

Гэвч харамсалтай нь сайны хажуугаар саар гэгчээр амьтныг тамлан зовоодог, санаатай болон санаандгүй байдлаар амьтан гэмтээчихээд хариуцлага хүлээдэггүй бултдаг хүмүүс мэр сэр бий. Жишээ дурдахад “Азтай савар амьтанд хайртай залуус” ТТБ-ийн пэйж хуудас дээр зам хөндлөн гарч явсан нэгэн нохойг машинаараа дайрчихаад шууд явж буй бичлэг тархжээ. Бичлэг нь дээр хүмүүс мөргүүлсэн нохойг машины замаас авахаас өмнө дахин нэг машин мөргөчихөөд явж байгаа дүрс үзэгдэнэ. Хамгийн гайхширмаар нь нохойг мөргөсөн жолооч “Нэг муу золбин нохой мөргөснөөс болж сошиалд од болж байна. Нохой замд гэнэт гараад ирсэн. Тормос гишгэхэд оройтсон, бас эгнээ солиход зам хэтэрхий нарийхан байсан. Ийм өчүүхэн зүйлийг сошиалд сенсацлаад байх зүйл биш. Хүний амь нохойны амьнаас ч үнэтэй” хэмээн нийгмийн сүлжээнд нийтэлжээ.

Ийнхүү санаатай болон санаандгүй байдлаар амьтан гэмтээчихээд хариуцлагаас зугтдаг, амьтныг юм нь чинээ тоодоггүй хүмүүс бий. Иймд гэрийн тэжээвэр амьтаны тухай хуулийн төсөл хэр хэрэгцээтэй болох тэжээвэр амьтанд ямар асуудал бэрхшээл байгаа талаар өгүүллээ.

Нийслэлд 98 мянга гаруй тэжээвэр амьтан бий

Манай улсын нийт өрхийн 25 хувь нь гэрийн тэжээвэр амьтантай. Задалбал, гэр хорооллын өрхүүдийн 54 хувь, орон сууцанд амьдардаг өрхийн 12 хувь нь амьтан тэжээдэг байна. Үүнийг нэгтгэвэл нийслэлд 98,800 тэжээвэр амьтан байдаг аж. Эдгээр тэжээвэр амьтан бүгд сайн эзэнтэй, сайхан амьдардаг гэвэл ташаа ойлголт болно. Учир нь тэжээвэр амьтныг тэжээж буй хүмүүс амьтнаа хэрхэх нь өөрсдийн дурын асуудал байдаг. Тэд дураа хүрвэл сайхан аашилж, эрхлүүлээд дүргүйгээ хүрвэл хаяж, тамлаж болдог. Тодруулбал, нохойг зориулалтын бус хэт богино уяанд уяж, хөдөлгөөнийг нь цаг үргэлж хязгаарлах, өлсгөх, цангаах, хүйтэнд үүргүй байлгах, зодох, эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх, хараа хяналтгүй удаан хугацаагаар орхих, хооронд нь зодолдуулах, үр төлийг нь гаргаж хаях, төөрүүлэх, химийн бодис, согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөлөх бодисоор хордуулах зэрэг зүй бус хандлага нийгэмд бий. Энэ зүй бус хандлага гарахад тухайн хүний дотоод зан араншин тодорхой хэмжээгээр нөлөөлдөг бол амьтан тэжээх мэдээлэлгүй, сэтгэл хөдлөлөөр хандаж үрчлэн авдаг зэрэг нөхцөл байдлын улмаас тэжээвэр амьтны эзэн болдог байна.

Нөхцөл байдал ийм тул, гэрийн тэжээвэр амьтанд ээлтэй, аюулгүй нийгэм цогцлоохоор Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн юм.

Гэрийн тэжээвэр амьтны хуулийн төсөл үр нөлөөтэй юу?

Гэрийн тэжээвэр амьтанд ээлтэй, аюулгүй нийгмийг бий болгох, амьтан тэжээж буй хүмүүсийн хариуцлагыг сайжруулах, хяналтгүй үржүүлэг болон амьтан харгислалыг таслан зогсоох, гэрийн тэжээвэр амьтдын тоо толгойг энэрэнгүй аргаар хязгаарлах зорилго бүхий "Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль"-ийн төслийг УИХ-д өнгөрсөн онд өргөн барьсан. Уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганаар 45 гишүүний 31 нь буюу 68.9 хувийн саналаар дэмжсэн юм. Ингээд тухайн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох болон бусад Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн билээ.

Уг хуулийн төсөл батлагдвал гэрийн тэжээвэр амьтны тухай хуультай болно. Өөрөөр хэлбэл, гэрийн тэжээвэр амьтны асран хамгаалагч, түр харагчийн эрх, үүргийг зааж, хэрхэн үрчилж авах талаар зохицуулалттай болох юм.  Гэвч уг хуулийн төслийг дэмжиж буй хүмүүсийн төсөөлж байгаа шиг сайхан үр дүн нийгэмд гарах нь эргэлзээтэй. Ингэж хэлсний учир нь хүчирхийлэл хаалттай хаалганы цаана далд үйлдэгддэг гэдэг шиг тэжээвэр амьтны эзэн тухайн амьтнаа хэрхэх нь дурын асуудал болохоор тэр юм. Үүнийг хуулиар хориглоод үр дүнд хүрэхгүй нь лавтай. Учир нь тухайн цаг мөчид байгаа хүний сэтгэл хөдлөл, амьтныг юу гэж боддог талаарх суурь ойлголтоос хамаарч амьтантай харилцах харилцаа, хандлага үүсдэг болохоор тэр. Иймд хүн амьтантай харьцах харилцааг хуулиар зохицуулах нь оновчтой биш. Гагцхүү хүний оюун санаа, сэтгэлгээнд амьтны талаарх зөв ойлголтыг суулгах нь чухал юм. Үгүй бол дээр хэлсэнчлэн тэжээвэр амьтны эзэд дураа хүрвэл сайхан аашилж, эрхлүүлээд дүргүйгээ хүрвэл хаяж, тамлаж болох нөхцөл байдал хэвээр хадгалагдана гэсэн үг.