“...Охиныг минь дээд ангийнх нь эмэгтэй сурагчид хоёр өдөр гэртээ хорьж, зургаан цагийн турш хүлж, хүч хэрэглэсэн. Аманд нь тамхиа унтрааж, васаби халуун ногоо идүүлж, архи хүчээр уулгаж, зодсон байна лээ. Мөн зодуулж байгаа бичлэгийг нь хийчихсэн, түүгээр нь сүрдүүлдэг. Бүр бичлэгийг нь сургуулийн хүүхдүүдэд арилжсан байсан. Мөн найзуудад нь манай хүүхэдтэй нийлж болохгүй гэж анхааруулдаг гэсэн. Охин маань сэтгэл зүйн асуудалтай байгаа. Бид БНСУ-ын цагдаагийн газар хандаж, өргөдөл гаргасан ч авч хэлэлцээгүй...”
2021.12.01, БНСУ, Пусан хот
Одоогоос жил гаруйхны өмнө БНСУ-ын дунд сургуульд суралцаж байсан 13 настай монгол охиныг дээд ангийнх нь дөрвөн эмэгтэй сурагч нийлж зургаан цагийн турш зодож, хоёр өдөр гэртээ хорьсон дээрх ноцтой хэрэг гарч байв. Энэ асуудлыг БНСУ-ын MBC телевиз мэдээлснээр олон нийтэд ил болсон юм.
Хүчирхийлэл үйлдсэн дөрвөн сурагчийн хоёр нь насанд хүрээгүй учир мөрдөн шалгалтын хугацаанд хэргийг нь хаасан байдаг. Мөн тус улсын цагдаагийн байгууллага эл асуудлыг “Хангалттай нотлох баримтгүй. Хүүхдүүд өөрсдөө учраа олно” гэх зэргээр үгүйсгэсэн талаар хохирогчийн ээж мэдээлж байв.
Харин дээрэлхэлтэд өртсөн охин “Гэмт этгээдүүд сургуульдаа явж байгаа. Гэтэл би энгийн амьдралдаа эргэн орж чадахгүй байна. Заримдаа өөрөөсөө энэ миний буруу юм болов уу гэж асуудаг" гэж хэлж байсан юм.
Энэ бол харийнх гэх шалтгаанаар хүний нутагт адлагдаж, хуулийн гадна амьдарч буй олон монгол иргэний нэгэн төлөөлөл. Яг түүний адил магадгүй үүнээс ч бэрх нөхцөлд аж төрж буй монгол хүн, тэр дундаа монгол хүүхэд хилийн чанадад олон бий. Хамгийн харамсалтай нь, тэднээс эх орон, элгэн садан, төрөлх нутаг, тусгаар улс нь ч нүүр буруулдаг нь нууц биш.
Хамгаалдаггүй хамгааллын хууль
Гадаадад амьдарч байгаа хүүхэд гэмт хэрэгт өртөх эсвэл эрүүл мэндийн болон сэтгэл зүйн хохирол амссан тохиолдолд “эзэн орны, эз дийлсэн” хуулийн дор хохирогч болж хоцрох тохиолдол элбэг. Уг нь манайх хүүхэд хамгааллын тусгайлсан хуультай, тусгаар улс. Гэвч Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хууль харьд буй монгол хүүхдүүдийн эрхийг хамгаалах эрх зүйн чадамжгүй.

Хүүхэд хамгааллын тухай хуулиар 0-18 хүртэлх насны хүүхдийн эрхийг хамгаална гэж заасан байдаг. Монголд түр оршин сууж байгаа хүүхдийн эрхийг дээрх хуулиар хамгаална. Гэтэл хилийн гадна байгаа монгол хүүхдийн эрх ашгийг хамгаалахад манай Хүүхэд хамгааллын тухай хууль үйлчлэхгүй. Монгол Улсын хуулиар гадаадад байгаа хүүхдийнхээ эрхийг хамгаалах эрх зүйн боломжгүй учраас Гаагийн конвенцод нэгдсэн.
Эрх зүйн орчин иймээс гадна гадаадад буй хүүхдүүдийн нөхцөл байдлын талаарх судалгаа хаана ч алга. Жилд хэчнээн хүүхэд гэмт хэрэгт өртдөг, хэд нь осол гэмтэлд орсон, хэчнээн нь сургуульд сурч, боловсрол эзэмшиж байгаа талаарх мэдээлэл хангалтгүй байна. Тэр ч битгий хэл яг аль улсад хэчнээн монгол хүүхэд амьдарч байгаа талаарх тоо, мэдээлэл ч дутагдалтай байна. Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад “2021 оны байдлаар Монгол Улсын 171 мянга гаруй иргэн дэлхийн 87 улсад оршин сууж байна. Хууль ёсоор оршин суугаа нь 125 мянга орчим. Тэдгээрийн 20 мянга орчим нь 0-16 насны хүүхэд, 46 мянга нь оюутан байна. Хүүхдүүдийн тухайд, яг аль улсад хэчнээн нь амьдарч байгааг мэдээлэх боломжгүй байна. Ер нь гадаадад амьдарч байгаа хүүхдүүдийн нөхцөл байдлын талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам илүү мэдээлэлтэй байгаа” гэсэн хариулт өгсөн юм.
Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам “Манайх зөвхөн гадаадад хүүхэд үрчлүүлэх асуудлыг л хариуцдаг. Ээж, аавтайгаа хилийн чанадад амьдарч байгаа хүүхдүүдийн талаарх мэдээлэл бидэнд байдаггүй” гэв.
Ийн харьд буй хүүхдийн эрхийг хангаж, хариуцаж ажиллах учиртай яамд нь асуудлыг бие, бие рүүгээ толхиулж, тоймтой, тодорхой хариулт өгөхөөс бултсан юм. Энэ бол харьд буй монгол хүүхдийн эрх ашгийг хамгаалах, хариуцах алба хаагч, яам агентлаг байдаггүйг бэлхнээ гэрчилнэ.
Хүүхдэд “тусдаггүй” тусгай сан
Манай улс хилийн чанадад байгаа монгол иргэдэд туслах тусгай сантай. Тус санд жил бүхэн улсын төсвөөс тодорхой хэмжээний мөнгө төсөвлөдөг. Тодруулбал, сүүлийн долоон жилийн хугацаанд нийт 224 сая төгрөгийг энэ санд төвлөрүүлсэн байдаг. Гэвч тус сангийн мөнгөнөөс нэг төгрөг ч хүүхэд хамгааллын чиглэлд зарцуулагддаггүй. 2021 онд гэхэд, хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах санд нийт 65 орчим сая төгрөг төвлөрсөн бөгөөд тус мөнгөөр гадаадад нас барсан гурван иргэний шарилыг эх оронд нь ирүүлсэн бөгөөд төлбөрийн чадваргүй дөрвөн иргэний яаралтай эмчилгээний зардалд дэмжлэг үзүүлж, цар тахлын улмаас санхүүгийн хүндрэлд орж нутаг буцаж чадахгүй байгаа дөрвөн иргэний нутаг буцах зардлыг төлсөн байна. Мөн үлдсэн мөнгөөр нь хилийн чанадад ял эдэлж буй 11 иргэнд болон хүчирхийлэлд өртсөн нэг иргэнд өмгөөлөгч авахад дэмжлэг үзүүлсэн байгаа юм.
Энэ мөнгөний тодорхой хувийг хүүхэд хамгааллын чиглэлд зарцуулах боломжтой эсэхийг УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс асуухад, тэрээр “2011 оноос хойш энэ сангийн төсөв нэмэгдээгүй. Гэтэл гадаадад байгаа иргэдийн тоо нэмэгдэж байгаа. Иргэдэд янз бүрийн асуудал тулгардаг. Эрх нь зөрчигддөг, нас бардаг, эдийн засгийн асуудлаас шалтгаалан эх орондоо ирэх боломжгүй болдог. Ийм нөхцөлд тухайн иргэдийн саналыг үндэслэн мөнгөн тусламжийг олгодог. Жилд ойролцоогоор 40-өөд иргэнд энэ сангаас мөнгөн тусламж олгодог. Сангийн мөнгийг нэмэгдүүлэх санал гаргаж байгаа” гэж хариулсан юм. Сайдын хариултаас харахад сангийн мөнгө чамлалттай байгаа учир хүүхдийн эрхийг хангаж, хамгаалж чаддаггүй байж таарах нь. Гэхдээ сангийн мөнгө нэмэгдлээ гэхэд хүүхдүүдэд тусламж, үйлчилгээ үзүүлэх эсэх нь эргэлзээтэй. Учир нь Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангаас тусламж, зардал олгох журамд хүүхэдтэй холбоотой нэг ч өгүүлбэр байгаагүй юм.
Монголоос ангид монгол
Хүүхэдтэйгээ гадаадад амьдарч байгаа аав, ээжийн сэтгэл зовнидог хамгийн чухал асуудал бол хэл, соёлын хоцрогдол юм. Хүүхэд нь өөрийн улсын хэлээр ярьж, ойлголцож чадахгүй, түүх соёлоосоо ангид торниж буйд эмзэглэдэггүй эцэг, эх байхгүй гэхэд хилсдэхгүй. Түүнчлэн энэ нь зөвхөн нэг гэр бүл, нэг хүүхдийн бэрхшээл биш. Том зургаар нь харвал, Монгол Улсын ирээдүй, тусгаар тогтнолтой ч холбогдож болохуйц амин чухал асуудал.

Унгарт 4000 гаруй монгол хүн амьдардаг. Энд байгаа ээж, аавуудад тулгамдаж буй хамгийн чухал асуудал нь хүүхдийн боловсрол. Унгарт монгол сургууль, цэцэрлэг битгий хэл сургалтын төв ч байдаггүй. Элчин сайдын яамнаас хүүхдэд чиглэсэн үйл ажиллагаа огт явуулдаггүй. Тэд хэрхэн туслахаа ч мэдэхгүй байх. Өдөр тутмын нотариат, паспорттой холбоотой ажлаа л мэднэ. Хүүхдүүд эх хэл, үндэсний өв соёлоо мэдэхгүй өндийж байгаад эмзэглэдэг.
Монгол хэлийг хилийн чанадад амьдарч байгаа хүүхдүүдэд сургах, таниулах чиглэлд төр засаг тэр бүр анхаарал хандуулахгүй саяхныг хүрэв. Харин сүүлийн жилүүдэд гадаадад монгол хэлээр сургалт явуулдаг сургууль, цэцэрлэг харьцангуй нэмэгдэж байгаа сайн тал бий. Одоогийн байдлаар дэлхийн 11 улсын 25 хотод нийт 44 монгол сургууль, цэцэрлэг, хэл соёлын төв ажиллаж байгаа аж. Гэвч нэгдсэн бодлогоор зангидаж чадахгүй байгаагийн улмаас асуудал шийдэгдэж, ажил төгөлдөржихгүй байна.
Хүүхдүүдэд хичээл ороход нэн түрүүнд тулгамддаг бэрхшээл бол байр савны дутагдал юм. Энэ талаар Хилийн чанад дахь монголчуудын холбоо, төрийн бус байгууллагуудын гурав дахь удаагийн чуулга уулзалтын үеэр БНСУ-д ажилладаг Н.Анхтуяа мэдээлжээ. Тэрээр “Би Конгэй мужид төрийн албан хаагчаар ажилладаг. Амралтын өдөр энд байгаа монгол хүүхдүүдэд монгол хэлний хичээл заадаг. Энд маш олон монгол хүүхэд бий. Тэдгээр хүүхдийг сургаж, боловсрол олгох залшгүй шаардлагатай. Тиймээс монгол хүүхдүүд сурдаг сургууль байгуулах хэрэгтэй байна. Гэвч эрх зүйн орчин дутмаг. Тиймээс Монгол Улсын Засгийн газар БНСУ-ын Засгийн газар, Боловсролын яамтай хэлэлцээр хийж, сургуультай болох нь зүй. Маш олон монгол хүүхдийн сурах эрх зөрчигдөж байгааг нүдээрээ харсан” гэсэн байна.
Байр сууцнаас гадна мэргэшсэн боловсон хүчин, ном, сурах бичиг дутагдалтай байна. Гадаадад монгол хэл заадаг хүмүүс ихэвчлэн ажлынхаа хажуугаар, амралтын өдрөө хүүхдүүдэд эх хэл, соёлын хичээл заадаг бөгөөд тэдний дийлэнх нь цалингүй ажилладаг. Нийгмийн даатгалын шимтгэл ч төлдөггүй. Тиймээс сайн дураараа хичээл заах хүсэлтэй хүн элбэг биш. Түүнчлэн гадаадад буй хүүхдүүдийн хувьд эх хэл нь хоёр дахь хэл байдаг. Тиймээс амьдарч буй улсынхаа хэлээр дамжуулан монгол хэл сурдаг. Гэвч энэ төрлийн сурах бичиг, сургалтын нэгдсэн программ байдаггүй тул багш нарт хүндрэлтэй байдаг аж.
Цоожтой хаалганы цаана торниж буй монгол хүүхэд
Харьд буй монгол иргэдийн цөөнгүй нь хууль бусаар оршин суудаг. Тухайлбал, БНСУ-д манай улсын 36 950 иргэн байгаагаас 16 301 нь хууль бусаар амьдарч байгаа талаар Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн юм. Мөн тэдний олонх нь хүүхэдтэйгээ амьдардаг. Хууль бусаар оршин суугаа иргэдийн хувьд байдал бүр ч хүнд. Хүүхдүүд нь гаднын сургууль, цэцэрлэгт хамрагдах боломжгүй учир өдрийн турш цоожтой хаалганы цаана үлддэг байна. Мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ ч авах боломжгүй.
Нөхцөл байдал ийм бэрх, гадаадад амьдарч буй монгол хүүхдийн суралцах эрх ноцтой зөрчигдөж байхад хариуцсан яам монгол хүүхэд дэлхийн хаанаас ч эх хэлээ сурч, боловсрох боломж нээлттэй гэсэн байр суурь илэрхийллээ.

Хилийн чанадад байгаа монгол хүүхдүүдэд үндэсний соёл болон хэл бичгээ сурахад нь дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа. Энэ боломж хууль эрх зүйн орчин бүрдсэн. Тодруулбал, Монгол Улсын боловсролын тухай хууль, Монгол хэлний тухай хууль, Алсын хараа урт хугацааны бодлого, Засгийн газрын тогтоол болон Дэлхийн монголчууд цогц арга хэмжээ зэргийн хүрээнд хууль эрх зүй, бодлогын орчин нь бүрдээд байна.
Хилийн чанадад байгаа монгол хүүхдүүд бол Монголын үнэт баялаг. Тэд монгол сэтгэлгээтэй, Монголоо гэсэн сэтгэлтэй өсөж, өндийвөл ирээдүйд ихийг бүтээж, эх орны хөгжилд хувь нэмрээ оруулах нь дамжиггүй. Тиймээс энэ чиглэлд анхаарч, бодлого боловсруулан, харьд буй монгол хүүхдийн эрхийг хангаж, хамгаалаасай.