Герман улсад болж буй дэлхийн оюутны зуны спортын “Универсиад” XXXII наадмын шилдгүүд тодорч эхэллээ. 120 гаруй орны баг тамирчид оролцож буй тус наадмын таеквондо, усан спорт, туялзуур сэлэм зэрэг төрлийн эхний тэмцээн өндөрлөж, медальтнууд тодорлоо. Эхний өдрийн байдлаар АНУ гурван алт, таван хүрэл медальтайгаар тэргүүлж эхэлсэн бол БНСУ, БНХАУ, Герман, Дани, Хонконгийн багууд удаалж байна.
Монгол Улсын оюутны шигшээ багийн тамирчид тэмцээнээ үргэлжлүүлж байна. Монголын баг ширээний теннис, усанд сэлэлт, волейбол, 3х3 сагсан бөмбөг зэрэг төрөлд өрсөлдөж, хэсгийн тоглолтуудаа хийлээ. Одоогоор багийн төрлөөр хожил авч чадаагүй байна.
3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй баг анх удаа “Универсиад” наадамд оролцож байна. Монголын багийн дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч С.Тулга ажиллаж байна. Манай залуус өнөөдөр хэсгийн шийдвэрлэх тоглолтоо хийнэ.
Мөн ширээний теннис болон волейболын баг өнөөдөр хэсгийн шийдвэрлэх тоглолтыг хийнэ.
Дэлхийн оюутны зуны спортын “Универсиад” наадам Германы Эссен, Берлин, Дуйсбург, Бохум, Хаген, Мюльхайм-ан-дер-Рур хотуудад болж байна.