
Австралийн интернетийн зохицуулагч байгууллага сошиал медиа компаниуд 16-аас доош насны хүүхдүүдийг платформоос хол байлгах хууль тогтоомжийг хангалттай хэрэгжүүлэхгүй байна гэж анхаарууллаа.
Өнгөрсөн оны сүүлээр хэрэгжиж эхэлсэн уг хууль нь 16-аас доош насныхныг нийт 10 платформд нэвтрэхийг хориглосон. Үүнд, Facebook, Instagram, Snapchat, TikTok, YouTube, Threads, X, Reddit, Kick, Twitch зэрэг багтдаг.
Энэхүү хоригийг хүүхдүүдийг хортой контент болон донтуулах алгоритмаас хамгаалах зорилгоор Засгийн газар болон кампанит ажил өрнүүлэгчид дэмжсэн байна.
eSafety Commission-ийн анхны тайланд уг хуулийн “цоорхой” болох хэд хэдэн ноцтой асуудлыг илрүүлжээ. Хууль хэрэгжихээс өмнө өөрийгөө 16-аас доош гэж бүртгүүлсэн хүүхдүүдэд нас баталгаажуулах “боломж” олгосон; Нас шалгах аргыг олон дахин турших боломж нээлттэй байсан; Шинээр бүртгүүлэх 16-аас доош хэрэглэгчдийг зогсоох арга хэмжээ хангалтгүй; Эцэг эхчүүд болон бусад хүмүүс зөрчлийг мэдээлэх үр дүнтэй систем байхгүй аж.
2025 оны 12-р сарын 10-наас хойш эхний нэг сарын дотор 4.7 сая аккаунт хязгаарлагдсан эсвэл устгагдсан гэж албаны хүмүүс мэдээлсэн.
Австралийн eSafety комиссар Жули Инман Грант “Сошиал платформууд тодорхой алхам хийсэн ч зарим нь Австралийн хуулийг бүрэн дагаж мөрдөхгүй байж магадгүй гэдэгт санаа зовж байна. Тиймээс цаашид хуулийг идэвхтэй хэрэгжүүлж, зөрчлийн нотолгоо цуглуулах болно гэж мэдэгджээ.
Хэдийгээр хориг хэрэгжиж байгаа ч бодит байдал дээр олон хүүхэд сошиал медиаг үргэлжлүүлэн ашигласаар байна. Сидней хотын нэгэн сургууль дээр хийсэн ажиглалтаар:
Нэг сурагчийн хэлснээр, 180 охиноос ердөө 3 нь л платформоос хуулийн хүрээнд хасагдсан байна.
Эцэг эхчүүдийн дунд энэ хууль маш их дэмжигддэг. Тэдний хувьд хүүхдүүдийн хүсэлтээс татгалзахад уг хууль "үндсэн шалтгаан" болж байгаа гэжээ. Гэвч шүүмжлэл ч их байгаа аж. Технологийн мэргэжилтнүүд сошиал платформуудыг хориглохын оронд боловсрол олгох хэрэгтэй гэж зөвлөж буй. Мөн зарим бүлэг буюу алслагдсан нутгийн хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй залуус, LGBTQ+ өсвөр үеийнхэн онлайн орчноос илүү их дэмжлэг авдаг тул ялгаварласан байж болзошгүй гэдгийг ч мартаж болохгүй.
Австралийн 16-аас доош насныхны сошиал хэрэглээг хориглох бодлого нь дэлхий даяар анхаарал татаж байгаа ч хэрэгжилтийн хувьд сорилт ихтэй байна. Зохицуулагчийн үзэж байгаагаар энэ нь 20 жилийн турш тогтсон сошиал хэрэглээний соёлыг өөрчлөх урт хугацааны процесс бөгөөд платформууд илүү хатуу арга хэмжээ авах шаардлагатай хэвээр байна.