
Нийслэлийн төв талбайд сүрлэг, сүртэй асар сүндэрлэжээ. Өнгөрсөн жил мөн л урь орж, улирал солигдохтой зэрэгцэн төв талбайн тал зайд ийн асар босгосон. Улмаар "UB food" хоолны өдөрлөг зохион байгуулж, олны шүүмжлэл ч багагүй дагуулсан. Улсынхаа нийслэлийн төв цэгт үзэмж муутай, үлэмж асар босгоод, дотор нь хоол зууш даялуулж суудаг ард түмэн манайхаас өөр үгүй гэх үндэслэлтэй эсэргүүцэл ч тухайн үед багагүй хугацаанд өрнөсөн. Үүний улмаас тус асрыг нэг сар гаруйн дараа эх үрсийн баяраас урьтаж буулгаж, хураасан юм. Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар тухайн үед “Зарим хүн төв талбайд асар барих хэрэггүй гэх саналыг хэлж байгаа. Тиймээс ирэх жил энэ асрыг өөр боломжтой газар барьж, олон улсын өдөрлөг, циркийн тоглолт, 999 шатарчны тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулна” гэж тайлбарлаж байв. Өнөөдөр төрийн ордны чанх урд боссон асар энэ дагуу баригдсан хэрэг. Гэхдээ байраа өөрчилж, бууриа сэлгэсэнгүй. Асрыг ямар зориулалтаар босгосон талаар НЗДТГ-аас тодруулахад “Нийслэлээс зохион байгуулах хаврын арга хэмжээтэй холбоотой асар барьсан. Удахгүй захирагчийн ажлын албанаас хөтөлбөр гаргаж, эцэслэн батална. Үүний дараа олон нийтэд мэдээлнэ” гэсэн юм.
Асар, майхан буулгаж, босгох нэг хэрэг. Ард нь төсөв, мөнгө урсаж байдаг нь чухал өнцөг. Өнгөрсөн жилийн "UB food" хоолны өдөрлөг зохион байгуулахад 600 гаруй сая төгрөг зарцуулсан гэдгийг тухайн үед албаныхан мэдээлж байв. Энэ жил тэгэхээр энэ хэртэй мөнгө талбайн урд буй асар тойрч урсах нь. Хамгийн халагламаар нь, тус асрыг босгох, буулгахад шаггүй мөнгө зарцуулдаг. Өнгөрсөн жил гэхэд тухайн асрыг зөвхөн буулгахад нийслэлийн төсвөөс 90 сая төгрөг зарцуулсан. Ингэхдээ хотын захиргаанаас тендер зарласан бөгөөд талбайн асар буулгах тендерт зургаан аж ахуйн нэгж хүсэлт ирүүлжээ. Тэд 90-350 сая төгрөгийн үнийн санал ирүүлсэн тул хамгийн хямд гэх шалгуураар “Мондакт трипл катеринг” ХХК сонгогдсон аж. Ийнхүү ганц сар хэртэй хугацаанд төв талбайд боссон, ач холбогдол, агуулга нь тодорхойгүй асрыг 100 орчим сая төгрөгөөр буулгаж хураасан юм. Барих нь энэ дүндээ дүйнэ гэж тооцоолбол буулгаж, босгоход л 180 сая төгрөг зарцуулж байна. Энэ үйл явдал өнөө жил ч дахин давтагдаж байгаа нь халаглах багадах асуудал юм.
Улсын төв талбай гэдэг тухай орны түүх, соёл, өв уламжлалыг илэрхийлж, илтгэх маш чухал талбар. Тэр ч утгаараа төв талбайд явуулах үйл ажиллагаанд хотын удирдлагууд чухал ач холбогдол өгдөг. Тухайлбал, Парисын төв талбай болох “Place de la Concorde”-д олон улсын хэмжээний, өндөр стандарттай арга хэмжээ зохион байгуулдаг бөгөөд тухайн үед босгох тайз, хэрэгсэл зэрэг нь хотын өнгө үзэмтэй зохицож байгаа эсэхийг болон аюулгүй байдлыг нь нэн чухалчилж авч үздэг байна. Мөн хэд хэдэн хот талбайд нь худалдаа, үйлчилгээ эрхлэхийг хориглодог аж. Энэ нь төв талбайгаа зах, худалдааны талбар болгохоос илүүтэй бэлгэдлийн орон зай, ач холбогдол, агуулга хэлбэрийг нь хэвээр хадгалахыг зорьдогтой холбоотой. Нөгөөтэйгүүр, төв талбайн өнгө, үзэмж, ашиглаж буй хэлбэр зэрэг нь тухайн хотын удирдлагын сэтгэлгээ, ажил хэрэгч байдаг зэргийг ч илэрхийлдэг гэж олон улсад үздэг. Агуулга, ач холбогдол нь тодорхойгүй, түр хугацааны зүйлд өндөр төсөв зарцуулж, өнгө үзэмжийг ч алдагдуулна гэдэг шүүмж дагуулахгүй байх аргагүй асуудал юм. Мөн энэ нь урт хугацааны бодлогоос илүү богино хугацааны, мөнгө урсах түр шийдвэр давамгайлж буйн тод илрэл юм.