Монгол Улсын Засгийн газар авлигатай тэмцэх, албан тушаалаа ашиглах гэмт хэргийг таслан зогсоох талаар эрс шийдэмгий алхмуудыг хэрэгжүүлнэ гэж амалсан. Амлалтаа биелүүлэх амаргүй. Аль ч Засгийн газрын аман дээр явдаг ч ард нь гарч чаддаггүй ганц ажил энэ л дээ. Гэтэл нэг үзэгдлийг бид огт анзаардаггүй. Анзаарсан ч үл тоодог, тооё ч гэсэн хууль эрх зүйн хазаар ногтод хүлүүлээд ойшоохгүй өнгөрдөг.
Тэрхүү үзэгдэл нь авлига, хээл хахууль бидний нүдэн дээр өрнөдөг байдал юм. Бид мэдсээр байж юу ч хийж чаддаггүй гэсэн үг л дээ. Авлига, хээл хахууль хөгжлийн дайсан гэх атлаа тэрхүү дайсан нь нүдэнд ил, дэргэд тодорхой байсаар атал тэдэнтэй тэмцэж, тэднийг ялж чадахгүй байгаа нь юуных вэ. Үүний хариулт нь мөнөөх л хууль, эрх зүйн орчны гэм согогтой холбоотой. Албан тушаалтан авлига авч, үйлдэл дээрээ баригдсан ч авсан авлигаасаа хэд дахин бага дүнтэй торгууль төлснөөр ялаас мултарч, цаашид тансаг хангалуун амьдраад явах боломжтой байгаа нь өнөөгийн тогтолцооны хамгийн том алдаа, завхрал үүсэх шалтгаан, шударга бус жишиг юм.
Авлига, хээл хахууль бидний нүдэн дээр ил өрнөж буй гэдгийг илэрхийлэх баримт нь албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлэг билээ. Авлигатай тэмцэхийн тулд төрийн албан хаагчдаар мэдүүлгийн хуудас бөглүүлдэг. Мэдээж энэхүү мэдүүлгээ үнэн зөвөөр бөглөх үүрэгтэй бөгөөд эд хөрөнгийг нуух ёсгүй. Тухайн албан тушаалтны хөрөнгө нь хөдөлмөрийн үр дүнд шударгаар олсон байх ёстой. Ердөө л ийм энгийн зарчим хөрөнгө, орлогын мэдүүлгийн хүрээнд үйлчилдэг.
Тэгтэл Монгол Улсад хөрөнгө, орлогын мэдүүлгийн ач холбогдол, нөөц боломжийг тун ч дутуу үнэлж, бас дутуу ашигласаар байна. Албан тушаалтнууд дээрх зарчмуудыг зөрчих нь хэвийн үзэгдэл болсон. Хөрөнгө, орлогын мэдүүлгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжиж, баяжсан нь илт атал түүний мөрөөр хяналт шалгалтыг ч дорвитой хийдэггүй.
Авлигын эсрэг хуульд заасны дагуу Авлигатай тэмцэх газрын үндсэн чиг үүрэг нь албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгах байдаг. Гэхдээ зөвхөн иргэдээс ирсэн өргөдөл, гомдол, мэдээлэлд л үндэслэж, хяналтыг хэрэгжүүлдэг ажээ. Манай улсад хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргаж байгаа 41 мянган төрийн албан хаагч бий. Тэр бүгдийг шалгах боломжгүй тул эрсдэл өндөртэй хүмүүсийг шүүж шалгадаг гэх. Үүгээр бол зөрчлийг илрүүлэх, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тохиолдлыг олж тогтоох гэгч нь сүрхий аз сорьсон, шандас шалгасан үйл хэрэг болж хувирна. Зүй нь бол хөрөнгө, орлогын мэдүүлгийн мөрөөр бус, тухайн хүний хөрөнгийн бүртгэл, татварын системээрээ дамжуулаад, үндэслэлгүй хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг барьж авч, илрүүлж чаддаг байх ёстой. Түүний оронд өнөөгийн бидний хэрэглэж буй арга нь “Та авлига авсан уу?” гэж өөрөөс нь асууж, хариултыг нь үнэн гэж итгэхэд хүрч буйтай адил ажээ.
Авлигатай тэмцэх газар 2021 онд албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 516 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэж. Ингээд 94 албан тушаалтан хариуцлага тооцуулахаар болсон гэнэ. Харамсалтай нь, АТГ-аас ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн олон зөрчил илрүүлж, шүүх, прокурорын байгууллагад шилжүүлдэг ч цөөнгүй хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хаагддаг байна. Энэ нь үндэслэлгүй баяжиж хөлжсөн хэргийг илрүүлэх үйл явц үргэлж хоцорч буйг илэрхийлнэ. Хоёрт гэвэл, энэхүү хэргийг зөвхөн иргэдийн мэдээлэл, гомдлын үндсэн дээр үндэслэж илрүүлдэг нь бидний авлигатай тэмцэх арга дэндүү болхи байгаагийн шинж. Иргэд ойр орчмын төрийн албан хаагчид болон тэдгээрийн ах дүү, хамаарал бүхий иргэд үндэслэлгүй хөлжиж байгааг мэдээлэх нь ухамсар болоод сайн дурын асуудал тул найдваргүй, тогтмол бус эх сурвалж болно. Тэгээд ч Монголд одоогоор гэрчийг хамгаалах хууль батлагдаагүй байгааг санах хэрэгтэй. Хэдийгээр АТГ-аас иргэдээс ирсэн мэдээллийн нууцыг чандлан хадгалж, урамшуулж, хамгаалдаг гэх боловч үүнд найдаад үндсэн асуудлаа орхичихож болохгүй.
Хөрөнгө, орлогын мэдүүлгийн хүрээнд өрнөдөг зөрчлүүд нь үндсэндээ авлига хээл хахууль, албан тушаалын гэмт хэргүүдээс л үүдэлтэй байдаг. Орлого хэт нэмэгдсэн, их хэмжээний хөрөнгө борлуулсан, хөрөнгийн хэмжээгээ өсгөж, эсвэл бууруулж мэдүүлсэн, нуун дарагдуулсан, татвараас зайлсхийсэн гэх мэт зөрчлүүд цаанаа авлигын сэжимтэй байдаг гэсэн үг. Гэтэл татвараас зайлсхийсэн, эсвэл хөрөнгө, орлогын мэдүүлгээ худал мэдүүлсэн гэх зөрчилд зөвхөн цөөн хэдэн төгрөгийн акт тавиад л өнгөрөх хууль ёсны шийтгэл өнөөдөр манайд үйлчилж байна. Хамгийн том шийтгэл нь тухайн албан тушаалтныг нийтийн албанаас чөлөөлөх. Энэ тохиолдолд дээрх зөрчлүүд хэзээ ч алга болохгүй, албан тушаалаа ашиглан баяжиж, хөлжих үзэгдэл үргэлжилсээр л байх болно.

Авлига бидний нүдэн дээр ил өрнөж байхад түүнтэй тэмцэж чадахгүй суугаагийн гол шалтгаан хууль, түүний зүйл заалтуудад оршиж байгаа гэдгээ одоо бид ойлгох цаг болжээ. Төрийн албан хаагч хүүхдээ жилийн 50 гаруй сая төгрөгийн төлбөртэй сургуульд сургаж байна. Энэ боломжтой юу? Тухайн хүний гэр бүлийн гишүүн, хамаарал бүхий этгээд нь хувиараа бизнес эрхэлдэг, эсвэл төрийн албанд орохоос өмнө үл хөдлөх хөрөнгөтэй байсан байж болно. Үүнийг үгүйсгэж болохгүй. Тэгвэл хэрхэх ёстой вэ.
Энд ердөө л ганц л арга зам бий. Тэр нь тухайн гэр бүлийн орлогын татвараар дамжуулан бүртгэж авах, орлогоо давсан зарлагатай байвал түүнийг шууд хууль бус орлогод тооцон, хариуцлага хүлээлгэх шийдэл. Өөрөөр энэ бүхэнтэй тэмцээд үр дүнгүй. Сүүлийн жилүүдэд хөрөнгө, орлогоо нуун дарагдуулж, хамаарал бүхий этгээддээ шилжүүлэх, татвараас зугтах далд аргыг хүмүүс ихээр хэрэглэх болсон. Тэгвэл татварын дараах орлогыг л хууль ёсны орлогод тооцон, хөрөнгө, орлогын мэдүүлгээр баталгаажуулж авах хувилбар руу нэн даруй шилжих нь зөв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлигын эсрэг чуулган дээр үг хэлэхдээ “Авлигатай хийх бидний тэмцэл зөвхөн авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдээр хязгаарлагдахгүй, харин түүнийг ургуулж буй хөрс суурь, нөхцөлдүүлэгч хүчин зүйлсийг устгахад чиглэнэ. Төрийн албан хаагчдын орлогоосоо давсан тансаг хэрэглээнд хяналт тавина. Хөрөнгө орлогын мэдүүлгийг татвар төлөлттэй уялдуулан шинэчлэх ёстой” гэж мэдэгдсэн. Одоо энэ үгээ ажил болгохыг түүнээс шаардах ёстой. Эхлээд ил байгаа энэ үзэгдлээ цэгцэлж авах учиртай.
Адаглаад л УИХ-ын гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгахаас эхлэх ёстой. Тэдгээр хөрөнгийг татварын дараах орлогоор тооцож, бүртгээд авчихсаны хойно түүнээс хойш хийгдэж буй бүх орлого, зарлага Татварын ерөнхий газарт бүртгэгдэж таарна. Энэ тохиолдолд хөрөнгө, орлогын мэдүүлэг гэгчийг тухайн албан тушаалтан өөрийн дураар биш, Татварын ерөнхий газраас баталгаажсан байдлаар гаргах нь зүйд нийцнэ.
2012 онд батлагдсан Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулиар УИХ-ын гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгах эрхийг АТГ-аас шилжүүлж, УИХ-ын ёс зүйн дэд хороонд шилжүүлсэн. Энэ нь мөн л явцуу, ухаангүй шийдвэр болсон билээ. Нэг танхимд мөр зэрэгцэн суугаа нөхрийнхөө хөрөнгө, орлого, зарлагад шалгалт хийгээд, хянаад, зөрчлийг илрүүлж хариуцлага тооцно гэдэг бараг л байх боломжгүй. Тиймдээ ч улс төрд орсноос хойш хөрөнгө нь үлэмж нэмэгдсэн УИХ-ын гишүүд өнөө хүртэл хэнээр ч цагдуулахгүй, хазааргүй, ногтгүй аашилж байгаа нь нууц биш.
Хөрөнгө, орлогын мэдүүлгийг татвар төлсний дараах байдлаар баталгаажуулах нь олон давуу тал авчирна. Юун түрүүнд, хөрөнгөө худал, үнэн мэдүүлдэг байдал алга болно. Төрийн албанд орж байгаа хүмүүс хөрөнгөө нуух, нэмэгдсэн хөрөнгөө тайлбарлах олон л заль байдаг юм билээ. Тухайлбал, 1.5 тэрбумын үнэлгээтэй хөөрөгтэй гээд л хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичээд өгчихнө. Дараа нь эх сурвалж нь тодорхойгүй 1.5 тэрбумын орлогоо тайлбарлахдаа “Мөнөөх хөөргөө зарсан” гээд л хэрэг хаагдах жишээтэй. Цааш тоочоод байвал барагдахгүй олон заль мэх бий.
Тэгвэл энэ мэт арга залиас сэргийлэх ганц боломж нь татвар төлсний дараах байдлаар хөрөнгө, орлогыг тооцох механизм юм. Одоо бол хөрөнгө, орлогын мэдүүлэг дэх орлого болон хөрөнгө нь татварын байгууллагад өгсөн тайлан, төлсөн татвараас хол зөрөөтэй байх нь элбэг. Нэгэн албан хаагчийн эзэмшдэг компани хөрөнгө орлогын мэдүүлэг дээрээ гурван тэрбумын орлого олсон гэх атлаа татвар дээр Х тайлан гаргаж өгөөд, нэг ч төгрөгийн татвар төлөөгүй байсан тохиолдол ч бий гэнэ. Тиймд төрийн албан хаагчдын орлогыг татвартай нь уялдуулж, санхүүгийн тайлан тэнцэл, Хувь хүний орлогын албан татвар, Аж ахуйн нэгжийн албан татварын хуулиар эх үүсвэрийг баталгаажуулах нь чухал болжээ. Төрийн албан тушаалтны хөрөнгө, орлого жилээс жилд өсч болно. Гагцхүү эх үүсвэр нь бодитой, тодорхой, нотлох баримттай, хууль ёсны дагуу л байх учиртай.