Орос–Украин ба Монголын нийгэм

Хятадын Гирин мужийн Нийгмийн шинжлэх ухааны академийн Зүүн хойд Ази судлалын салбарын цахим хуралд хэлэлцүүлсэн илтгэлээ анхны эхээр нь уншигчиддаа хүргэе.

Нэг. Албан ёсны байр суурь

Орос-Украины хооронд үргэлжилж буй хямрал мөргөлдөөний талаар Монгол Улсын Засгийн газрын байр суурийг Гадаад харилцааны сайд хатагтай Б.Батцэцэг ийнхүү илэрхийлжээ.

Украинд үүссэн цэрэг дайны хямрал дэлхий нийтийг түгшээж байна. Энэ дайн аль хэр удаан үргэлжлэх төлөвтэй байна вэ?

Украины нөхцөл байдлыг дэлхий нийт сэтгэл эмзэглэн ажиглаж байна. Энгийн иргэд аюулд өртөж, гэр орон, эх орноосоо дайжиж, амь насаа алдаж, хүмүүнлэгийн хямрал нүүрлэх бодит эрсдэл тулгарч байгаад хүн болгон санаа зовж байна.

Дэлхийн улс төрчид, эрдэмтэн судлаачид янз бүрийн байр суурь илэрхийлж оролцогч талуудыг хурцадмал байдлыг даамжруулах аливаа алхам, үйлдэл хийхээс татгалзаж хямралыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхийг уриалж байна. Энэ хямрал хэр удаан үргэлжлэхийг олон улсын харилцаа, аюулгүй байдал судалдаг хүмүүс янз бүрээр таамаглаж байна. Зарим нь ойрын хугацаанд байлдааны ажиллагаа зогсож иж бүрэн яриа хэлэлцээ эхлэх төлөвтэй байна гэж мэдээлж байна. Зарим нь хурцадмал байдал улам даамжирч хэдэн сар сунжрах шинжтэй болчихлоо хэмээн дүгнэж байна. Дэлхийд шинэ дэг журам тогтоох, хүчний тэнцвэр хуваарилагдах үйл явц дөнгөж эхэлж байгаа тул энэ байдал дор хаяж 4-5 жил үргэлжилнэ гэсэн таамаглал ч байна. Энэ олон таамаг, дүн шинжилгээ бүгд үндэслэлтэй, гэхдээ өнөө маргаашийн тодорхойгүй нөхцөлд аль аль нь амархан няцаагдах боломжтой тул тэр нь зөв, энэ буруу гэж хэлэх аргагүй. Украины нөхцөл байдалд эрдэмтэн судлаачид төдийгүй жирийн иргэд хүртэл санаа зовниж нийгмийн сүлжээгээр үзэл бодлоо илэрхийлж байна.

Ганц манайд ч биш дэлхий нийтээрээ энэ асуудалд анхаарал хандуулж, өргөн хэлэлцүүлэг, шүүмжлэл өрнүүлж байна. Цэрэг дайны аюул түргэн арилж, сөргөлдөөнийг энхийн замаар шийдээсэй гэсэн хүсэл хүн болгоны дотор хадгалагдаж байгаа гэж бодож байна.

Та Украинд үүссэн нөхцөл байдал гэж томьёолж байна. Бас хүмүүнлэгийн хямрал нүүрлэх эрсдэл тулгарсанд санаа зовж байна гэж ярилаа. Тэгвэл Монгол Улсын байр суурь юу вэ?

Манай улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй гадаад бодлого явуулдаг, аливаа сөргөлдөөнийг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх нь зүйтэй гэдэг байр суурин дээр бат зогсдог улс. Тийм болохоор ОХУ, Украины хооронд яриа хэлэлцээ эхэлснийг сайшааж байгаа, бодит үр дүнд хүрнэ гэдэгт ч итгэлтэй байна. Хурцадмал байдал даамжрах нь Европ төдийгүй дэлхий дахины энх тайван, тогтвортой байдалд ноцтой хор уршиг учруулна.

Улс орнууд өөрийн аюулгүй байдлаа хангах зорилгоор зэвсэглэлээр хөөцөлдөөд эхэлбэл цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэхэд чиглэсэн өмнөх ололтуудыг үгүй хийх эрсдэл үүснэ. Тийм болохоор олон улсын хамтын нийгэмлэг үүссэн нөхцөл байдлыг улс төр, дипломатын аргаар шийдвэрлэхэд хүчин чармайлт гаргаж Украинд хүмүүнлэгийн хямрал хяналтаас гарахаас хамтын хүчээр сэргийлэх нь чухал гэж үзэж байна.

Хоёр. Судлаач миний байр суурь

Монгол Улс нь Орос, Украин хоёр улсын алинтай нь ч дайсагнах үндэс байхгүй. ОХУ-тай Иж бүрэн cтратегийн түншлэлийн харилцаатай. Украинтай Олон талтай хамтын ажиллагааны түншлэл 2011 онд тогтоосон. Хоёулаа Монголын найрсаг харилцаатай түнш улсууд. Энэ утгаар дайтагч хоёр улсын алиных нь ч талд орохгүйгээр, дайнаа зогсоож энх тайван тогтоохыг уриалах нь зөв билээ.

Харин яг одоогийн нөхцөл байдлын тухайд бодитой ямар үйл явдал өрнөчихөөд байна вэ? ОХУ-аас цэргийн тусгай ажиллагаа явуулна хэмээн анхлан зарлаж 2022.2.24-ний үүр шөнөөр гэнэтийн цохилт өгч, цэргээ оруулсан. Тэр ажиллагаа нь Украины цэрэг зэвсгийг устгах, цэрэггүй болгох, нацистууд хэмээх эрх баригчдыг нь баривчлан цэргийн шүүхэд явуулах, тус улсад шинэ Засгийн газар байгуулж, түүнтэй хэлэлцээ хийж, Украиныг төвийг сахиулах тухай Гэрээ байгуулах явдал байв. Цэргийн тусгай ажиллагааг маш богино хугацаанд (2-3 өдөр) амжилттай зохион байгуулж, Украины ард түмнийг нацистуудаас нь чөлөөлөөд Оросын арми яруу алдраа дуурсагуулан нутагтаа буцах ёстой байв. Оросын цэргийг 24-ний өглөө Украины хотуудад украинчууд баяр ёслолын байдалтай халуун дотноор хүлээн авна, ялалт хангагдана хэмээн Оросын цэргийн командлал, бүр ОХУ-ын дээд эрх баригчид нэгэн зэрэг үзэж тооцоолжээ.

Гэтэл тийм явдал болсонгүй. Украинчууд нэгдэж нягтраад тэр дороо Оросын цэргийн эсрэг ард түмний эсэргүүцлийн дайн дэгдээв. ОХУ-ын цэргийн тусгай ажиллагаа үндсэн зорилгоо биелүүлж чадаагүй, харин украинчууд маш ширүүн эсэргүүцэн байлдаж бүтэн хоёр 7 хоног (өнөөдрийн байдлаар бүтэн сар өнгөрчээ–Зох) дайн өрнөж байгаа тул энэ үйл явдлыг дэлхийн ихэнхи улс оронд дайн хэмээн хүлээн авчээ. Яндексийн нэг тандалтаар оросын хүн амын 99 хувь нь энэ явдлыг дайн гэж үздэг, цэргийн тусгай ажиллагаа гэдэгт нь ганц хувь нь итгэдэг гэсэн байх юм.

Дайн зогсох шинжгүй харин ч өргөн фронтоор маш ширүүн өрнөж үхэл хохирол маш ихээр дагуулжээ. Оросын цэрэгт эзлэгдсэн гэгдэх ганц хоёр хотод украинчууд оросын цэргийг эсэргүүцэн эх орныхоо далбааг мандуулан жагсаал цуглаан хийж, Оросын цэргийг хөөж тууж байгаагаас үзвэл ОХУ-ын талд зогсох украин хүн бараг үлдээгүй нь харагдаж байна.

Украин орон урьд өмнө байгаагүйгээр нэгдэн нягтарч, эх орныхоо тусгаар тогтнолын төлөө Эх орны дайндаа эрслэн босчээ. Украины зэвсэгт хүчин өөрөөсөө илт давуу Оросын цэргийг тасралтгүй цохиж, сөрөг давшилт хийж, Оросын цэрэгт асар их хохирол учруулжээ. Зарим мэдээгээр алагдсан орос цэргийн тоо 10 мянгыг хол давжээ.

Украины талд нийт Европ, АНУ, нийт Өрнөд ертөнц хатуу зогсож сэтгэл санаа-эд материал, санхүү, зэвсгийн тусламж үзүүлэв. НҮБ-д Оросыг буруутайд тооцсон тогтоол батлахад 181 гишүүний 141 нь Оросын эсрэг санал өгчээ. Оросыг буруушаасан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн онц тусгай чуулганы тогтоолын төсөлд 96 гишүүн-улс хамтран зохиогчоор оролцжээ. Санал хураалт явагдахад Орос өөрийнхөө төлөө, мөн Белорусс, Сири, Хойд Солонгос, Эритрей улс ОХУ-ыг хамгаалжээ. “141:5” гэсэн харьцаа гарчээ. Мөн 35 улс санал хураалтад түдгэлзсэн санал өгснөөс Монгол, Хятад, Энэтхэг зэрэг улс оржээ.

Дүгнэж үзвэл, Орос орныг Оросын өөрийнх нь удирдагчид энэ удаа ялагдуулах нь байна. Украин руу судалгаа тооцоогүй, сэтгэлийн хөөрлөөр, өөрийгөө хэт дээгүүр үнэлээд Украинаа хэт доогуур үнэлээд, тагнуулын буруу мэдээллээр халдаж ороод одоо өөрийгөө буцаж гарах аргагүй цуст намганд суулгачихлаа. Украинчууд нэг хүн шиг нягтраад эгцлэн босч хот болгонд эсэргүүцэн ёстой галзууртлаа байлдлаа. Украинчууд зангидсан гар шиг нөгөө “нацист” эрх баригчдаа тойрч нягтраад байлдаж байна. Бодит байдал ердөө энэ.

Гурав. Монголын нийгэм дэх эсрэг тэсрэг байр суурь

Орос-Украины хооронд жинхэнээсээ дайн өрнөж байна гэдэгт монголчууд үндсэндээ нэгдсэн ойлголттой байна. ОХУ-ын цэргийн тусгай ажиллагаа гэдэгт итгэх монгол хүн цөөрсөн.

Оросын талд зогсож, Орос ялна, Оросыг ялагдуулж болохгүй гэсэн үзэлтэй хүмүүс байна. Тэд бол ахмад насны, социализм ба Монгол-Зөвлөлтийн найрамдлыг эргэж санагалзсан, Орост заяанаасаа хайртай хүмүүс юм. Тэд олонхи болж чадахгүй, цөөхөн тооны хэдхэн сэхээтэн. Тэд байр сууриа нийгмийн цахим сүлжээнд илэрхийлэх нь чөлөөтэй. Тэднийг хэн ч хорихгүй.

Оросыг ялагдуулж болохгүй, Орос ялагдвал Хятад ноёлно, Монголыг эзэлнэ гэсэн үхмэл бодолтой монголчууд байна. Монголын аюулгүй байдлын цорын ганц баталгаа нь Орос учраас Оросыг ялагдуулахгүй хэмээн үзэл бодлоо нийгмийн цахим сүлжээнд илэрхийлдэг. Тийм хүмүүс Монгол-Хятадын харилцааны тухай мэдлэг мэдээлэл байхгүй. Хятадыг Эрээн хотоор төсөөлөн ойлгодог гэх мэт дутагдалтай.

Орос-Украины дайнаар далимдуулан Монголд Америкийн эсрэг үзэл дэвэрч байна. Энэ дайны гол буруутан нь АНУ, АНУ л энэ хоёрыг байлдууллаа хэмээн үздэг сэхээтэн, жирийн иргэд байна. АНУ-ыг үзэн ядах бодитой, үнэхээр хүлээн авмаар өс хонзон тэдэнд байхгүй. Монгол-Америкийн харилцааны тухай мэдлэггүй, АНУ-ын ЭСЯ-наас виз авч чаддаггүй, АНУ-д очоод хууль бусаар амьдраад цагаачдын зовлон амссан, англи мэддэггүй гэх мэт улс төрийн бус хувийн гомдол, шалтгаантай. Тэд зүгээр л үзэл бодлоо нийгмийн цахим сүлжээнд илэрхийлж, уураа гаргаж байгаа нь тэр юм. Тэд чөлөөтэй бичиж ярьж ухуулж байна.

Украинд үнэхээр нацистууд гарч ирээд Оросын эсрэг хар хорыг хийж байна гээд итгэчихсэн монгол хүн байх нь байна. Мөн л ахмад насны, Оросын ТВ-ийг байнга үздэг, Оросын сурталд нэвт итгэчихсэн. Бас завтай, хийх ажилгүй. Амьдрал сайнгүй, иймд уур уцаар, сэтгэл хөөрлөө цахим сүлжээнд гаргаж байна.  

Оросыг тусгаар тогтносон, бүрэн эрхт Украин руу халдан түрэмгийллээ, түрэмгийллээ зогсоох хэрэгтэй, хэрэв энэ түрэмгийлэл зогсохгүй бол Орост Путин өөрөө огцрох буюу эх орноо ялагдуулна гэж монголчуудын ихэнхи нь үзэж байна. Тэр байр суурь түгээмэл байна.

Орос олон улсын эдийн засгийн хоригт орж, энэ хориг Орос орны эдийн засгийг гацаан зогсоож гарах аргагүй хямрал дагуулна, ийм тохиолдолд Монгол-Оросын хамтын ажиллагаа хэрхэх бол гэсэн айдас нийт монголчуудад байгааг тэмдэглэх хэрэгтэй.

 -о0о-


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. баярхүү орос хэл мэддэгүй юм уу даа. Россия24 үзээч

    0 0 Хариу бичих
  2. Мартчиж. Батцэцэг сайд маш мундаг байлаа. Өвгөн дипломатч атаархаж хорсоод барууныхны худал мэдээлээр баахан худлаа мэдэн будилжээ. Залууст бүү саад бол, Оростой муудалцуулж улс орноо бүү хорло. Заюу. Ахаа!!!!!!!!!

    2 0 Хариу бичих
  3. Энэ ах ёстой жинхнээсээ сэтгэлийн хөөрлөөр бичнэ. Тэхдээ үе тэнгийн өвгөчүүдээ адилхан ажилгүй байж доош нь хийнэ. Залуус бид АНУ, ЕХ, Английн Оросыг шахан хавчих Геополиткийн снаархлыг, яг одоо таслахгүй бол Орос сүйрэх байлаа. Одоо тэд Украйныг зэвсэглэн дайралтыг сунжруулах бодлого барьж байна. Орос шууд дайраад орцн бол өдийд ийм болхгүй байв. Жирийн ргэдийг алахаас болгоомжилсон, үүнийг нацист удирдагчид нь ашиглан ард түмнээ амьд бамбай болгосноос сунжирсан Одооч Оросод салам бөмбөгдөх хүч бий.

    1 0 Хариу бичих
  4. Монгол улсын хамгийн том чухал Оюутолгойн гэрээний талаар бичиж байхыг нь санахгүй юм. Барууныхан ашигтай бол Монгол яахав гэдэг биз дээ

    0 0 Хариу бичих
    • Чи өөрөө бичвэл яасан юм?? Баярхүү эдийн засагч биш, Оюу толгойн эдийн засгийн үр өгөөж талаас нь бичих чадваргүй байх, 1-р ангийн хүүхдээр12-р ангийн тоо бодуулах гээд байгаатай адил.

      0 0