Технологийн дэвшлийн үр шимийг алхам тутамдаа хүртэж буй ч хүн төрөлхтөн байгалийн гамшгийг урьдчилан таамаглах, аюул ослыг эртнээс сэрэмжлэн мэдээлэх төгс тогтолцоог хараахан бий болгоогүй. Дэлхийн цаг уурын байгууллагын мэдээллээр гамшигт байнга өртдөг 100 гаруй улсад онцгой байдлын үед ашигладаг дуут дохиолол, зарлан мэдээлэх тогтолцоо нь хангалтгүй, бүр огт хөрөнгө төсөв ч гаргадаггүй ажээ. Тэгвэл ан амьтдын хөдөлгөөн, зан байдлыг судалснаар айсуй гамшиг зовлонгоос гэтэлж чадах уу?
2004 онд Индонезийн арал орчимд үүссэн газар хөдөлт, цунамийн улмаас 230 000 хүн амиа алдаж, Энэтхэгийн далайн эрэг орчмын дэд бүтэц ихээхэн хэмжээгээр сүйдсэн. Гамшигийн хор хөнөөлийг арилгах үйл явц өдгөө ч үргэлжилж буй. Амиа алдагсдын тоо ийнхүү үлэмж хэмжээгээр нэмэгдсэн нь цунамийн аюулыг зарлан мэдээлэх тогтолцоо хангалтгүй байснаас үүдэлтэй гэж үздэг. Энэ бүсэд далайн түрлэг, газар хөдлөлтийг мэдрэгч төхөөрөмжүүдийн ихэнх нь эвдэрч, засвартай байсан бол Тайланд, Шри Ланкын эрэг орчимд цунамигаас сэрэмжлүүлэх систем огт байдаггүй ажээ. Тэгвэл далайн эрэг дагуу 9 метр өндөр давлагаа үүсэхээс хэдэн цагийн өмнө гэнэт амьтдын хөдөлгөөн идэвхжиж айсуй аюулыг мэдэрч байжээ. Гэрчүүдийн ярьснаар тэр өдөр зааны сүрэг гэнэт өндөрлөг газар руу тэмүүлж, ягаан тогорууд нам дор үүрээ орхин нисэлдэж, гэрийн тэжээвэр ноход ч тайван бус болж хуцан боргож эхэлсэн аж. Тайландын эргийн Банг Коэй тосгоны оршин суугчдын ярьснаар үхэр сүрэг гэнэт л далай руу ширтэн, чимээ чагнаж байснаа хүчит давлагаа босохоос хэдхэн минутын өмнө ойролцоох толгод руу дутаан оджээ. НҮБ-ын Гамшгийн эрсдэлийн олон улсын стратегийн зөвлөх багийн гишүүн Ирина Рафлианагийн хожим судалж сурвалжилснаар тэр өдөр амьд үлдсэн хүмүүсийн олонх нь үхэр, ямаа, муур зэрэг амьтад илт хөдөлгөөнд орж нүүдэллэж эхэлснийг анзаарч, аюул заналаас сэргийлж чаджээ. 2010 онд Суматрын арал орчимд цунами үүсэж Ментавай аралд 500 гаруй хүн амь үрэгдсэн өдөр ч заанууд байгалийн төрөлх зөн совингоороо аюул ойртож буйг сэрэмжлүүлж байсныг түүний судалгаа нотолно.

Бүр ойрхны жишээ гэхэд 2022 оны нэгдүгээрд сард Тонгад далайн усан дор газар хөдлөхөөс нэг өдрийн өмнө яст мэлхийн сүрэг чиглэлээ өөрчилж өөр зүгт нүүдэллэж байсныг хиймэл дагуулын зургаар баталгаажуулжээ. Байгалийн гамшгийн өмнөх амьтдын ер бусын зан байдлын талаарх хамгийн эртний тэмдэглэгээ МЭӨ 373 онд хамаарна. Эртний Грекийн түүхч Фукидидийн бичиж үлдээснээр гамшигт газар хөдлөлт болохын өмнөх өдрүүдэд Хелице хотоос бүх нохой, могой, тэр бүү хэл мэрэгч амьтад нь дайжин оджээ. Тэгвэл 1805 онд Италийн Неапольд болсон газар хөдлөлтөөс хэдхэн минутын өмнө үхэр, хонь, нохой, галуу зэрэг амьтад хачирхалтай дуу чимээ гарган үймрэн бужигналдаж байсан тухай олон гэрч нотолдог. 1906 оны Сан Францискогийн газар хөдлөлтийн өмнөхөн үймсэн сүрэг адуу хаа нэг тийш давхин одсон тухай нүдээр харсан гэрчүүдийн мэдүүлэг ч буй. Тэгвэл байгалийн элдэв юмс үзэгдлийн холбоо хамаарлыг соргогоор ажиглаж, тэнгэрийн аяс цагийн байдлыг урьдчилан таамаглаж ирсэн өнө эртний уламжлалыг орчин цагийн технологитой хослуулан гамшгаас сэргийлэх боломжтойг эрдэмтдийн судалгаа харуулж байна. Францын шувуу судлаач Шарлотт Франсиазын ахалсан баг Номхон далайг гаталж буй нүүдлийн шувууд хар шуурга болон бусад аюулаас хэрхэн зайлсхийж чадаж байгааг судалсанаар тэнгэрийн аашийг олж дөнгөнө гэж үздэг. Үүнтэй төстэй судалгааг Герман дахь Макс Планкийн нэрэмжит амьтны хүрээлэнгийн судлаачид таван жилийн өмнөөс хийж буй. Тэд Италийн төв хэсэгт орших газар хөдлөлтөд өртөмтгий Марке мужид тусгай ферм байгуулж, үхэр, хонь, нохой тэргүүтэй биологийн олон төрөл зүйлийн амьтдын зан байдал, хөдөлгөөнийг хянадаг юм. Амьтан бүрт чиптэй хүзүүвч зүүсэн бөгөөд хөдөлгөөний нарийвчлалыг төв компьютерт хэдэн минут тутамд илгээнэ. 2016 оны аравдугаар сараас 2017 оны дөрөвдүгээр сарын хооронд энэ бүс нутагт 0.4 болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт 18 000 гаруй удаа бүртгэгджээ. Ингэхэд газар хөдлөлт болохоос 20 цагийн өмнөөс фермийн амьтдын зан араншин илт өөрчлөгдөж эхэлсэн аж. 45 минутаас илүү хугацаанд амьтдын хөдөлгөөний эрчим 50 хувиар нэмэгдвэл 4 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлт болно гэж эрдэмтэд таамаглаж байсан юм. Ийм байдлаар найман удаагийн хүчтэй газар хөдлөлтөөс долоог нь урьдчилан мэдэрч чаджээ. Ахлах судлаач Мартин Викельскийн ярьснаар удахгүй тохиох гамшгийн голомтод ойртох тусам эдгээр амьтдын янз байдал өөрчлөгдөж байжээ. Түүний хийсэн өөр нэг судалгаагаар Сицилийн Этна галт уулын энгэрт бэлчиж байсан дохиололтой ямаанууд гэнэт үргэж зугтсанаас хэдхэн цагийн дараа уул сэрж үнс нурмаа цацсан тохиолдол ч нотлогдсон юм. Өмнөд Америкт судалгаа хийсэн экологич Рэйчел Грант ч үүнтэй төстэй үр дүнд хүрлээ. 2011 онд Перу улсын Яначага үндэсний хүрээлэнд болсон 7 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн үеийн камерын бичлэгээс амьтдын зан авир 23 хоногийн өмнөөс өөрчлөгдөж байсныг олж тогтоожээ. Жирийн үед уг камерт өдөрт 5-15 удаа бичигддэг байсан амьтдын хөдөлгөөн газар хөдлөлт хүртэл гурван долоо хоногийн хугацаанд эрс багасан 10, 6, 5, 3, 2 дахь болон газар хөдлөлт болсон өдөр ямар ч амьтан бүртгэгдээгүй нь ер бусын тохиолдол. Газар хөдлөхийн өмнө гүний чулуулагт даралт үүссэнээр агаарт эерэг ион цэнэг тархан амьтдын зан чанар өөрчлөгддөг гэж зарим эрдэмтэд үздэг юм.

Амьтад эерэг ион цэнэгт дургүй, хүмүүст ч таагүй шинж тэмдэг илэрдэг. Эерэг ион цэнэгээс болж серотонин эмгэг буюу хүний толгой өвдөх, дотор муухайрах, санаа зовних, нойргүйтэх зэрэг таагүй шинж илэрнэ. Амьтад эерэг ион цэнэгтэй агаараас үргэлж зугтдаг.

Газар хөдлөлтийн урьдал хүчин зүйлсийг шинжлэх ухааны үндэстэйгээр баримтжуулаагүй байгаа. Гэхдээ амьтдад газар хөдлөлтийн даралтын долгионыг илрүүлэх дотоод механизм сайтар хөгжсөн байх магадлалтай. Амьтдын бие их хэмжээний төмөр агуулдаг учраас цахилгаан соронзон орон зайд хэт мэдрэмтгий болдог.
Викелски болон түүний хамтрагчид Италид хийсэн судалгааныхаа мэдээлэлд үндэслэн амьтдын идэвхжилийг хянаж газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх системийн эх загварыг гаргажээ. Түүний тооцоолсноор газар хөдлөлт болохоос 18 цагийн өмнө хүзүүндээ чиптэй амьтдын хөдөлгөөн идэвхжиж эхэлнэ. Газар хөдлөлтийн голомтоос 10 км зайд орших амьтад найман цагийн дараа сэрэмжлүүлгийн эхний шинж тэмдгийг өгөх бол, үүнээс найман цагийн дараа 20 км зайд байрлах амьтдын нүүдэл шилжилт ажиглагдах юм. Гэхдээ дээрх загварыг ашиглахын өмнө тив бүрийн газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд илүү олон тооны амьтдыг удаан хугацаагаар ажиглах шаардлагатайг ч тэрээр хэлж буй. Тэгвэл БНХАУ-ын Наннинг дахь газар хөдлөлтийн товчоо амьтдын мэдээллийг ашиглан аюулаас сэрэмжлүүлэх системийг аль хэдийнэ бий болгосон. Гамшигт өртөмтгий энэ бүс нутгийн фермүүд могойн зан байдлыг хянадаг. Могой хүрээлэн буй орчныхоо өчүүхэн өөрчлөлтийг ч хоромхон зуурт мэдэрдэг онцлогтой. Ийм туршилтын үр дүнд 1975 онд Хятадын Хайчэн хотын иргэдийг амжиж нүүлгэн шилжүүлж, хүчтэй газар хөдлөлтөөс олон хүний амийг аварч байсан түүхтэй.

Харин шувууд ганц газар хөдлөлт бус ойртож буй бусад аюулыг илрүүлэх чадвартай нь хэзээнээс нотлогдсон. 2014 онд АНУ-д алтан далавчит бялзуухайн нүүдлийг ажиглахад сүрэг Өмнөд Америкаас 5000 км зам туулан Теннессийн зүүн хэсэгт орших Камберланд уулс дахь үржлийн газартаа буудалласан ч гэнэт хөөрч, 700 км алсад нисэн оджээ. Шувууд явсны дараахан уг газрыг 80 гаруй хар салхи дайрч, 35 хүний аминд хүрсэн юм. Энэ тохиолдлыг нүүдлийн шувууд хэт авианы хэлбэлзлийг илрүүлэх чадвартай гэж тайлбарлаж буй. Үнэндээ шувууд 400 км-ийн алсаас хар салхи дөтөлж явааг ямар нэгэн байдлаар мэдэрсэн нь тодорхой. Хамгийн хол зайд буюу Шинэ Зеландаас Аляск руу 14000 км зайд нүүдэллэдэг хурган цууцал гэхэд л Номхон далайг гатлах явцдаа үй түймэн салхи шуургатай тулгардаг ч жил бүр урт аянаа ажрахгүй давдаг зүй тогтолтой. Францын Үндэсний байгалийн түүхийн музейн судлаачид хурган цууцал тэргүүтэй таван төрлийн 56 шувуунд GPS суурилуулж далай гатлах холын аяллыг хянаж байна. 2021 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн уг төслөөр Олон улсын сансрын станц шувуудыг нисэх үед дохио хүлээн авч, байгалийн аюулд хэрхэн хариу үйлдэл үзүүлэхийг ажиглаж, хяналт далайн бүсийн цаг уурын загварчлал, уур амьсгалын урьдчилсан мэдээг сайжруулахад туслах баримт өгөгдөл цуглуулж эхэлсэн юм.
Ливерпүүлийн их сургуулийн далайн биологич Саманта Патрик Шувууд хэт авианы өөрчлөлтийг мэдрэх боломжтой гэж бид хэлж чадна. Улмаар хэт долгионыг илрүүлж, түүнээс зайлсхийхэд хүмүүсийг сэрэмжлүүлэх арга замыг нээхээр судалж байна. Далайн шувуу болох альбатросс гэхэд л хэт өндөр эсвэл нам авианы бүсийг ялгах чадамжтай нь тогтоогдсон. Дүн шинжилгээ хараахан дуусаагүй ч эерэг үр дүн авчирна гэдэгт итгэлтэй байна.
Зарим эрдэмтэд амьтдад зургаа дахь мэдрэхүй байдаг гэх ойлголтыг эрс үгүйсгэдэг бол ихэнх нь амьтад онцгой мэдрэхүйтэй ч тэдний тусламжтайгаар гамшгаас хамгаалах боломжгүй гэж үздэг. Өөрөөр хэлбэл, амьтдын хөдөлгөөн дангаараа хангалттай нотлогоо болж чадахгүй, аюулаас сэхээрэх бүрэн зөв мэдээлэл авахын тулд технологийн хөгжилд илүүтэй найдах нь өлзийтэй аж. Нэгэнт хүний хэлээр амьтад хүүрнэхгүйгээс хойш байгалиас ирж буй харанга дохиог ажиглаж, сэрэмжлэхэд буруудах юун.