ХӨТӨЛ ​хаашаа хөтөлнө?

Нэг. Хоёрхон “явдал”-тай ХХ зууны түүх.

    ХХ зууны Монголын түүхийг янз янзаар үечилж болох ч хоёрхон том үйл явдлаар зааглагддаг. 1911 онд Тусгаар тогтнолоо сэргээснээр авч үзсэн ч, эсвэл 1921 оны Ардын хувьсгалаар эхлүүлсэн ч, бүүр болиод 1945 онд тусгаар тогтнолоо зөвшөөрүүлснээр тоолсон ч тэр, тэгж ярих юм бол жинхэнэ түүх эндээс эхтэй гээд 1990 оны ардчиллаар баримжаалсан ч ялгаа байхгүй. Дээрх хоёр үйл явдлыг нь арай цаагуур, эсвэл арай наагуур заагласан л хувилбар болдог. Бүтэн зууны түүхийг хоёр хуваадаг тэр айхавтар зааг яг юу вэ?

   Эхнийх нь 1924 онд Монгол улс хувийн өмчгүй, зөвхөн улс, олон нийтийн өмч дээр тулгуурлсан социалист улс байгуулахаа зарласан тэр зааг юм. Хоёрдугаарх нь 1991 онд хураасан өмчийг иргэддээ тараахаар “Өмч хувьчлал” эхлүүлсэн гараа болдог. Алдарт “Хроника ГМБХ”-н Эрин зууны он дарааллын бичигт ч ингэж л орсон.

   Феодалын хөрөнгө хурааснаас эхлээд” хамтралжуулсан”, “бүх малыг хураан авч нийгэмчилсэн”, “Феодалын охинтой гэрлэсэн тул намаас хөөгдсөн”, “хөдөлмөрийн бус орлогоор баяжсны учир шийтгүүлсэн”, “Иргэдэд зориулсан улсын худалдаанд гаргаагүй хар цаасаар байшин барьж шоронд орсон”, “Эдийн шуналтай учир Эвлэлийн үүрээс донгодуулсан”, “Социалист өмчийг нүдлэн хамгаалагчийн тангараг өргөсөн”... гээд ХХ зууны нүүр царай болсон үйл явдлууд зөвхөн “Хувийн өмчгүй нийгэм”-тэй л холбогдоно.

    Монголын шинэ түүхийн утга учир нь “Өмч хувьчлал”-д оршдог. Өмч хувьчлал гоё юм биш, улсын юмыг хувьд өгөх утгаараа. Ер нь олны санаа бодлыг дагаад “Өмч хувьчлал баабаа” гэдэг дээр тогтсон ч болж байна. Гэхдээ өмчийг эхнээсээ нийгэмчлээгүй бол “Өмч хувьчлал” угаасаа хэрэггүй л байх байлаа. Яг л “хөлөө гипсдүүлэх маш муухай” гээд хугархай ястайгаа насыг барах аргагүй шиг, нэгэнт хураагдсан өмчийг хувьчлахгүйгээр цаашаа явах зам байхгүй. 

-Хөлөө хугалаагүй бол угаасаа гипсдүүлэх хэрэггүй байсан гэж зөрүүд өвчтөнд хэлэх болох. Яг түүн шиг “Өмчийг нийгэмчлээгүй бол хувьчлах хэрэг гарахгүй байлаа” хэмээн тайлбарлаж бас болно.

   Ардын хувьсгалын үр дүн нь хөрөнгийг хураан нийнгэмчлэх байсан бол Ардчилсан хувьсгалын утга нь “Өмчийг эргүүлж хувьчлах” байсан. 

    Хэрвээ, өмчийг хураан нийгэмчлэх явцдаа “Хувийн өмч”-ийг ямар нэг утгаар зөвшөөрсөн, өчүүхэн зүйлс, ширхэг хадаасыг ч гэсэн “хувьчилсан” бол тэр тогтоц сүйрэх байсан. Ийм учраас төрийн зүгээс хэн нэгэн хувийн өмчтэй болчихоос сэрэмжилж, ямар нэгэн зүйлийн хувьдаа авчихаас өдөр шөнөгүй сэргийлнэ. Энэ асуудлаар, Дотоодыг хамгаалах(Тагнуул), шүүх, прокурор, сэргийлэх(цагдаа)-аас гадна Намын хянан Шалгах, Ардын хянан шалгах, Эвлэлийн Төв хорооны Хянан шалгах штаб...гээд шатласан бүтэцтэй олон арван байгууллага ажиллана. Гол зорилго нь “Хувьдаа өмчтэй болохоос сэргийлэх” явдал.

    Харин 1991 онд “Өмч хувьчлал” хуульчлал явагдснаар социалист тогтоц жинхэнэ утгаараа нуран унасан юм. Өмч хураалт нь өмч хувьчлалаар нурдаг юм бол, өмч хувьчлалын дундуур өмч хураалт явуулбал яах вэ? Өмч хувьчлал нь сүйрэн унана. Дүгнэлт: Өмчгүй нийгмийг өмч хувьчлалаар сүйрүүлдэг. Өмчтэй нийгмийг өмч хураалтаар нураадаг. Болдогсон бол хуучин нийгмийн “Өмч хувьд очихоос сэргийлэх” байгууллагуудын жишгээр, ардчилсан нийгэмд “өмчийг улсад хураахаас сэргийлэх Хянан шалгах хороо” байгуулахсан.

Хоёр. Айлын үнээ саах нь ашигтай.

Социалист нийгмийн зарчим бол бүх хүн амьжиргаагаараа тэгш байх. Нийтээрээ баян байх боломжгүй учраас өмчийг хураан жигд ядуу болгох замаар энэ зорилгодоо хүрдэг. Юу ч үгүй байдлаараа тэгширч, “адилдаа адил годилдоо годил” байх нь олон хүнд таалагдсан учраас тэр тогтоц удаан тогтсон.

    Харин ардчиллын зарчим нь бүх хүн амьжиргаагаараа тэгш байх боломжгүй учраас хуулийн өмнө тэгш байх юм. Мэдээж, нийгмийн ядуу буурай хэсгийг халамжилна, баяжих, сурч боловсрох гээд амьдралын чухал гарааг бүхий л боломжоороо тэгшитгэнэ. Эрүүл мэндээ хамгаалах, сурч боловсрох хөрөнгө мөнгийг төр олж өгнө. Тэр мөнгийг баячуудаар гаргуулна. Тэгэхдээ баячуудын хөрөнгийг хураах замаар биш, орлогоос татвар авах замаар цуглуулна. Айхавтар ч ухаан биш л дээ, амьдралаас урган гарсан менежмэнт. Нэг онигоо байдаг даа, хоёр цагдаа тамхи ширхэглэн зарж байгаа хүүхэдтэй таардаг. Нэг нь,

-Энэ нөхрийг бушуухан торгоё гэхэд нөгөөх нь

-Байз гэм. Тамхиа жаахан зараад 10,000 төгрөгтэй болоодхоор нь торгоё гэдэг.

   Ердөө л ийм л гаргалгаа. Хүний үнээг булаан авбал өөрөө тэжээхээс эхлээд саах зөндөө ажил ундрана. Тэгсэнд орвол сайн дарамтлаад, өдөр бүр үнэгүй сүү аваад байвал биед амраас гадна орлого найдвартай. Мафитай кино зөндөө л үзээ биз дээ. Тэнд “Орлогынхаа төдөн хувийг өг” гэсэн дарамтлагчид л яваад байдгаас биш, рестораныг нь өөрөө авч толгойдоо булуу хураадаггүй шүү дээ.

   Ямар ч төр дээрэмчнээс тэнэг байх ёсгүй учраас мөнгө хийдэг авъяастай хүмүүст боломжийг нь олгоод “ахиухан олоосой тэгвэл ахиухан татвар авна” даа хэмээн ханцуйдаа залбирч суудаг номтой.

   Улсын, хувийн гээд бүх өмч хуулийн өмнө тэгш эрхтэй тул түүнд зөвхөн шүүхийн шийдвэрээр халдана. Хувь хүнийг төрөөс хохироосон бол улсын өмчөөр хохирлыг барагдуулж болно. Хувь хүн улсаа эд өлгөөр хохироосон бол шүүхийн шийдвэрээр хувийн хөрөнгөнөөс гаргуулна. Иргэд ч хоорондоо тэр мэт. Гэхдээ, зөвхөн шүүхийн, шүүхийн, дахин хэлэхэд шүүхийн шийдвэрээр энэ бүхнийг хийнэ.

 Гурав. Хөтөл хаашаа хөтлөв?

    Гэтэл, Засгийн газраас Хөтөлийн цементийн үйлдвэрийн хувьчлалийг хүчингүй болгож нийгэмчилснээ зарлаж, гайхаш тасаллаа. Гол нь уг үйлдвэр хэдэн жилийн өмнө хувьчлагдсан юм байна. Хөгжлийн банкнаас зээл аваад төлөөгүй учраас нийгэмчилж байгаа юм байна.

   Зээл аваад төлөөгүй бол хөрөнгийг нь хураан авч банкны хохирлыг барагдуулж болдог, ингэх нь ч шударга. Гэхдээ энэ бүхэн шүүхийн шийдвэрээр, зөвхөн шүүхийн шийдвэрээр л хийгдэх учиртай. Гэтэл засгаас яагаад “энд тавьсан өрийг төлөөгүй байгаа учраас, тэнд хийгдсэн хувьчлалыг хүчингүй болгож” байгаа юм бол ?

   Энэ жишгээрээ бол малчид ХААН банкинд тавьсан өрөө төлөхгүй бол 1991 оны мал хувьчлалыг хүчингүй болгоно гэсэн үг үү?

     Явсаар байгаад, гэрлийн байцаагч тог цахилгаанаа төлөөгүй удсан айлын зурагт хөргөгчийг тэврээд гарах, автобусанд үнэгүй явсан этгээдийн цагийн тайлаад үлдэх, залилан хийсэн этгээдийг “шоронд суух нь магад” гээд амбаартаа түгжих, хүн алсан гэмт хэрэгтнийг “Хаашдаа л энийг цаазалж таарна” гээд буудчих энэ тэр нь хэвийн зүйл болох уу? Цаашдаа, айн?  Ийм асуулт урган гарч байна.

    Ийм практик нь олон түмэнд “шүүхийг ерөөсөө хэрэггүй илүүц зүйл” болгон харагдуулж байна. Ингэж харагдуулснаараа, шүүх, хууль цаазыг ч үл хүндлэх буруу үлгэр үлдээж байгаа юм.

   Хувийн өмчийг хамгаалах, түүнийг нийгэмчлэхгүй байх нь ардчиллын дүрэм. Мэдээж, шүүх шийдвэрээс бусдаар. Товчоор хэлэхэд, бидний өнгөрсөн түүх “Өмчлүүлж болохгүй хураа”, “Хурааж болохгүй, өмчлүүл” гэдэг хоёр зарчмын хооронд багтаж байжээ. Хоорондоо холилдох ямар ч боломжгүй. Иймээс, өмчгүй нийгэмд өмчтэй болох нь гэмт болох ба харин өмчтэй нийгэмд өмчийг хураах нь гэмт хэрэг(шүүхийн шийдвэргүйгээр) болон хувирна.

    Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”, авилгатай хийж буй тэмцэл нь олон хүнд найдвар төрүүлж байгаа. Гэтэл иймэрхүү маягаар “тодорхой эзэнгүй” өмчийг нэмэх нь авилгын моринд ташуур нэмэхээс хазаар болохгүй.

    Яагаад гээч, манайхын дунд “Эзэнгүй юманд нугасгүй” гэдэг хэллэг байдаг нь цаанаа их учиртай. Ер нь хүн, ялангуяа манайхан эзэнгүй юм харагдвал оллоо гэж үзэх дуртайгаас гарсан үг. Ойр хавьд эзэн харагдахгүй юм тааралдвал олз гэж үзэх нигүүртайд бид итгэдэг. Гэтэл улсын өмч, нийгмийн өмчийн эзэн нь ойр харагддаггүйгээр барахгүй, ерөөсөө хаана буй нь бүрхэг. Ялангуяа байгалийн хишиг, дайны олз мэтэд шүтэж ирсэн нүүдэлчдийн удам болох бид “Орлогоос илүү олзыг шүтэж, гарзыг тоохоос биш гарлагыг анзаардаггүй” тул улсын өмчийг “олз” байна л гэж харах нь олонтаа. 

  Ийм учраас “Авилга, хулгайтай тэмцэнэ” гэвэл улсын өмч, төрийн өмч хэмээх тэрхүү олзын далайг ширгээж чадахаа байг гэхэд хамгийн бага хэмжээнд барих ёстой. Хэрвээ энэ мэтчлэн, хувьчлалыг буцааж, эзэнгүй эмчийг нэмээд байвал ямар ч хүчтэй засаг авилгын өмнө сөхрөх л болно. 

  Саяхан, Засгийн газарт булаан авах болсон Хөтөлийн цементийн үйлдвэрт өөрийн хүнээ шургуулж аваад ууж идэх төлөвлөгөөтэй олон багийн ахлагч Засгийн үүдэнд аль хэдийнэ оочерлосон байгаа гэдэг дээр мөрий тавьсан ч алдахгүй. 

   Засаг биш, засгийн ч иргэний ч дээр байгаа Шүүх нь Хөтөлийн хувьчлалыг хүчингүй болгодог юмаа гэхэд тэр нь дараагийн дуудлага худалдаа явуулах шалтгаан болохоос биш, улсын үйлдвэрийн газрыг нэгээр нэмэгдүүлж болохгүй. Ийм л юм. 

Жич: Хэн хуйвалдав?

Ардчилал, чөлөөт зах зээлийн замаар хөгжиж байгаа орны засгийн газар зарчмынхаа эсрэг явж өмч хөрөнгө хураахгү й(шүүхийн шийдвэргүйгээр) учраас дээрх үйлдлийг манай олигархиудын хоорондын зөрчил, хэн засагт нөлөөтэй нь нөлөөгүйгээ дарж авч байгаа процесс гэж нэг талаас нь хармаар байна. Яг ингээд бодох гэхээр зөрчилдөх зүйл ч байна.

  Жишээлэхэд, засгийн төлөөлөгч “Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн татвар, нийгмийн даатгалын өр нь 20-иод тэрбум” хэмээн мэдэгдсэн мэдээлэл таржээ. Энэ үнэн бол ашиггүй үйлдвэр хувьчлан авсан эздүүд засагтай хуйвалдсан ч юм шиг зураглал харагдаж байна. Эцсийн дүндээ ашиггүй ажилладаг, маш их өртэй үйлдвэр улсад шилжин ирвэл түүнийг татвар төлөгчдийн мөнгөөр барагдуулж таарах юм. 

Эцэст тэмдэглэхэд, Хөтөлийн цементийн үйлдвэрийг авсан этгээдүүд хувьчлалыг будлиантуулсан бол, банкны зээлээ төлөхгүй бол, түүнчлэн бусад гэмт хэрэг үйлдсэн бол өмчийг нь хураахаас эхлээд, өөрийнх нь хурууг байтугаа толгойг авсан ч болох. Гэхдээ зөвхөн хуулинд зааснаар, зөвхөн Шүүхийн шийдвэрээр... 

2022.03.24


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Төрийн шагналт соёлын ба юу ч билээ энэ нөхөр сэг харсан хярас шиг л амьтан доривтой сэтгэж бичсэн ганц ч өгүүллэг нийтлэл үгүй ямар нэг ном зохиолын хүмүүсийн нэрийн өөрчлөөд бичдэг гардан

    0 0 Хариу бичих
  2. Цэнддоо чи хэтээсээ Элбэгдоржийн бөгс долоогч шантаажчин Та нарын хулгайлсан барааг эзэн олж мэдээд авч байна. Энд шүүхдэлцэж мэтгэлцэх юм байна уу Шүүх дээр очвол та нарын томилсон шүүгч нарын зарим нь үлдчихээд байгаа Тиймээс чамд яльгүй горьдлого төрнө. Гэхдээ тэд ч бас ар гэртэй,ажлаасаа хусагдахыг хүснэ гэжүү

    0 0 Хариу бичих
  3. Юун хууль, юун шүүх, ард түмний төлөө ийм шийдвэр гаргаж төр нь луйварчдад алдсан байсан хөрөнгөө буцаан авч байна. Тэгж ярвал Хандгайт явах зүгт Нямкагийн авто зам, Нямкагийн гүүр, мөн Нямкагийн 2 амбаар байдаг гэсэн шүү, базарваань, амбаарыг нь очоод үзсэн, маний амьдардаг бол хажууд нь овоохой гэж хэлэхэд ч ичмээр.

    0 0 Хариу бичих
    • Dongio sda. Unshsan yumaa oilgohgui.

      0 0