Монгол Улс улстөрчидтэйгөө хариуцлага тооцож чаддаг уу гэх асуулт манай орны өнгөрсөн 32 жилийн түүхийн хамаг эмзэглэл, гашуун эмгэнэлийг бүрэн илэрхийлж чадна. Учир нь бид улстөрчдөөс хариуцлага шаардсаар өнөөдрийг хүрсэн. Цаашид ч хариуцлага тооцдог тогтолцоо гэх улиг болсон зүйлээ ярьсан хэвээр л байх төлөвтэй.
Өдгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар бол УИХ-ын гишүүд үйлдэл дээрээ баригдаагүй л бол тэдэнд хариуцлага тооцох боломжгүй. Гэтэл магадгүй Монгол Улсын төр засагтай холбоотой үл бүтэх бүхний үндсийн үндэс нь зөвхөн энэ асуудал ч байж мэднэ. УИХ-ын гишүүд, улстөрчидтэйгээ хариуцлага тооцох зөв шийдэл байхгүй харгайгаар л өнөөдрийн хамаг алдаа завхрал, авлига хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэг газар авахад хүрсэн. Ядаж л бид улстөрчдөдөө хариуцлага хүлээлгэж, ял шийтгэл оногдуулдаггүй юмаа гэхэд сонгогчид нь итгэлээ буцаан татах боломжтой байсан бол олон буруу үзэгдлээс сэргийлж болох байлаа. УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хууль, эрх зүйн орчин бүрдэхгүйгээр Монгол Улс ирээдүйд урагшлан хөгжихгүй гэдгийг цөөхөн жишээн дээр тайлбарлахыг хичээе.
Муугийн жишээ бүхэнд нэр дурддаг мөнөөх Д.Гантулга гишүүний тухайд эргэн санацгаая. Түүнийг хэрэгт холбогдсоноос хойш жил гаруй хугацаанд УИХ-аас өмгөөлөн хаацайлахыг машид чармайж билээ. Тэр байтугай УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга нь “Их хурлын гишүүний халдашгүй байдал хэвээр үйлчлэх ёстой. УИХ-ын гишүүн хэрэгт холбогдсон гэдэг нэрийн доор төрийг тогтворгүй болгох, гишүүний эрхэд халдах асуудалд туйлын болгоомжтой хандаж, томъёолол хийх ёстой” хэмээн мэдэгдэж байлаа. Нэг нь бүр “Гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэх тохиолдолд бүрэн эрхийн хугацаа дууссаны дараа хэргийг эргүүлэн сэргээдэг зохицуулалт байдаг шүү дээ. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, гэмт хэрэгт холбогдуулан шалгах нь цаад утгаараа төрийн дархлааг бууруулах, төрийг хүчгүй болгох талтай” гэж хэлж асныг санаж байна. Энэ бол УИХ-ын гишүүдийн өнөө хүртэл ард иргэдийнхээ толгойг эргүүлэхийн тулд хэрэглэсээр ирсэн заль мэх. Нэг л гишүүнийг эргүүлэн татах юм уу, эсвэл эрхийг нь түдгэлзүүлчихвэл дараа нь өөр дурын гишүүнийг ямар нэгэн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа нэрээр унагадаг болох замыг нээнэ гэж тэд баталдаг.
Үнэндээ ингэх магадлал бий. Гэвч УИХ-ын гишүүний халдашгүй эрх гэж ярьсаар байгаа нөхцөлд түүний төлбөрийг ард түмэн төлсөөр байх болно. Халдашгүй эрх гэгчийн дор юу ч хийж болно гэж боддог улстөрчдийг хазаарлахгүйгээр Монгол Улсад хуулийн тэгш үйлчлэл гэж ярих боломжгүй. Хуулийг дээдлэх зарчим устана. Тэгвэл Монгол Улс огт хууль үйлчлэхээ байсан орон биш. Улсын хэмжээнд 6000 гаруй иргэн гэмт хэрэг хийсний улмаас шоронд хоригдож байна. Тэдний дийлэнх нь өмчийн эсрэг хэргээр ял эдэлж буй. Гэтэл тэрбум, тэрбумаар л төрөөс хулгай хийсэн, мөнгө шамшигдуулсан, авлига авсан, тендер, ЖДҮ, концесс зувчуулсан улстөрчдөөс ял эдэлж буй нь нэгээхэн ч алга. Эсрэгээрээ тэд төрийн ордонд заларч суугаа нь энэ улс орны хамгийн том эмгэнэл.
Өнгөрсөн хугацаанд ял шийтгэл хүлээж, шоронд суусан улстөрч хуруу дарам цөөн бий. Гэвч хийсэн хэрэг, идэж уусан хөрөнгө мөнгөтэйгээ дүйцэх ял шийтгэл хүлээсэн үү гэдэг эргэлзээтэй. Бас л олон жишээ дурдаж болно л доо. Саяхных гэвэл “Эрдэнэс Монгол” компанийн захирлаар ажиллаж байсан Д.Хаянхярваа авлигын хэрэг нь нотлогдсон гэх атлаа хэдхэн сая төгрөгөөр торгуулаад өнгөрсөн тохиол бий. Түүнээс өмнөх ийм тохиолдол ч хэдэн арав л даа. Ер нь улстөрчдөд үүсгэх хэрэг эхлэхдээ сүржин, төгсөхдөө даржин болж төгсдөг жамтай.
Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарын авлига, албан тушаалын гэмт хэрэг 15 хавтас баримтаар нотлогдсон гээд л шуугиж, түүнийг шоронд хүртэл хорьсон боловч өдгөө УИХ-ын зөөлөн сэнтийд суугаад байжихуй. Түүнийг хорих үед мөн л Д.Гантулгатай адил маргаан өрнөсөн. Харин тэр үед гарсан үндэслэлтэй нэг тайлбар нь “Ж.Эрдэнэбат нь цагдан хоригдох үедээ УИХ-ын гишүүний халдашгүй байдалтай байсан гэх ч тэр нь эрх зүйн ойлголтын хувьд УИХ-ын гишүүний эрхийг хамгаалдаггүй, харин УИХ-ын үйл ажиллагааны чадамжийг хамгаалдаг” гэх ойлголт юм. Цаашид энэ ойлголтоор л чиг баримжаагаа хийвэл зохилтой мэт.
Улстөрчдөөс өөрсөдтэйгээ хариуцлага тооцох хуулийг баталж өгөхийг хүсэх нь үнэндээ хэзээ ч биелэхгүй хүсэл байх. Хэдийгээр улстөрчдөд хариуцлага тооцох хуулийн заалтууд мэр сэр батлагддаг ч УИХ-ын гишүүд тэдгээрийг өөрсдийн хүсэлд нийцүүлэн хумидаг, хасдаг, танадаг нь нууц биш. УИХ-аар батлагдан гарч байгаа хуулиудыг судлахад ихэнх алдаа нь зориуд буюу санаатай сэдлээр батлагдсан байх нь олонтаа. Үүний ганцхан жишээ нь ЖДҮХС-гийн хууль эрх зүйн орчин юм. УИХ-ын гишүүд эхэлж хуулиа баталж, аваад, дараа нь тухтайхан зээлээ хувааж авсан байдаг. Харамсалтай нь үүнийхээ төлөө хэн нь ч хариуцлага хүлээгээгүй.
Сүүлийн үед тэдний заль мэх улам л төгөлдөржиж буй. Өөрсдөдөө хуулийн хариуцлага тооцох боломжийг бүрдүүлэхээс зайлсхийж, ёс зүйн хариуцлага гэгч зүйлийг сэдэх болсон. Ёс зүйн хариуцлага нь гэмт хэрэгт оноодог ял шийтгэл биш юм. Харин хор хохирол нь олон нийтэд төдийлөн хамаатахгүй, тухайн хувь улстөрчийн соёл, ёс суртахуунтай илүү холбогдол зөрчил, алдаа дутагдал гэж ойлгож болно. Жишээлбэл, Өмнөд Солонгост иргэдийн жагсаалын үеэр завгүй гээд явсан төрийн сайд гольф тоглож байгаад хэвлэлийнхэнд баригдсан. Үүнийхээ төлөө тэр огцорсон. Японд парламентын гишүүн бусдын өмнөөс санал өгөх товчлуур дарж байгаад камерт өртөж, мөн л сайн дураараа огцорч байлаа. Энэ бол ёс зүйн хариуцлага. Гэтэл Монголын улстөрчид гэмт хэрэг хийчихээд түүнийхээ шийтгэлийг ёс зүйн хариуцлагаар хүлээгээд өнгөрөхийг санаархдаг.
2008-2012 оны парламентад УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн тухай хуулийн төслийг “Нээлттэй нийгэм” форумаас боловсруулан, олон нийтээр хэлэлцүүлж байв. Энэ үеэр УИХ-ын гишүүн бол нийгмийн зүтгэлтэн юм гэсэн тодорхойлолт ч гарч ирсэн. Гэвч хариуцлага гэхээр агзасхийдэг манай УИХ-ын гишүүд тус хуулийн төслийг батлах нь байтугай, хэлэлцээ ч үгүй. Гавьяат хууль Б.Чимид агсан нэгэнтээ “Парламентад суух эрхийг ард түмнээс олж авсан, тэдний нэрийн өмнөөс хууль тогтоох эрх мэдэлтэй болж байгаа гэдэг утгаараа өөртөө өндөр хариуцлага, хувь хүний үйл байдлын хувьд хатуу хязгаарлалтыг ухамсартайгаар сонгох ёстой юм” гэж ч ярьж байв. Уг нь ийм ёс зүйн дүрэм нь хуулиар шийтгэх боломжгүй зөрчлүүдэд л үйлчлэх учиртай. Ингээд хуулийн хариуцлага хүлээх нь байтугай, ёс зүйн хувьд ч хариуцлага хүлээхгүй том толгойлсон улстөрчидтэй болсноор Монгол Улс тун ч олон боломжийг тэдний гэм нүглийн төлөөсөнд алдах болсон билээ.
Одоо эргэн санахад, улс орныг хохироосон улстөрчид үргэлж хожсоор ирсэн байна. Оффшор бүсэд данстай улстөрчдийн хэн нь ч хариуцлага хүлээсэнгүй. УИХ-ын дэд дарга байсан С.Баярцогт ёс зүйн хариуцлага хүлээж дэд даргаасаа огцорсныг эс тооцвол шүү дээ. Оюутолгойн ашиггүй гэрээ байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нарыг яллагдагчаар татаж, шоронд хийсэн боловч тэд өдгөө авлигаар авсан байж болзошгүй асар их хөрөнгөтэйгээ хэвээр үлдэж, эрх чөлөөтэй аж төрж байна. Гэтэл хэдхэн жилийн өмнө 10 мянган төгрөг хулгайлаад 10 жилийн ял авдаг эмэгтэйн кэйсийг монголчууд мартаагүй. 26 сая төгрөгийн хохиролтой залилангийн хэрэг үйлдвэл 10 жил нэг хоногоос дээш хорих ял шийтгүүлэх хууль үйлчилж байна. Оюутолгойгоос учирсан хохирол эдгээртэй эн дүйцэхгүй гэж үү хэмээн эргэлзэхэд хүрнэ. Эрдэнэт үйлдвэр, Тавантолгой, Дубайн гэрээ зэрэг томоохон орд газар, олон улсын гэрээтэй холбоотой олон гэмт үйлдлийн цаана гол буруутай этгээдүүд болох улстөрчид нэр цэвэр үлдсээр байгаа нь хэр шударга вэ. Нэгэн цагт төрийн жолоо атгаж явсан хүмүүс эх орон, газар нутгаа худалдаж, улс орны эдийн засагт ноцтой хохирол учруулсан бол хариуцлага хүлээхгүйгээр энэ мэт өнгөрсөөр байх уу. Хожил зөвхөн улстөрчдөд байх энэ хувилбараас одоо татгалзах болоогүй гэж үү. Одоо асуултаа хариултаар солих цаг болсон.