Дүүриймаагийн “цахим” суурь

e-Mongolia хөтөлбөр одоогоор төрийн 60 байгууллагын 624 үйлчилгээг цахимжуулжээ. Цаашдаа төрийн 11 250 үйлчилгээг энэ системд шилжүүлэх төлөвлөгөөтэй. Иргэд цаг нар хэмнэдэг гээд e-Mongolia хөтөлбөрт ам сайтай байгаа. Одоо харин энгийн нэг асуулт тавья. Төрийн үйлчилгээ цахимд шилжсэнээр төрийн албан хаагчдын тоо хэдээр цөөрч, төсөв хэдэн төгрөгөөр хэмнэгдэв? Дээрх үйлчилгээнүүдийг үзүүлдэг төрийн албан хаагчдын гар өдөр өдрөөр хөнгөрч л байх учиртай. Хэтийн төлвийг нь харвал төрийн алба төсвөөс хумслах нь ч багасах биз.

Ажил алба нь багасаж буй төрийн албан хаагчид иргэдийн татвараар цалинждаг. 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийн байдлаар төрийн 4 147 байгууллагад 205 011 албан хаагч ажиллаж байжээ. Төрийн албан хаагчдын хоёр хувь нь улс төр, 10 хувь нь төрийн захиргааны, 22 хувь нь төрийн тусгай, 66 хувь нь төрийн үйлчилгээний гэдэг ангилалд багтдаг аж. Төрийн үйлчилгээ цахимжих хэрээр төрийн үйлчилгээний албаны орон тоо хорогдоно гэж бодтол...

Цахим хөгжил, харилцаа холбооны яам дэргэдээ “И-Монгол академи”-тай болсон байв. Энэ академи сардаа дунджаар 2.6 сая төгрөгийн цалинтай 149 хүний орон тоотой, 2022 оны төсөв нь 7.8 тэрбум төгрөг. Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэний ярьснаар тус академи “Өнгөрсөн долоо хоногт 21 аймгийн Засаг дарга нартай уулзаж, гэрээ байгуулсан. Өнөөдрийн байдлаар найман аймгийн 600 гаруй төрийн үйлчилгээг цахимжуулсан. Ирэх гуравдугаар сарын 01-ээс эхлэн Цахим хөгжил, харилцаа холбооны яам, И-Монгол академийн хамтарсан баг хөдөө, орон нутагт ажиллахаар бэлтгэж байна. Энэ багууд тухайн аймгуудын цахимжилт болон онцлогуудыг үнэлж, хэрхэн цахимжих зааварчилгаа гаргана. Аймгуудыг цахимжуулах ажлын хүрээнд хөдөө орон нутгийн иргэдийн цахим ур чадварыг сайжруулах зорилгоор үе шаттай сургалт зохион байгуулна. Мөн “e-Mongolia” систем иргэд, олон нийтэд заавар, зөвлөгөө өгөх төвийг аймгуудад байгуулахаар төлөвлөж байгаа” ажээ. Ингээд “И-Монгол академи” “Цахим жишиг аймаг” хөтөлбөр хэрэгжүүлж 21 аймгаас нэгийг нь тодруулах гэнэ.

“Ховор хүмүүс” киноны “Дүүриймаагийн үлгэр жишээ суурь” гэдэг шиг сонстов. e-Mongolia өнөө хүрсэн бэлээхэн туршлага, бас дээр нь чиглэлийн яамтай болчихоод тусад нь академи байгуулж 7.8 тэрбумыг зарцуулан “Цахим жишиг аймаг” уралдаан зарлахын ач холбогдлыг ойлгох ухаан дутав. Гэхдээ Н.Нямдаваа найруулагчийн киноны Дүүриймаа нь төлөөлөгч дагаад хот руу алга болж, сумынхаа тарчигхан төсвөөс харамгүй барьсан шил толин өвөлжөө нь хаягдаж хоцордгийг бол сайн санаад байна.

"Ховор хүмүүс". Монгол кино үйлдвэр. 1987 он. Найруулагч Н.Нямдаваа 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)