Нийслэлийн гудамж, талбайд золбин нохой, муур зоолж, хүмүүсийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулж байгаа талаарх асуудал олон жилийн өмнөөс хөндөгдсөн. Үүнийг цэгцлэхийн тулд нийслэлийн төсвөөс багагүй мөнгө төсөвлөж, цөөнгүй жил ажиллав. Гэвч гүйцэтгэл нь алдаа, адармаатай байгаагийн улмаас амьтны ч, хүний ч эрх зөрчигдөж, төсвийн мөнгө үргүй зардал болсоор байна.
250-300 мянган эзэнгүй муур, нохой тэнүүчилж байна
Нийслэлийн хэмжээнд 300-350 мянга орчим гэрийн тэжээвэр нохой, муур бий. Эдгээрийн 80 гаруй хувь нь нохой, 20 орчим хувь нь муур аж. Эндээс харахад, энэ төрлийн амьтан тэжээж буй өрхийн тоо цөөнгүй байгаа юм. Статистик сөхвөл, гэр хороололд амьдарч байгаа айлуудын 50 гаруй хувь нь, орон сууцны өрхийн 10 гаруй хувь нь нохой, муур тэжээдэг аж. Гэвч тэдний олонх нь амьтдад хүнлэг бус, хариуцлагагүй хандаж байна. Муур, нохойг хүзүүвчээр дөнгөлөөд, хашаа эсвэл байрандаа хашдаг төдийгүй үр төлийг нь төөрүүлж, гудамжинд хаях явдал ч ужгирсан. Ийнхүү эзэн ч үгүй, ижил ч үгүй болсон амьтдын нэг хэсэг нь өлдөж, нөгөө хэд нь анчны гарт амь тавьж байна. Харин зарим нь тэнүүчилж, хүн, малын дайсан болоод буй. Энэ талаар “Тэжээвэр амьтны эрхийн төлөө сан” ТББ-аас гаргасан судалгаанд дэлгэрэнгүй дурджээ. Тус судалгаанаас харахад, гэр хорооллын айл өрхийн тэжээвэр нохой, муурын 88 хувь нь үржил хаалгаагүй, 77 хувь нь вакцин туулга хийлгээгүй байна. Мөн нохой, муур тэжээж буй иргэдийн ердөө 23 хувь нь амьтан тэжээх, арчлах мэдлэг, мэдээлэлтэй байгаа талаар онцолсон байв. Ийнхүү эзэд нь тэжээж буй амьтандаа болон үр төлд нь хайхрамжгүй хандаж буйн балгаар эзэнгүй нохой, муурын тоо толгой тогтмол нэмэгдэж байна. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 250-300 мянган эзэнгүй муур, нохой тэнүүчилж байгаа гэх статистик бий. Үүний балгаар нохойд хазуулж, гэмтэх хүний тоо ч буурахгүй байна. Зөвхөн 2020 онд 4000 орчим хүн нохойд хазуулж, эмнэлгийн байгууллагад ханджээ.
Амьтад амьдрах эрхтэй бас хэрэгтэй
Монгол Улсад тэжээвэр амьтны эрхийг хамгаалах, хангах эрх зүйн орчин дутагдалтай байна. Түүнчлэн амьтан тэжээж буй иргэдээс хариуцлага нэхэх, шаардах боломж хугас байгаа юм. Үүний улмаас нохой, муурын тоо толгой хяналтгүй өсөж, амьтад амь дүйсэн нөхцөлд аж төрж байна. Уг нь 2017 онд Захирагчийн ажлын албанаас амьтан хамгаалах тухай журам батлуулсан ч тухайн үеийн хууль, дүрэмтэй нийцэхгүй гэх шалтгаанаар Хууль зүйн яам бүртгээгүй аж. Амьтны эрхийг хамгаалах, хангах тухай анхны оролдлого ийнхүү бүтэлгүйтсэн байна. Харин “Азтай савар” төрийн бус байгууллагаас “Амьтад амьдрах эрхтэй” төслийг 2020 оноос хэрэгжүүлж эхэлжээ. Улмаар нохой, муур зэрэг амьтан тэжээдэг хүмүүст хариуцлага үүрүүлэх тогтолцоог сайжруулах, амьтдын эрхийг хамгаалахад хууль эрх зүйн орчин бий болгох зорилгоор хуулийн төсөл боловсруулжээ.

“Азтай савар” ТББ-ын байгуулсан “Тэжээвэр амьтны эрхийн төлөө сан” ТББ нь 2020 оноос эхлэн Монгол Улсын гэрийн тэжээвэр амьтадтай холбоотой аливаа харилцаа, асуудлыг хуулийн хүрээнд зохицуулах, нохой, муур тэжээдэг хүмүүсийн хариуцлагын тогтолцоог сайжруулах эрх зүйн орчин бий болгох зорилготой ажиллаж байна. Улмаар амьтан хамгаалах хуультай болохыг олон нийтэд уриалах зорилготой “Амьтад амьдрах эрхтэй” төслийг хэрэгжүүлж байгаа. Хүмүүсийн хариуцлагагүй байдлын улмаас жил бүхэн олон мянган амьтан эзэнгүй хаягдаж, гудамжинд үржиж байна. Үржлийн асуудлыг шийдвэрлэхийн тулд буудаж устгадаг бөгөөд үүнд үргүй зардал төсөвлөн зарцуулсаар байгаа юм. Тиймээс гэрийн тэжээвэр амьтан тэжээх олон улсын жишиг стандартад нийцсэн журам, стандарттай болох зайлшгүй шаардлагатай тулгарч буй.
Хөнөөхөөсөө өмнө хүн ёсоор хандъя
Эзэнгүй нохой, муурыг иргэдэд халгүй байлгахын тулд тоо толгойг нь цөөлөхөөс өөр аргагүй. Гэхдээ цөөлнө гэдэг нь буудаж хөнөөгөөд, булж устгахын нэр биш юм. Ингэж устгах нь хэтэрхий харгис, хэтийдсэн хэрцгий арга бөгөөд үр дүнгүй шийдэл юм. Тиймээс дэлхийн ихэнх орон нохой, муурыг буудаж устгахаас татгалзаж, спей заслага хийх аргаар тэжээвэр амьтны тоо толгойг нь хязгаарлаж байна. Энэ нь амьтны ч, хүний ч эрхийг хангах хамгийн оновчтой зохицуулалт. Эдийн засгийн хувьд ч илүү өгөөжтэй. Өнгөц харахад, спей заслагын өртөг механик аргаар устгахаас илүү өндөр. Нэг нохой, муур буудаж хөнөөхөд 12 мянган төгрөг зарцуулдаг бол спей заслага хийхэд дунджаар 100-300 мянган төгрөг шаардлагатай байдаг. Гэхдээ нэг нохойд үржил хязгаарлах мэс ажилбар хийснээр ойролцоогоор 10 мянга гаруй нохойг буудаж устгахаас урьдчилан сэргийлэх боломжтой. Нохойг буудаж устгах аргыг халж, үржлийг нь хязгаарласнаар эзэнгүй нохой, муурнаас ангижирсан орон дэлхийд цөөнгүй бий. Тухайлбал, Тайландын Пукет хотод одоогоос 20 орчим жилийн өмнө 80 000 орчим эзэнгүй нохой, муур тоологдсон байдаг. Үүнээс хойш үржил хязгаарлах мэс ажилбар хийснээр дээрх тоо 6 000 болж багассан байна.
Бидний харгислал дэлхий “чихэнд” хүрэв
Монголчуудын ийнхүү тэжээвэр амьтанд харгис хандаж, эзэнгүй нохой, муурыг буудаж устгадаг хэрцгий үйлдэл дэлхийн “чихэнд” хүрч, шүүмжлэл дагуулаад байна. 1983 оноос хойш амьтан хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “In Defence of Animal” гэх олон улсын байгууллага албан ёсны цахим хуудсандаа “Монгол Улсыг амьтны эрхийг хамгаалах хууль батлахыг уриалж байна” гэх гарчиг бүхий нийтлэл байршуулжээ. Тус нийтлэлд эзэд нь тэжээвэр нохой, муурандаа үржил хязгаарлах арга хэмжээ авдаггүй, хариуцлагатай асран хамгаалагч Монголд цөөн байдаг талаар дурдсан байв. Мөн Монгол Улсад өнөө хэр амьтны эрхийг хамгаалах хууль, эрх зүйн орчин дутагдалтай байгааг онцолжээ. Түүнчлэн Дэлхийн мал эмнэлгийн байгууллагаас тэжээвэр амьтныг буудах, тогонд цохиулах, утах, живүүлэх, шатаах, зэрэг механик аргаар устгахыг эсэргүүцдэг байна. Түүнчлэн манай улсад энэ асуудлаа цэгцлэх шаардлагыг хоёр ч удаа хүргүүлж байжээ. Гэтэл бид өнөөг хүртэл буудаж устгаад, булж хаядаг хэвээр байна. Энэ ажилд жил бүхэн нийслэлийн төсвөөс 1.2 тэрбум төгрөг зарцуулдаг бөгөөд жилд 100 мянга гаруй нохой, муурыг буудаж хөнөөсөөр буй. Түүнчлэн нохой, муурыг сэг зэмийг устгахад мөн багагүй хөрөнгө зарцуулдаг байна.

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2016 оны тогтоолоор нэг нохойг 12 мянган төгрөгөөр тооцож устгах зардлыг тогтоосон байдаг. Энэ зардалд ажилчдын цалин, шатахуун, сумны төлбөр зэрэг ордог. 2021 онд нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд нийт 100 мянган нохой, муур устгасан. Энэ жил ч мөн нэг нохой, муурыг 12 мянган төгрөгөөр устгахаар тооцож, 1.2 тэрбум төгрөг төсөвлөсөн. Нохой, муурын сэг зэмийг устгах нь тусдаа ажил. Энэ ажлыг тохижилтын газар хариуцдаг. Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас 2017 оноос нохой, муурын тоо, толгойг цөөлөх зорилгоор спей ажилбар хийж эхэлсэн. Гэхдээ 2020 оноос хойш энэ ажил зогссон. Уг нь амьтан тэжээж буй иргэд нийгмийн хариуцлагын хүрээнд нохой, муурандаа энэ төрлийн мэс ажилбарыг хийдэг байвал зохимжтой. Гэвч манайд энэ төрлийн хууль эрх зүйн орчин байдаггүй. Гэхдээ энэ жилээс нохой мууртай иргэн, аж ахуйн нэгж ямар хариуцлага хүлээх ёстойг хуулийн хүрээнд зохицуулдаг болно гэж найдаж байна.
Буудаж хөнөөгөөд, булж устгаж байна
2012 онд төсвийн хөрөнгөөр золбин нохой, муурын сэг зэмийг устгах шатаах зуух суурилуулах төсөвт өртгийг 500 сая гэж тусгасан байдаг. Улмаар тус оны есдүгээр сард Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт шатаах зуух байршуулж, 2014 онд ашиглалтад оруулжээ. Гэвч хагас тэрбум төгрөгөөр бий болсон тус зуух одоо ажиллахгүй байна. Учир нь шатаах зуух ажиллуулахад их хөрөнгө шаарддаг аж. Тиймээс нэг нохойн сэг зэмд 1000-2000 төгрөг зарцуулж, хөрсөнд булсаар буй.

Устгасан нохой, муурыг Цагаан давааны хогийн цэгт булдаг. Уг нь шатаах зуух бий ч урсгал зардлыг нь дийлэхгүй байна. Өнгөрсөн намар нэг, хоёр сар сэг зэмийг шатаасан. Гэхдээ өртөг их өндөр гардаг. Тиймээс нүх ухаад, сэг зэмийг ариутгаад л булж байна. Өдөрт дунджаар 100- 200 муур, нохой устгадаг.
Ийнхүү хагас тэрбум төгрөгөөр барьсан шатаах зуух ашиг, тусаа өгөлгүй 10-аад жилийн нүүр үзэв. Энэ хугацаанд хэчнээн нохой, муурыг сэг зэмийг хөрсөнд булж, хаясан талаарх тоо, баримт хаана ч алга. Ямартай ч манай улс хөрсний бохирдлоороо дэлхийн тэргүүлдэг бөгөөд үүнд амьтны сэг зэм голлох нөлөө үзүүлдэг болохыг олон улсын байгууллагууд онцолж, гогцоодоод эхэлж. Тухайлбал, ДЭМБ-аас саяхан Зоонозын өвчин судлалын төвд “Танай улсад хөрсний бохирдол хэтэрсэн. Үүнд нүхэн жорлонгоос гадна тэжээвэр амьтны сэг зэм, ялгадас ихээхэн хувь нэмэр оруулж байна” гэсэн утгатай захидал ирүүлсэн байна. Ийнхүү эзэнтэй, эзэнгүй нохой, муурын асуудлаа шийдвэрлэж чадахгүй байгаагийн балгаар хөрөнгө, хүчээ барж, хүний эрх хийгээд амьтны эрхийг ч зөрчиж байна. Хөрс, усаа ч бохирдуулсаар буй. Тиймээс буудаж хөнөөдөг харгис, үр дүнгүй шийдлийг халж, дэлхийн жишигтэй дөхөж ажиллах шаардлагатай байна.